Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос Монголд нийлүүлэх эрчим хүчний саналын эхний хувилбар бэлэн болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов өнгөрсөн долоо хоногт болсон Байгал нуурыг хамгаалах хорооны хуралдаан дээр Монголд нийлүүлэх эрчим хүчний төслийн эхний хувилбар бэлэн болсныг мэдэгджээ.

Уг төсөл нь Байгал нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц байгуулах Монголын засгийн газрын төслийг зогсоож, оронд нь өрсөлдөхүйц нөхцөлтэй эрчим хүчийг Оросоос нийлүүлэх зорилготой юм.

Усан цахилгаан станц Монголд байгуулах нь Байгал нуурын эко системд сөрөг нөлөөтэй гэж Москва үзэж байгаа. Монгол улс эрчим хүчнийхээ дөрөвний нэг орчмыг импортлодог бол дотооддоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийхэээ 95 хувийг нүүрснээс гаргадаг.

Эрчим хүчний багтаамжаа өсгөж, Улаанбаатар зэрэг хот суурингуудын агаарын бохирдлыг шийдэх нь Монголын засгийн газрын зорилт болоод байгаа юм. Иймээс Сэлэнгэ мөрөн болон түүний салаа гол мөрнүүд дээр 315MW, 245MW, 100MW чадалтай дунд хэмжээний гурван усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.

Харин Москвагийн эрх баригчид энэ төслийн оронд зүүн Сибирийн усан цахилгаан станцуудаас хямд эрчим хүч нийлүүлэх санал тавьсан юм.

Эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа ч Оросоос Монголд нийлүүлэх эрчим хүч нь тус улсад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх боломжтой гэсэн нэгдсэн ойлголтод өнгөрсөн сард Улаанбаатарт айлчлахдаа хүрсэн гэж Цыденов ярьжээ.

Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар Оросоос авдаг Монголын эрчим хүч 21.2 хувиар өсөж, 288,000 MWh хүрсэн байна. Цыденовын баталснаар Оросын талын саналд их хэмжээний эрчим хүчийг Монголын төлөвлөсөн байгаа усан цахилгаан станцуудын нийлүүлэх эрчим хүчнээс 3.5 дахин бага тарифаар нийлүүлэх боломжтой гэжээ.

Ийм хэмжээний эрчим хүчийг дамжуулахад 500 кВ-ын хил дамнасан шугамыг $972 сая орчмоор байгуулах хэрэгтэйг ОХУ-ын эрчим хүчний түгээлтийн Россети компани тооцоолсон байна. Монголд байгуулах усан цахилгаан станцын төсөлд зориулж $1 тэрбумыг Хятадаас зээлэхээр 2016 онд хэлэлцэж байсан ч Москвагийн талын эсэргүүцлээс болоод Бээжин зээл өгөхөө түдгэлзүүлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Россети компани Орос-Монголын дамжуулах шугамын судалгааг эхлүүлсэн, хоёрдугаар улиралд бэлэн болно гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: NewsBase.Com