Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван жилийн өмнө утаа 20 хувь багассан нь үнэн болов уу?

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2011 онд юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудал” чуулганаар дэлхийн хамгийн бохир агаартай арван хотыг нэрлэж, Улаанбаатар айргийн тавд хурдалж явааг зарласан. Олон улсаас илгээсэн аюулын дохио.

Тэр үед гадаадын дипломат корпусынхан өвлийн Улаанбаатараас дөлж зугтдаг болчихсон байсан үе. Олон улсын байгууллага ингэж зарлаж, цочроо өгөх хүртэл бид яг үнэндээ утаандаа уусчихсан явсан. Утаа үнэртэхээр айл ойртлоо гэх нүүдэлчин сэтгэхүй үүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Нүүдэлчид малаа дагаж өвсний сор, усны цэнгэгийг бараадан оторлож тулгамдсан асуудлаас зугтааж “шийддэг” шалгарсан аргатай. Суурин амьдралд асуудлыг шийдвэрлэхгүй л бол хаашаа ч зугтах аргагүй гэдгийг бид яс махаараа ойлгоогүй л явна. Утааны шийдлээс зугтаах гэж бид бишгүй оролдсон. Утаагүй улирал, салхитай өдрүүдэд утаагаа түр мартаж зугтана. Зун, намар хөдөө гарч хэсэг зугтана. Утаагаа шийдэж чадахгүй зугтсаар өнөөдөр агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-14 дахин их хэмжээнд хүрч өөрсдөөсөө гадна балчир үрсээ хордуулж суугаа хотын оршин суугчид болчихжээ, бид.

Саяхан Шинжлэх ухааны академийн эрдэмтэд утаатай яаж тэмцэх талаар удтал судалж байгаад “Нийслэл хотыг хүн ам болон газар нутгийн хувьд тэлэх асуудлыг зогсоож, агаарын бохирдлыг бууруулахын тулд нэн тэргүүнд түлшээ сайжруулах, удаад нь гэр дулаалах ажлыг зохион байгуулах, эцэст нь бүрэн шаталтат зуухны үйлдвэр бий болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хэлж нийгмийн сүлжээгээр баахан гүвүүллээ. Шинжлэх ухааны академиас санал болгож байгаа шийдэл нь энэ үү гэж халаглагсад дүүрэн. Гэтэл эрдэмтэд үнэнийг хэлсэн бол яахав? Иргэдийн төр засгаас шаардаж буй “хүсэл” бол өндөр. Айл өрхүүдийг хуу орон сууцжуулах, дэд бүтцийг гэр хороолол руу өөд уруугүй татах. Гэвч энэ нь одоогийн нөхцөлд Монголын ядарсан эдийн засагт хэтийдсэн шаардлага. Утааг бууруулах эрчим хүчний төслүүд түмэн бэрхшээлтэй тулгарч байгаа бололтой. Хуучин III болон IV цахилгаан станцуудыг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийснээр 60 мянган өрхийг цахилгаанаар халаах боломж бүрдэх боловч энэ ажил 2021 он хүртэл үргэлжилнэ гэх. Тэр хүртэл яаж тэсэх вэ? Үлдсэн 140 гаруй мянган өрхийг хэзээ цахилгаанаар бүрэн халаах боломж бүрдэх вэ? Дахиад 10 гаруй жил хүлээх үү? Жил тутам  нийслэл рүү цутгадаг хөдөөгийн урсгалыг нэмж тооцвол энэ хугацаа геометрийн прогрессоор өсөх юм биш үү !?

Паартай байшинд амьдраад утаатай олигтой тэмцсэнгүй, ажилласангүй, яндан цөөл гэж бухимдаж гэр хорооллыг зүхэх амархан. Ингэхэд утаагүй болгох төслүүдээс аль нь арай дөнгүүр хэрэгжсэн юм бэ? Өнөөдрийг хүртэл гадна дотныхонгүй хөрөнгө зарж хийсэн болгон мангасын аманд орсон уу? Гялайх гялтайх зүйлгүй, бүгд пад хар байсан гэж үү?

Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол, 12-13 хувийг тээврийн хэрэгсэл, 7-8 хувийг уурын зуухны яндангийн утаа гаргадаг гэдэг статистикийг хүн бүр цээжээр мэддэг болсон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд гэр хорооллын  өрхүүд дулаанаа хангахын тулд ойрын жилүүддээ гал түлэхээс өөр гарц, илүү шийдэл харагдахгүй байгаа нь гашуун боловч бодит байдал. Амьдрал хэцүү байгаа ч төрөөс өгсөн бүрэн шаталттай зуухандаа сайжруулсан түлшээ яаж ийгээд түлж чадвал... Ийм зүйлс хүртэл мөрөөдөл болчих гэж. Цөхөрч гүйцжээ, нийслэлчүүд.

Утаагаа бид огт хэмжиж чаддаггүй байсан үе бий. Одоо бол Баянхошуунд төд, баруун дөрвөн замд тэд байна, маскаа зүүгээрэй, утаа онц байдал зарлах хэмжээнд хүрлээ гэдэг болж. Гялтайх зүйл байна. Энэ бол япончуудын тус. Дараагийнх нь. 2010-2014 онд Мянганы сорилтын сан, Дэлхийн банк (өнөөх л олон улсын байгууллагууд) Монгол Улсын Засгийн газар хамтран “Утаагүй зуух” төсөл хэрэгжүүлж, гадна дотны хэд хэдэн төрлийн утаа бага ялгаруулдаг бүрэн шаталтат зуухыг Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон. Төсөл хариуцсан гадныхны хяналт чанга, ажил хариуцсан компаниудын хариуцлага гайгүй, гэр хорооллынхны ам муугүй, хамрагдалт өргөн байсан. Уг төсөл хэрэгжсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүний эрүүл мэндэд маш хортой нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2.5 хэмжээ 20 хувиар буурч, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл утааны хорт чанар улам бүр буурах хандлагатай гэж Дэлхийн банк судалсан байдаг. Харамсалтай нь зуухаа дагасан түлшний төсөл, дулаалгын төсөл яваагүй, төсвийн хөрөнгө үргүйдэж сураг алдарсан. Бас хөдөөгөөс хотыг зорьсон урсгал саараагүй. Цогц хөтөлбөр доголдож утаагүй зуухны нэр хүнд унаж, сийрсэн утаа дахин багширсан. Яваандаа хөнгөлөлттэй үнээр зуух авсан айл өрхийн дийлэнх нь зуухаа бусдад дамлаж хонжоо хайсан. Одоо зарим нь тэр хожоогоо цайруулах гэж зуухыг муулж байна.

Ингэхэд гэр хорооллынхон маань өөрсдөөсөө буруу хайж үзсэн үү, ер нь? Хашаа, хороо, хөршөөрөө нийлж агаар орчноо сайжруулах, утаа бага гаргах талаар санал, санаачилга гаргасан уу? Нэгдэж нийлж зуухандаа, түлшиндээ хяналт тавьж болдоггүй юм уу?

Төр засаг хувийн хэвшил хамтарч болохгүйгээсээ болох хүртэл хийж, хийсэн нь утааны бизнес хийлээ гэж баалуулсаар мохож, шантарч гүйцжээ. Бүрэн шаталтат зуухны төслийг хувийн хэвшил дахиж хийхгүй биз дээ. Хийе гэвэл төр л өөрсдөө хийх байх.

Дараагийн гялтайх зүйл нь мэдээж шөнийн тарифын тэглэлт... Утаатай тэмцсэн гялтайх зүйлсийн тоог цааш үргэлжлүүлэх юмсан.

Б.Рагчаа