Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун K-pop хамтлагийн фэн болохоо харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын k-pop охидын хамтлаг Red Velvet хойд хөршдөө нэгэн шинэ фэнтэй болсон нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ажээ.

Тэрээр Ням гарагт ажлын хуваариа өөрчлөн байж тус хамтлагийн Пёньянд хийсэн тоглолтыг үзэж сонирхсон байна.

Хоёр Солонгосын харилцааг сайжруулах ажлын хүрээнд Өмнөд Солонгосын урлагийн баг Пёньянд хоёр удаагийн тоглолтоо үзүүлж байгаа юм.

Тоглолтын дараа Red Velvet хамтлагийнханд онцлон талархлаа илэрхийлсэн Ким Жон Ун “Би Red Velvet-ийн тоглолтыг үзэхийг хүсэж байсан. Эхэндээ би хоёр дахь өдрийн тоглолтод очихоор төлөвлөөд байсан ч ажлаа зохицуулаад эхний тоглолтонд ирлээ” гэж ярьсан байна.

Red Velvet хамтлаг түүнд “Bad Boy”, “Red Flavour” зэрэг Хойд Солонгосын хэмжүүрээд задгайдуу дуунуудаа дуулж үзүүлсэн юм.

 
 

Ким Жон Ун “Пёньяны иргэдэд ийм бэлэг барьсанд талархаж байна” гэж хэлээд тэдэнтэй хамт зургаа авхуулжээ.

Тэр бас хоёр Солонгосын урлагийн арга хэмжээг цаашид тогтмолжуулах хүсэлтэйгээ хэлээд ирэх намар өөрийн урлагийнхныг Өмнөд рүү илгээнэ гэж амласан байна.

Хоёр цаг үргэлжилсэн тоглолтыг Ким Жон Унаас гадна түүний эхнэр, дуучин асан Ри Сол Жу, охин дүү Ким Ё Жон, төрийн хоёрдугаар хүн гэгддэг Ким Ён Нам нар алга ташин үзэцгээжээ.

Red Velvet хамтлагийн нэг гишүүн Еригийн хэлснээр Хойд Солонгосын үзэгчид тэдний тоглолтын үеэр маш хүчтэй алга ташиж, дууг нь даган дуулж байсан гэнэ.

Хэдийгээр гадны соёлын нөлөөг хязгаарладаг ч Хойд Солонгосчуудын дунд Өмнөд Солонгосын урлаг соёл хүчтэй нөлөө байгааг энэ тоглолт харуулсан байна.

 

Эх сурвалж: AFP