Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэмбэрэл: Иргэдийн төлөөлөгчийг цалинтай, хариуцлагатай болгоё

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар бүрийн тэргүүлэгч­дийг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн  зочноор Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Болдын Дэмбэрэлийг урилаа.

ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫГ ХЯНАХ ЁСТОЙ ХҮМҮҮС ЗАСАГ ДАРГЫН МЭДЛИЙНХ БОЛСОН

-Монгол Улсын хөгжлийн гарц нь монгол хүн, монгол төр байх ёстой. Түүнээс биш Монголыг гадны орон, уул уурхайн салбар, аль нэг дарга хөгжүүлэхгүй. Монгол Улс хөгжихийн тулд төр нь шударга байх ёстой. Баялгаа эрх тэгш хуваарилах ёстой. Төрийн албан хаагчид нь иргэдэд хуулийн дагуу үйлчилдэг байх ёстой.

Монгол Улс төлөөллийн засаглалтай. Иргэд төрд төлөөллөө сонгодог. Өөрөөр хэлбэл, УИХ, аймаг, дүүрэг, сум, хороондоо өөрийн төлөөллийг сонгодог. Иргэд сум дүүргийн ИХ-ын төлөөлөгч юу хийдэг вэ, бидний төлөө юу хийж чадах вэ гэдгийг мэддэггүй. Нөгөө талаас төлөөлөгч ажлаа ойлгуулж чаддаггүйтэй ч холбоотой. Энэ утгаараа Монгол Улсын хөгжлийн гарц бол анхан шатны байгууллагуудаас л эхэлнэ. Сум, дүүргийн түвшинд ярихад эрхзүйн хувьд статус нэг ч, хүн амын хувьд харилцан адилгүй.

Зарим сум 1,000 хүрэхгүй хүн амтай байхад манай Баянзүрх дүүрэг 355 мянга буюу улсын нийт хүн амын 11 хувь нь амьдардаг. Сум, дүүргийн төлөөлөгчид орон нутагт хуваарилагдсан төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргын дөрвөн жилийн ажлыг батлаад эргээд хянах үүрэгтэй юм. Засаг дарга тодорхой ажил хийнэ гээд мөнгө авсан. Түүнийгээ хийсэн эсэхийг шахаж шаардах үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй.

Мөн орон нутгийг хөгжүүлэх санал оруулж, тухайн орон нутагт үйлчлэх дүрэм журмыг гаргана. Товчхондоо гүйцэтгэх засаглалыг хянах үүрэгтэй хүмүүс нь төлөөлөгчид байдаг. УИХ-ын түвшинд Засгийн газарт үүрэг чиглэл өгч хяналт тавьдаг. Нийслэл, аймагт мөн адил Хотын даргад хугацаатай үүрэг өгнө.  Монгол Улсын нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд Засаг дарга, төлөөлөгчид хэрхэн зохицож ажиллахад дээрх  үүргийг хүлээж, эрх эдэлнэ.

Гэтэл өнөөдөр энэ хууль бүрэн хэрэгжиж төлөөлөгчид эрх, үүргээ биелүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Чамлалттай дүн гарна. Учир нь Засаг даргыг хянах ёстой иргэдийн төлөөлөгч Засаг даргынхаа доод албан тушаалд оччихдог. Тухайлбал,  дүүргийн Засаг даргын харьяаны Нийтлэг үйлчилгээний газрын дарга болчихоор яаж Засаг даргыг хянах юм бэ. Баг, хорооны Засаг дарга болчихоор дүүргийн даргын бүрэн удирдамжид ажиллана. Ингэж төлөөлөгчид Засаг даргын мэдлийн, харьяаны хүмүүс болчихоор орон нутаг хөгжих, ажлаа хийж байна уу гэж шахаж шаардах, төсвийг нь хянах ямар ч хяналтгүй болчихдог. Энэ нь цаанаа учир шалтгаантай.

 355 МЯНГАН ХҮНИЙ АСУУДЛЫГ ДОЛООН ТЭРГҮҮЛЭГЧ ШИЙДЭЖ БАЙНА

-Сум, дүүргийн төлөөлөгч нарт албан ёсны цалин байхгүй. Нийгмийн даатгал төлөгддөггүй учраас нийгмийн асуудлаа шийдвэрлэхийн тулд Засаг даргын доод албан тушаалд ажиллахаас аргагүй байдалд хүрдэг. Тиймээс нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулж төлөөлөгч зөвхөн үүрэгт ажлаа хийх ёстой. Гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, ард иргэдийнхээ дуу хоолойг төр засагт, шат шатанд нь хүргэх ажлаа л хариуцлагатай сайн хийх ёстой.

