УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Тогтоолын төслийн танилцуулгад “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан цахим шилжилтийн асуудлуудад төвлөрөн ажиллуулах шаардлагатай байна.
Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах “Цахим бодлогын түр хороо”-г байгуулснаар дээрх асуудлууд эергээр шийдэгдэнэ гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан болно” гэсэн байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс