Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Макрон нар Ираны цөмийн хэлэлцээрийг шинэчлэх тухай үг цухуйлгав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-д гурван өдрийн айлчлал хийж байгаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны гол зорилго нь Дональд Трампыг 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс гаргахгүй байх явдал юм.

2015 онд АНУ, Европын Холбоо, ОХУ, Хятад, Герман улсууд Ираны цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрийг зогсоосны хариуд эдийн засгийн хоригийг багасгах хэлэлцээрийг Тегерантай байгуулж байв.

Хэлэлцээр нь 2025 он хүртэл үргэлжлэх нөхцөлтэй. 

Гэвч Обамагийн үед байгуулсан уг гэрээг Дональд Трамп эрс шүүмжилж, АНУ-ыг гэрээнээс гаргахаар сүрдүүлж байгаа. Тэрээр тавдугаар сарын 12-ноос өмнө Европын гүрнүүдийг гэрээг сайжруулах санал гаргахгүй бол өөрийн талаас цуцлахаа мэдэгдээд байна.

Хэрвээ АНУ уг гэрээнээс гарвал Иран улс цөмийн зэвсэг бүтээх ажлаа сэргээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Харин Европын гүрнүүд одоогийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх сонирхолтой байгаа.

Тиймээс Макроны айлчлалын гол зорилго нь Ираны асуудлаар Трамптай тохиролцоонд хүрэх юм. Герман канцлерь Ангела Меркель ирэх Баасан гарагт Вашингтонд айлчилж, мөн Трампыг гэрээнээс гаргахгүй байх талаар ярилцана.

Трампын гол шүүмжлэл нь 2015 оны гэрээ Ойрх Дорнодын бүс нутаг дахь террорист бүлэглэлүүдийг Тегеран дэмждэг явдлыг хязгаарлах заалт ороогүй гэж үздэг юм.

Бас Ираны талын уран баяжуулах үйл ажиллагааг бүрэн хориглоогүйг эсэргүүцдэг ажээ.

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Трамп “Бид илүү сайн, илүү том гэрээ байгуулах чиглэлд том алхам хийнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Тэр бас 2015 оны гэрээг “муу тохиролцоо” гээд “Одоогийн гэрээ нь Иемен, Сири зэрэг Ойрх Дорнодын бусад бүс нутгийн асуудлыг багтаасан байх ёстой” хэмээн шүүмжилжээ.

Харин Макрон бүс нутаг дахь Тегераны нөлөөний асуудал гэрээний нэг хэсэг байх ёстойг дэмжиж байгаагаа хэлсэн байна. Тэрээр Ойрх Дорнод, ялангуяа Сирийн асуудлыг багтаасан шинэ гэрээний талаар Трамптай ажиллаж байгаагаа энэ үеэр мэдэгджээ.

Трамп өмнө нь хэрвээ Иран улс гэрээнээс гарвал урьд өмнө үзэж байгаагүй хатуу үр дагавартай тулгарна гэдгийг Тегеранд хатуу анхааруулж байв.

 

Эх сурвалж: BBC