Ингэж ажиллуулахын тулд төлөөлөгчдийг албан ёсны цалинтай болгож, эрх үүргийг нь хуульд албан ёсоор салгаж тодорхой болгох шаардлагатай.Одоо бол урамшуулал нэрээр мөнгө авчхаад эргээд хариуцлага ярих нь сул байна. Хуулиараа 10 орчим мянган иргэнд нэг төлөөлөгч гээд үзэхээр 355 мянган хүнийг 41 хүн төлөөлж байна.  Иргэдийн төлөөлөгчдийг цалинтай, хариуцлагатай болгочихвол 41 хүн хуралдаж байгаад асуудлыг шийдвэрлэнэ.

Одоо бол 355 мянган хүний асуудлыг долоон тэргүүлэгч хуралдаад шийдэж байна. ИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох ёстой. Үүний дараа хариуцлагын асуудлыг хөндөх хэрэгтэй. Тухайн төлөөлөгч тойрогтоо ажилладаггүй, иргэдтэйгээ уулзаж саналыг нь сонсдоггүй бол эргүүлэн татаж, дараагийн хүнээр сольдог байх хэрэгтэй. Биеэ, гэрээ засчихсан, мэдлэг боловсрол, чадвараа улс орныхоо хөгжлийн төлөө зориулах хүмүүс төлөөлөгчид нэр дэвших  хэрэгтэй.

Иргэдийн төлөөлөгчийн дарга Засаг дарга биш иргэн сонгогчид байдаг. Иргэд төлөөлөгчөө хянаад ажлыг нь хийлгээд сурчих хэрэгтэй. Доод шатандаа авлига, албан тушаал, хүнд суртлыг  үгүй хийж байж улс орон хөгжинө.

 ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛД ХЯНАЛТ ТАВИХ БАГ ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ

БЛИЦ

Овог нэр: Болдын Дэмбэрэл

Төрсөн он сар: 1978 он.

Төгссөн сургууль: Удирдлагын академи

Мэргэжил: Төрийн удирдлагын магистр

Албан тушаал: Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

 

-Улс орны хөгжил анхан шатны байгууллагуудаас эхэлнэ гээд байгаагийн бас нэг учир нь сум, дүүрэгт улс төрийн намаас төлөөлөгч нэр дэвшдэгийг болиулах хэрэгтэй. Тухайн орон нутагтаа амьдардаг, зовлон жаргалыг нь мэддэг хүн байх ёстой. Одоо бол сум, дүүрэг, баг хороонд улстөржилт дээд цэгтээ хүрсэн. Засаг дарга нар иргэдийгээ намын үзэл бодол, эд хөрөнгөөр нь ялгаварладаг бодит жишээ олон бий.

Ялагдсан намын ахмадууд төрөөс халамжийн үйлчилгээ авч чадахаа больдог. Засаг дарга дээрээ орох ч эрхгүй, тодорхойлолт авч чадахгүй байх жишээтэй. Иргэдийн хяналт байх ёстой иргэдийн төлөөлөгч намаас сонгогдож намын төлөөлөл болчихоор хоёр намын дунд иргэд хохирч байна. Үүний тод жишээ бол Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш одоо болтол Засаг даргаа томилж чадаагүй. Иргэдийн хурал нь хоёр дарга, хоёр тамгатай.

Газрын албаны нэг дарга нь тамгагүй мөртөө өрөөтэй. Нөгөө дарга нь өрөөтэй тамгагүй. Хоёр жилийн турш газрын асуудлыг шийдэж чадахгүй иргэдийг чирэгдүүлж байна. Хоёр намынхан нийлж хуралдаж чадахгүй хэрэлдээд суудаг. Тиймээс нам гэж талцахгүйгээр зөвхөн иргэдээ төлөөлөх улс төрөөс хараат бус эрхзүйн орчныг бий болгох шаардлагатай байна. Тэртэй тэргүй ялсан нам засаглалаа аваад явж байгаа нөхцөлд гүйцэтгэх засаглалд хяналт тавих баг хүчтэй байх ёстой. Ингэж байж сум, дүүрэг хөгжинө.Эндээс төлөөлөгч хүн юу хийж чадах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Төлөөлөгч хүн ямар эрх, үүрэгтэй вэ гэдгийг ярихаас илүүтэй иргэн ямар эрхтэй нь чухал. Надад тулгамдсан асуудлыг миний өмнөөс  шийдээрэй, орон нутагт төсөвлөсөн мөнгийг бидний өмнөөс зарцуулаарай гээд санхүүгийн итгэмжлэл өгч байна. Хоёрдугаарт, төр засагт миний дуу хоолойг хүргээрэй, нутаг орныг бүхэлд нь хамгаалаарай гэсэн итгэмжлэл өгч тэр хүнийг сонгож байна. Өөрөөр хэлбэл, иргэн орон нутгаас сонгогдсон төлөөлөгч рүүгээ утасдаж тулгамдсан асуудлаа хэлж, шийдүүлэх эрхтэй юм.

