Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Таканоханагийн шийтгэлийг Японы Сүмогийн Холбоо хойшлуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Харумафүжиг тойрсон бөхчүүдийн зодооны хэргийн сүүлийн холбогдогч болох Таканоханагийн асуудлыг Японы Сүмогийн Холбоо өнөөдөр хэлэлцжээ.

Харумафүжи нь Таканоханагийн эзэмшдэг дэвжээний бөх Таканойваг зодсон хэрэгт буруутгагдсаны улмаас өнгөрсөн сарын 29-нд зодог тайлж, 17 жил үргэлжилсэн сүмогийн замналаа өндөрлөсөн юм.

Өнөөдөр Токиод болсон хуралдаанаар Таканоханаг Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн захирлын суудлаас огцруулах санал гарсан байна.

Гэвч шийтгэл оноохыг хойшлуулж, нэгдүгээр сарын 4-нд болох Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэхээр болжээ.

Хэрвээ энэ шийтгэл дэмжигдвэл Таканохана одоогийн албан тушаалаасаа хоёр шат буурч, удирдах зөвлөлийн энгийн гишүүн болох гэнэ.

Сүмогийн Холбоо түүнийг бөхчүүдийн зодооны хэргийн талаар холбоонд даруй мэдэгдээгүй гэж буруутгажээ. Таканохана хэрэг гарсны маргааш шууд Тоттори хотын цагдаагийн газарт мэдэгдсэн юм байна.

Тэр бас гарсан хэргийн талаар Сүмогийн Холбооны ажлын хэсэгтэй хамтарч ажиллахаас татгалзаж явсаар өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт анх удаа мэдүүлэг өгсөн юм. Мөн Таканохана нь өөрийн дэвжээний бөх Таканойватай ажлын хэсгийнхнийг уулзуулахаас татгалзаж байсны эцэст арванхоёрдугаар сарын 18-нд л анх удаа уулзуулжээ.

Одоо 45 настай Таканохана буюу жинхэнэ нэр нь Кожи Ханада 1990-ээс 2000-аад оны эхэн үе хүртэл сүмод барилдахдаа 22 түрүү авч, ёкозуна цол хүртэж байсан юм.

Тэр сүмогийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэгийн дотор хамгийн залуудаа дээд зиндаанд дэвшсэн амжилтыг 19 нас, 5 сартайгаар тэргүүлдэг ажээ.

Таканохана 2010 онд 38 настайдаа Сүмогийн Холбооны захирлуудын зөвлөлд анх удаа сонгогдож, тус холбооны түүхэнд сонгогдсон хоёр дахь залуу захирал болж байв.

 

Эх сурвалж: Japan Today