Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Андуурч зарагдсан хортой загаснуудыг Японд эрэн сурвалжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Японы нэгэн хотын супермаркет хортой загас андуурч зарснаас болж, хот даяар түгшүүр зарлахад хүрчээ.

Тус улсын төв хэсгийн Гамагори хотод таван хайрцаг фугу гэгддэг нохой загасыг зарсан байна. Уг загасны элэгт үхлийн аюултай хор байдаг юм.

Дэлгүүрийнхэн зарахаасаа өмнө элгийг нь салгах ёстой байсан ч алдаа гаргаж, бүхлээр нь заржээ.

Яаралтай эрэн сурвалжилсны хүчинд гурван хайрцгийг нь олоод байгаа бол хоёр нь одоо болтол олдохгүй байгаа гэнэ. Хот даяар байрлах онцгой байдлын үед ашиглагддаг чанга яригчаар фугу загасыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулжээ.

Фугу загас бол өвлийн улиралд Япончуудын зооглодог үнэтэй, тансаг хүнсний нэг. Гэвч энэ загасны хайрс, гэдэс дотор, элэг зэрэгт үхлийн аюултай хор байдаг. Фугу загасны төрлөөс хамаарч хор нь өөр өөр эрхтэнд байдаг гэнэ. Ийм загасыг хүнсэнд бэлтгэх тусгай эрхийг тогооч нар авах ёстой. Гэвч жил бүр фугу загасыг буруу хэрэглэснээс болж хүний амь эрсдэх явдал байнга гардаг тухай Японы эрүүл мэндийн яам мэдээлсэн байдаг.

 

Эх сурвалж: The Guardian