Хамгийн наад захын жишээ гэхэд газар авмаар байна гэж дүүргийн газрын албаар хөөцөлдөхийн оронд тэнд ийм газар авмаар байна, тусгай хамгаалалттай газар болгож өгөөч гэдгийг  төлөөлөгчдөө хэлэх хэрэгтэй.  Энэ асуудлыг төлөөлөгч батлуулаад явах хуулийн зохицуулалттай. Төлөөлөгчид юм хийе, бүтээе гэсэн сэтгэл байх юм бол орон нутгаа хөгжүүлэхэд юуг ч хийж чадна.

 УТАА, ТҮГЖРЭЛ, ЛОЖИСТИКИЙН АСУУДАЛД ДЭЛХИЙТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 – Гэр хорооллынхноос утаа их гарч байгаа учраас утаа гаргасан айлыг торгох талаар дээр, дооргүй ярьж эхэллээ. Түүхий нүүрс оруулж ирэхийг зогсооё гэж байна. Тэгсэн мөртлөө төр, засаг коксжуулсан нүүрс, утаагүй түлшээ өгч чадахгүй байна. Айлын яндангаас утаа гарч байна гэдэг бол тэр айлд амьдрал буцалж байна гэсэн үг. Харин Улаанбаатарт байгаа уурын зуухтай аж ахуйн нэгжүүдийг болиулах хэрэгтэй.

Хотын төвд нэг сая ам.долларын үнэтэй  газрын манаачид гэр бариад нүүрс түлж байгааг яагаад ярихгүй байна вэ. Ялангуяа, тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол, том зах худалдааны төвүүдийн уурын зуухыг зогсоож цахилгаан халаалт, газаар шийдэх хэрэгтэй. Дэлхий нийт дулааныг газаар шийдэж байна. Солонгосоос орж ирж байгаа газаар ажилладаг машинуудыг яагаад татвараас хөнгөлж болохгүй гэж. Том оврын автобусуудыг газаар явдаг болгох хэрэгтэй.

Хотод сая гаруй иргэн өглөөнөөс орой хүртэл 12 цагийн турш бужигнаж байна. Шөнийн цахилгааны тарифыг тэглэчхээд байхад үйлдвэрүүд шөнө ажиллаж болно. Татвараас нь хөнгөлөөд өгөх хэрэгтэй. Улаанбаатарт байгаа ложистик буюу түгээлт түгжрэлд маш их саад учруулж байна. Ундаа, ус, талх, чихэр гээд хүнсний түгээлт бүгд нэг ижил жижиг машинтай. Нэг хүнсний дэлгүүрт  4-5 машин очдог. Эднийг нэгдсэн сүлжээнд оруулж болно. Хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийчихнэ. Нэг агуулахад бараануудаа буулгаад нэг чиглэлд явж бараа тараах машин ус, ундаа, талх чихэр, сүү таргаа ачиж аваад замаараа буулгаад явчхаж болно.

Мөн дэлхий нийт хэрэглээд байгаа такси шэйр үйлчилгээг нэвтрүүлж болно. Улаанбаатарчууд бүгд ухаалаг утастай. Интернэт хамгийн хямдхан байна. Хорооллоос хотын төв рүү ажилдаа явдаг хүмүүс бүгд нэг нэг таксинд суудаг. Ухаалаг гар утсанд аппликейшн суулгаад замаараа нэгийгээ аваад явж болно. IT компаниуд нь аппликейшнийг такси компаниудад өгчихнө. Ингэхээр хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсээс улс татвар авна. Хоёрдугаарт, гэмт хэрэг гарахгүй. Таксинд эд зүйлсээ мартсан ч асуудалгүй.Нийслэлд явж байгаа 60 мянган такси камертай болчихвол гэмт хэрэг бичигдэнэ. Иймэрхүү шийдлүүдийг хийж дэлхийтэй хөл нийлүүлэх цаг болсон.

Зураг