Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"МҮЭХ-ноос шатахуун импортлогчдод хариуцлага тооцох ШААРДЛАГА хүргүүллээ"

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/779253268926910/

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хамтарсан үнийн зөвлөл он гараад 2 удаа хуралдсан. Зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргаж Засгийн газар болон импортлогч компаниудад хүргүүлсэн байгаа. 

Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр шатахууны нөөц улсын хэмжээнд хангалттай байна гэсэн. УИХ дээр МАН-ын бүлгийн дарга 45 хоногийн шатахууны нөөц бий гэсэн дүгнэлт хийж байна лээ. 

Өөрөөр хэлбэл борлуулалтын хувьд бэрхшээл гарахгүй юм байна гэсэн ойлголтоор үнийн зөвлөл зөвлөмж гаргасан. Үүнийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байгаа. Зөвлөмжид өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх талаар тусгагдсан. Харамсалтай нь зөвлөмж гарснаас хойш 3 хоногийн дотор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. 

ШТС-уудад маш урт дарааллууд үүссэн, бухимдал их байна. Зарим газар зөвхөн картаар борлуулж байна. Дийлэнх ШТС-д шатахууны борлуулалт хүнд байна. 

Тиймээс бид МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо.

Үнээ нэмэхгүй байх үүргээ хүлээхгүй байгаа ААН-үүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцооч ээ гэсэн шаардлагыг тавьж байна. Хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт "нөлөөлөх, шантаажлах" замаар энэ асуудлыг шийдэх нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна" гэв.

Нөөцийн хэмжээ харилцан адилгүй байгаа ч жигд тараахгүй байна. Зарим компаниуд нөөцгүй болох нь. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Нөгөө талаас компаниудад уриалахад хүйтэн, хүнд нөхцөлд хүлээцтэй хандаж, зөвлөмжийнхөө хүрээнд хангалтаа хэвийн явуулаач ээ. 

Ямар компани ямар нөөцтэй байгааг шалгах шаардлага байна гэдгийг МҮЭХ-ны төлөөлөл илэрхийлж байлаа.