Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гаддафигаас санхүүжилт авсан хэргээр Саркози шалгагдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч асан Никола Саркозиг сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафигаас их хэмжээний мөнгө авсан хэргээр шалгаж эхэлжээ.

2007-2012 онд Францын ерөнхийлөгчийн албыг хашсан Саркози өчигдөр өглөө анх удаа Парисын баруун дүүрэгт орших цагдаагийн газарт очиж байцаалт өгсөн байна.

Түүнийг авлига, мөнгө угаалт, татварын асуудлаар мэргэшсэн мөрдөгчид байцаажээ. Саркозигийн энэ хэрэг нь Францын улс төрийн түүхэнд тохиолдож байгаагүй ховор хэрэг юм.

Түүнийг 2007 оны сонгуульд оролцохдоо Гаддафигаас 50 сая еврогийн санхүүжилт нууцаар авсан гэж сэжиглэж байгаа. Хуулийн дагуу сонгуулийн санхүүжилтийн дээд хэмжээ тухайн үед 21 сая евро байжээ. Тэрээр зөвхөн санхүүжилтийн дээд хэмжээг зөрчөөд зогсохгүй, улс төрийн үйл ажиллагаанд гадаадаас мөнгө авахыг хориглосон хуулийг зөрчсөнд тооцогдох юм.

63 настай Саркози одоогоор дээрх сэжгийг эрс үгүйсгэж байгаа. 2013 онд хэргийг анх нээсэн бол Саркози өчигдөр анх удаа байцаалт өгсөн байна.

Ливийн дэглэмтэй ойр ажилладаг байсан, Франц-Ливаны бизнесмэн Зиад Такеддин өөрийн биеэр цүнхтэй мөнгийг Саркозид хүргэж байснаа 2016 онд хэвлэлд ярьсан юм.

Үүний дараа хэргийг шалгах ажиллагаа эрчимжжээ.

Такеддин ярихдаа 2006 оны сүүл, 2007 оны эхээр Ливийн нийслэл Триполигоос Парис руу гурван удаа нисэхдээ бэлэн мөнгөтэй цүнх тээвэрлэсэн гэсэн юм.

Түүнд мөнгөтэй цүнхнүүдийг Гаддафигийн тагнуулын албаны дарга өгсөн гэж мэдээлж байв.

Ерөнхийлөгч болсныхоо дараа Саркози Ливийн удирдагчийг Парист урьж, дээд хэмжээний хүндлэл үзүүлж байжээ.

Гэвч 2011 онд Ливийн дэглэмийн эсрэг НАТО агаараас цохих ажиллагаа явуулахад Саркози тэргүүлэн оролцож байсан юм. 2011 оны гуравдугаар сард Гаддафигийн хүү Саиф аль Ислам Гаддафи “Сонгуулийн ажиллагаандаа ашиглахаар Ливиэс авсан мөнгөө Саркози эргүүлж өгөх ёстой. Бид түүний сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн, бидэнд баримт бий. Хамгийн түрүүнд энэ алиалагч авсан мөнгөө Ливийн ард түмэнд буцааж өгөх ёстой” хэмээн EuroNews сувагт ярьж байжээ. Энэ мэдэгдлийн дараа Саркози Ливийн эсрэг агаарын ажиллагаанд улам эрчимтэй оролцсон гэгддэг юм.

 

Эх сурвалж: The Guardian