Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

NYT: Хойд Солонгосын хоцрогдсон нисэх онгоц Трамп, Ким нарыг Монголд уулзуулж болзошгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ийм агуулгатай гарчиг бүхий өгүүлэл ”New York Times” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг бичсэн сэтгүүлч АНУ-ын дипломат албанд ажиллаж байсан ахмад мэргэжилтнүүдтэй удахгүй болох Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт хаана болох боломжтойг хэлэлцсэн байна.

Уг хэлэлцүүлэгт Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, Тагнуулын Төв Газарт Солонгосын асуудал хариуцаж байсан шинжээч Сью Ми Тэрри, Хятадад суух АНУ-ын элчингээр ажиллаж байсан Дэвид Ранк, Жон Хопкинсийн их сургуулийн Солонгос судлаач Жоел Вит нар оролцжээ.

Тэдний үзэж байгаагаар Швед, Швейцарь зэрэг төвийг сахисан Европын орнуудад уг түүхэн уулзалт болох боломж хомс, учир нь Хойд Солонгост холын аялал хийх нисэх онгоц байхгүй байгаа гэнэ.

Энэ шалтгаанаар Европ төдийгүй АНУ-д уулзалтыг зохион байгуулах боломжгүй гэж тэд дүгнэжээ. Мэдээж арилжааны (нийтийн) онгоцоор зорчих, бусад улсаас онгоц гуйхгүй бол шүү дээ.

Уулзалт Солонгосын хойгт болох хувилбарыг судлаачид мөн үгүйсгэсэн байна. Хэдийгээр энэ хувилбар Ким Жон Уны хувьд асуудалгүй боловч Трампын таалалд нийцэхгүй гэж тэд дүгнэжээ. Пёньянд очиж уулзах нь Трампын хувьд хэт хүндлэл болж, Ким Жон Уны өмнө бөхийсөн хэрэг болно. Хилийн Панмунжом хотод хийх нь мөн л Трампын сонирхлыг татахгүй. Ингэх нь Трампын өнцгөөс харвал уулзалтын сүрийг бууруулна гэж судлаачид хэлж байна.

Бусад хувилбаруудад Орос, Хятад, Япон, Вьетнам, Сингапур улсууд яригджээ. Орос, Хятадтай харилцаа сайнгүй байгаа энэ үед Трамп-Кимийн уулзалт эдгээр оронд болох боломж байхгүй. Энэ чухал уулзалтыг Хятадын тусламжтай хийж байгаа мэт мессэж дэлхий нийтэд өгөх нь Америкийн талд таалагдахгүй.

Япон бол Хойд Солонгостой эртнээс харилцаа муутай оронд тооцогддог. Азийн бусад орнуудад болох хувилбарыг ч тэд үгүйсгэсэн байна.  Энэ дундаас Монгол улс гарцаагүй хамгийн боломжит хувилбар болж байгааг тэд санал нэгтэй хэлжээ.

“Бүх талуудад улс төрийн хувьд хамгийн тохиромжтой газар нь Монгол улс, Улаанбаатар хот болж байна. Монголчууд ч өөрсдийгөө Азийн Швейцарь гэж нэрлэх дуртай шүү дээ” хэмээн ноён Вит дүгнэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: New York Times