Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Мэй, Меркель, Макрон нар хамтарч Оросыг буруутгасан мэдэгдэл гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Оросын экс тагнуулын ажилтныг охиных нь хамт химийн бодисоор хордуулсан явдалд Москвагийн эрх баригчдыг буруутгасан мэдэгдлийг АНУ, Их Британи, Франц, Герман улсуудын төрийн тэргүүнүүд хамтран гаргалаа.

Сергей Скрипал, түүний охин Юлия нарын амийг хөнөөх оролдлогод Оросын талыг буруутгахаас илүү үнэмшилтэй тайлбар олдохгүй байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британий ерөнхий сайд Тереза Мэй, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлерь Ангела Меркель нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Тэд дээрх хэргийг “Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Европт химийн зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол” гээд Оросын үйлдэл нь бүх талуудын аюулгүй байдалд заналхийлж байна гэж дүгнэсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Скрипалын аллагын хэрэгт Оросыг буруутгаж байгаагаа Британий ерөнхий сайд Тереза Мэй анх мэдэгдэж байв. Гэвч энэ дүгнэлтийг АНУ, Францын удирдагчид тухайн үед шууд дэмжихгүй байсан юм.

Лхагва гарагт Британий засгийн газар тус улсад ажиллаж байгаа Оросын 23 дипломатчийг албадан гаргахаар болсон. Үүний дараа АНУ, Франц, Германы удирдагчид Британитай хамтарсан мэдэгдэл гаргаж байна.

Пүрэв гарагт Дональд Трампаас сэтгүүлчид энэ тухай байр суурийг нь асуухад тэр “хэргийн цаана Оросууд байгаа нь тодорхой харагдаж байна” гэж хариулжээ.

Харин ОХУ-ын гадаад хэргийн яам Британий засгийн газрын байр суурийг шүүмжилсээр байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Британий ерөнхий сайд парламентдаа үг хэлэхдээ ОХУ, түүний ард түмнийг бүхэлд нь буруутгасан нь бодлогогүй алхам” гэж мэдэгджээ.

Тэр ОХУ удахгүй Британий эсрэг хариу арга хэмжээ авах нь гарцаагүй гэсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider