Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон: Скрипаль шиг хүнийг хордуулж байх хэрэгтэй гэж Путин хэлж байсан удаатай

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

Их Британийн эрх баригчид Солсбери хотод Оросын тагнуулын нууц албаны ажилтан асан Сергей Скрипалийг учир битүүлэг байдлаар хордуулсан явдлын хариуд улсынхаа нутаг дэвсгэрээс Оросын нэр бүхий 23 дипломатчийг гаргах шийдвэр гаргасан юм. Оросын нууц албаны ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэг Лондон, Москвагийн хооронд дипломат дайн дэгдээсэн байна.

Их Британийн Засгийн газар Скрипалийн хэрэгт Оросын талыг буруутай гэж үзэн, Москвагаас албан ёсны тайлбар хүсэж байгаа ч Кремль өөр улс орны нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хэрэгт ямар ч хамааралгүй гэж мэдэгдсээр байгаа юм. Их Британи Оросын энэхүү үл тоомсорлосон байр суурийн хариуд өөрийн нутгаас Оросын 23 дипломат ажилтныг гаргах шийдвэр гаргасны дараа Москва ч мөн хариуд нь адил арга хэмжээ авч, Санкт Петербург дахь дипломат төлөөлөгчийн газрыг түр хааж, Английн 23 дипломатчийг гаргахаар болсон юм.

Тэгвэл Лондон дахь Оросын ЭСЯ-ны 23 ажилтныг тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн мягмар гаригт нутаг буцаажээ. Тэгвэл Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсоны ОХУ-ын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн талаар Борис Немцовын охин Жонни Немцовтой ярилцсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Та Сергей Скрипалийг хордуулсан хэргийн ард ОХУ байгаа гэж мэдэгдээд буй. Үүнийгээ нотлох баримт байгаа юу?

-ОХУ гэж болохгүй. Үүнийг мэдээж Оросын ард түмэн хийгээгүй. Харин Кремль байгаа гэж хэлэх нь зөв байх. “Porton Down” эмнэлгийн судлаачид Скрипалийг хордуулсан хорыг “Новичок" хэмээх бодис болохыг тогтоосон талаар мэдэж байгаа байх. Энэ бодис нь ОХУ-д байх хамгийн өндөр магадлалтай. Үүнээс гадна Ерөнхийлөгч Владимир Путин “Сергей Скрипаль шиг хүнийг хордуулж байх хэрэгтэй” гэж хэлж байсан тохиолдол бий. Энэ бүгдээс харахад энэ хэргийн ард Кремль бий гэдэг нь зайлшгүй.

-Ерөнхийлөгч Владимир Путинийг Скрипалийг хордуулах тушаал өгснийг батлах баттай баримт байгаа юу. Таны дээр дурдсан үг ОХУ-ын Ерөнхийлөгчийг шууд буруутгаж буй хэрэг л дээ?

-Энэ хэргийн хариуцлагыг хэн нэгэн зайлшгүй хүлээх шаардлагатай. Хэрэв Кремльтэй холбоотой батлагдвал Владимир Путин хариуцлагаас зугтааж чадахгүй.

-Гэхдээ та яагаад Британийн Засгийн газрын явуулж буй мөрдлөгийн хариу бүрэн гүйцэд гараагүй байхад энэ хэргийн ард Владимир Путин байгаа гэж итгэлтэйгээр хэлж байгаа юм бэ?

-Яагаад гэвэл бидэнд иймэрхүү асуудалтай тулгарч байсан гашуун туршлага олон бий. Одоогоос 12 жилийн өмнө Лондон хотод Александр Литвиненко амиа алдсан. Тухайн үед энэ бол маш том үйл явдал байв. ОХУ-ын холбогдох албаны хүмүүстэй хамтран шалгаж байсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Хэдийгээр Москватай хамтран ажиллахыг хүсэж байгаа ч Оросын эрх баригчид чин сэтгэлээсээ хэргийн учрыг тайлахыг хүсэж байгаа эсэхэд эргэлзэж байна.

-ОХУ-аас Европын Холбоонд суух байнгын төлөөлөгч Владимир Чижов сэтгэцэд нөлөөлөх тэрхүү бодис Британиас гаралтай, Портон Даун хот дахь Британийн Батлан хамгаалах яамны лабораторийнх байх магадлалтай гэж мэдэгдээд буй. Үнэхээр Их Британи уг химийн бодисын дээжийг эзэмшдэг үү?

-Би тэр залуугаас “Чи хэлж буй зүйлдээ үнэхээр итгэлтэй байна уу” гэж асуумаар байна. ОХУ сэтгэцэд нөлөөлдөг энэ бодисыг тээвэрлэх аргуудыг судалж байсан төдийгүй “Новичок” хэмээн нэрлэсэн энэ бодисын нөөцийг бүрдүүлсэн гэх сүүлийн 10 гаруй жилийн туршид цуглуулсан баримт бидэнд бий.

-Гэхдээ та өнгөрсөн ням гаригт хийсэн нэгэн мэдэгдэлдээ ОХУ-тай найрсаг харилцаатай байхыг хүсэж байна гэж мэдэгдсэн?

-Ерөнхий сайд Тереза Мэйн хэлснээр тэд болон бид сонголтоо хийсэн. Тэдэнд бид хугацаа өгсөн. Харин тэд юу ч хийгээгүй.

-Хэрэв Оросын мөрдөгчид хэргийн материалуудтай танилцахыг хүсвэл боломж олгох уу?

-Хэрэв тэд Химийн зэвсгийг хориглох байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө гэвэл материалуудтай танилцуулж болох юм. Тэдний юу хэлэх нь сонин шүү дээ.

-Их Британийн Засгийн газраас ОХУ-ын 23 дипломатчийг улсаасаа гаргалаа. Үүний хариуд ОХУ ч гэсэн Их Британийн 23 дипломатчийг улсаасаа гаргахаа мэдэгдсэн. Их Британийн ОХУ-ын эсрэг дахин ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?

-Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эхний ээлжинд Оросын дипломатуудыг албадан гаргана. Харин дараа нь Санкт-Петербург дэх Ерөнхий консулын газрыг хааж, Орос дахь Британийн зөвлөлийн үйл ажиллагааг зогсоож, тус улсын эсрэг дахин нэмэлт хориг арга хэмжээ авна.

Зураг