Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэлд хоногшсон Монгол дуунууд жазз хөгжмийн аялгуугаар эгшиглэх нь ...

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг https://www.facebook.com/DubarZz/ хуудсаас ашиглав,

Сонгодог болон үндэсний хөгжмийн боловсрол олгодог Хөгжим Бүжгийн Коллеж (одоогийн Консерватори) Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 2014 онд Улаанбаатар дахь Гёте хөгжмийн Танхим (GMUB)-ыг үүсгэн байгуулснаар Монголын анхны жазз хөгжмийн сургалтын төв болсон түүхтэй.

GMUB төслийн хүрээнд 2015 онд Улаанбаатар Гёте хөгжмийн танхимыг үндэслэгч Мартин Зенкер өнгөрсөн зууны Монголын хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн “эцэг” С.Гончигсумлаагийн туурвилыг алдаршуулахаар “Гончигсумлаа төсөл” эхлүүлсэн байна. Тус төслөөр Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн жазз хөгжимтэй хослуулан, тус бүрийн онцлог шинжийг агуулсан хөгжмийн урсгалыг бий болгох зорилготой ажиллаж буйн нэг хэсэг “Mongolian Songs Meets Jazz” тоглолт байлаа.  

Тодруулбал, энэ сарын 21-ний Лхагва гарагт Улсын Филармонийн концертын танхимд “Mongolian Songs Meets Jazz” тоглолт болж өндөрлөлөө.

 
Гэрэл зургийг https://www.facebook.com/DubarZz/ хуудсаас ашиглав,

“Гончигсумлаа төсөл”-ийн хүрээнд залуу дуучин Эрхэмбаярын Энхжаргал (Энжи) дэлхийн тэргүүлэх хөгжимчидтэй хамтран Германы алдарт “Enja Records”-д өөрийн “Mongolian song” жазз цомгоо бичүүлэн гаргасан нь Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал болов. “Mongolian Song” цомогт анх удаа Монголын үндэсний хөгжмийг орчин цагийн жазз стильтэй нэгтгэсэн бүтээлүүд төрөн гарсан юм.

 
Гэрэл зургийг https://www.facebook.com/DubarZz/ хуудсаас ашиглав,

“Mongolian Songs Meets Jazz” тоглолтонд Энжи Гончигсумлаа агсны Монголын ард түмний сэтгэлд хоногшсон “Дэнжийн ногоо”, “Чамайг үдье”, “Өргөн хангайн нутаг” гэх уран бүтээлүүдээс дуулж сонирхууллаа. Мөн монголын залуу жазз хөгжмийн “Jazz Train” хамтлагтай хамтран тоголсон шинэлэг содон тоглолт байв.

Дуучин Энжи Гёте хөгжмийн танхимын анхны төгсөгчдийн нэг. Тэрбээр Мюнхен хотын Хөгжим театрын их сургуульд жазз дуучны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхлээд байна. Түүний багш, энэхүү тоглолтын хүндэт зочин Анне Чиковски бол олон улсын жазз хөгжмийн салбарт амжилттай явж буй скат (skat) болон дуулалтын өвөрмөц хэв маягаараа дэлхийд танигдсан дуучин юм. Энэ удаагийн тоглолт монголын болон олон улсын нийт дуучин, хөгжимчдийн хүч хөдөлмөр шингэсэн гурван жилийн хамтын ажиллагааны үр дүн гэж тоглолтыг зохион байгуулагчид онцолж байлаа.

Монголын залуу жазз уран бүтээлчдийг дэмжиж, гадаадын томоохон уран бүтээлчдийг Улаанбаатар хотод урьж туршлага хуваалцдаг, GMUB төсөлтэй хамтран ажилладаг Жазз лаборатори (Jazz Lab) төрийн төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Т.Мандхайтай Монгол улс дахь жазз хөгжмийн ирээдүйн хөгжлийн талаар товч ярилцлаа.

- Монголын дуу хөгжмийн салбар, ялангуяа жазз хөгжмийн төрөлд сүүлийн хэдэн жилд маш их хөгжил дэвшил харагдах боллоо. Энэ талаар өөрийн бодлоосоо хуваалцахгүй?

- Хөгжмийн урсгал болгонд өөрчлөлт, дэвшил байдагтай адил Монгол дахь жазз хөгжмийн урлагт сүүлийн гурван жилийн хугацаанд том дэвшилтүүд гарсан. Бид нэг зүйлд баригдахгүй хүрээгээ тэлж суралцаж байна. Хамгийн их жазз хөгжимчид болон сонсогчидтой АНУ, Солонгос, Япон болон Герман гэх улсуудаас туршлагатай уран бүтээлчид ирдэг. Тэд ирэх болгондоо үргэлж шинэ зүйлс бидэнд өгдөг. Тэр болгонд манай жазз хөгжмийн салбар шинээр сурч, мэдэрч, хүрээгээ тэлж байдаг.

- Монгол дууг жазз хөгжмийн хэлбэрт хөврүүлсэн удаа өмнө нь бий юу?

- Бидний мэдэх Баянмонгол жазз хамтлаг бол маш мундаг эртний хамтлаг. Биднээс өмнө мундаг стандартуудыг оруулж, өөрсдийн гэсэн урын сантай тоглодог байсан. GMUB төслийн дарга Б.Мөнхбаяр мөн олон нийтэд алдартай болсон Монголын поп-дуунуудыг жазз хэлбэрт оруулж байсан. Үүнээс харахад Монгол дахь жазз хөгжим зогсолтгүй хөгжиж, урагшилж байгааг харуулж байна.

- Та бүхний хэрэгжүүлж буй GMUB, Jazz Lab төслүүд маш амжилттай хэрэгжиж байна. Цаашид хэрхэн илүү дэвших боломж байна гэж та харж байна вэ?

- GMUB төсөл анх дөрвөн жилийн өмнө хэргэжиж эхэлсэн. Төслийн хугацаанд оюутнуудын тоо эрс нэмэгдсэн. Уран бүтээлчдийн өөрсдийх нь сонсдог, сонирхдог болон дуулдаг жазз стандартууд өөрчлөгдөж дээшилж дэлхийн хэмжээ рүү орсон гэж хэлж болно. Мөн GMUB төсөл жазз хөгжмийн дөрвөн жилийн сургалттай бакалаврын зэргийн хоёр дахь элсэлтээ авч сургаж байна. Монголд стандартын дагуу сургалттай, маш олон гадаадын зочин багш нартай суралцаж дөрвөн жилийн турш жазз хөгжмөөр мэргэшиж сурч байна. Тэгэхээр бид жазз хөгжмийн ирээдүй хойч үеийг маш сайн бэлдэж байна гэсэн үг. Ирээдүйд бидний тус төсөл улам өргөжих байх гэж найдаж байна.