Уншиж байна ...

Серби, Монтенегро улсуудын нийслэлд Путин сонгогчдоос хамгийн бага санал авчээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зохион байгуулагдсан ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин бараг 88 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Тэгвэл гадаад орнуудад амьдарч буй иргэдээсээ тэр энэ удаа харьцангуй бага санал авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайлбал Серби улсын нийслэл Белград, Монтенегро (Черногор) улсын нийслэл Подгорица хотод Путин хамгийн бага санал авсан тухай “Агентство” агентлаг Оросын Сонгуулийн Төв Хорооны тоо баримт дээр үндэслэн мэдээлжээ.

Белград хотод сонгогчдын 10.84 хувь, Подгорица хотод 8.41 хувь нь одоогийн ерөнхийлөгчид саналаа өгсөн байна.

Харьцуулбал Путин 2018 оны сонгуулиар Белградад 83.14 хувь, Подгорицад 66.74 хувийн санал авч байжээ.

Энэ удаагийн сонгуулиар Алматы, Барселон, Ереван, Гаага, Буэнос-Айрес, Лондон, Нью-Йорк, Лиссабон зэрэг дэлхийн томоохон арван хотод Путин ялагдсан тухай “Агентство” мэдээлсэн байна.

“Ерөнхийдөө гадаад орнууд дахь бүх санал хураалтад Путин 2018 онд 85.02 хувийн санал авч байсан бол энэ удаагийн сонгуульд 72.3 хувийн санал авчээ. Өмнөх сонгуульд гадаад дахь сонгуулийн хэсгийн хороодын дундаж, улсын хэмжээний дунджаас давдаг байсан бол энэ жил эсрэгээрээ доогуур гарсан байна” гэж дээрх мэдээнд өгүүлжээ.

Путиний ялалт байгуулсан гадаадын хотуудад Баку, Истанбул, Вашингтон, Бонн, Берлин, Марсель, Торонто, Рио де Жанейро, Сөүл болон бусад 11 томоохон хот багтсаныг мэдээлсэн байна.

Тухайлбал Герман улсад Путин 44 хувиар ялалт байгуулж, өрсөлдөгч Владислав Даванков 37.16 хувиар удаалжээ.

Бусад нэр дэвшигчид гурав хүрэхгүй хувийн санал авсан байна. Харин Лиссабон, Парисын сонгуульд Даванков ялжээ.

Гэхдээ Германы засгийн газар ОХУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус хэмээн үзэж, үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүйгээ Даваа гарагт мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Moscow Times