Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны бослого дарагдсаныг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Иранд дэгдсэн засгийн газрын эсрэг бослого дарагдсаныг тус улсын Хувьсгалт Гварди өчигдөр зарлажээ.

Тэдний мэдэгдэлд “Ираны ард түмэн улсынхаа цагдаа, зэвсэгт хүчин, тагнуулынхантай хамтран АНУ, Британи, Израйль, Саудын Араб, террористуудын үүсгэсэн үймээн самууныг дарлаа” гэсэн байна.

Өчигдөр буюу Ням гарагт Ираны парламент бослогын талаар хаалттай хуралдсан ба үүний дараа Хувьсгалт Гвардийн мэдэгдэл гарчээ.

Парламентийн чуулганаар арав гаруй хоног үргэлжилсэн засгийн газрын эсрэг тэмцлийн учир шалтгаан, гадаадын улс орнуудын оролцоо зэргийг хэлэлцсэн бололтой.

Тус улсын тагнуул, аюулгүй байдлын албаныхан чуулганд оролцож мэдээлэл өгчээ. Үүний дараа Иранд хаагдаад байсан Инстаграм сүлжээ нээгдсэн бол Телеграм сүлжээ нээгдээгүй хэвээр байгаа гэнэ. Ираны 80 сая орчим хүн амын бараг гуравны нэг нь Телеграм сүлжээг ашигладаг гэгддэг.

АНУ, Израйль улсууд тэмцэгчдийг дэмжиж байгаагаа зарласан ч тэмцлийг зохион байгуулсан гэх мэдээллийг няцааж байгаа юм. Хэдийгээр засгийн газар бослого бүрэн дарагдсан гэж мэдээлж байгаа ч өчигдрийн байдлаар нийслэл Тегеран зэрэг том хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсэн хэвээр байгааг сошиал сүлжээгээр иргэд мэдээлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хилийн чанадад амьдардаг Ираны цагаачид Гааг, Берлин, Хамбург, Стокгольм, Лондон, Парис хотуудад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалууд зохион байгуулжээ.

Арванхоёрдугаар сарын 28-нд эхэлсэн эрх баригчдын эсрэг тэмцэл нь Ираны эдийн засгийн нөхцөл байдлыг шүүмжилж, албан тушаалтнуудын авлига, хүнд суртлыг эсэргүүцсэн утгатай байв.

 

Эх сурвалж: Reuters