Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Казах, Киргизийн удирдагчид маргаанаа шийдвэрлэхээр тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын хэвлэлийн алба Казах, Киргизийн талууд дундын маргаан, зөрчлөө Евразийн Эдийн Засгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд зохицуулах тохиролцоонд хүрснийг мэдээлжээ.

Жээнбеков Даваа гарагт Казахстаны нийслэл Астанад айлчилж, тус улсын ерөнхий сайд Бакытжан Сагинтаев, ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нартай уулзсан байна.

Киргизийн өмнөх ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын үед хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд муудсан юм. Аравдугаар сарын 15-нд болсон Киргизийн ерөнхийлөгчийн сонгуульд Казахстаны талыг нөлөөлөхийг оролдож байна гэж үзсэн Атамбаев урт удаан засгийн эрхэнд байгаа Назарбаевыг мөн шүүмжилж байв.

Тэр сонгуульд нэр дэвшигч Омурбек Бабановыг Казахстаны тал ил тодоор дэмжиж байгаа нь Киргизийн дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж мэдэгдэж байжээ.

Гэвч сонгуулийн үр дүнд Атамбаевын дэмжиж байсан Жээнбеков ялалт байгуулсан юм.

Есдүгээр сарын 19-нд нэр дэвшигч Бабановыг Казахстаны ерөнхийлөгч Назарбаев хүлээн авч уулзсанаар хоёр орны дунд маргаан өрнөжээ.

Үүний дараа Казахстан улс хоёр орны хил дээрх шалгалтыг чангалж, хил дээр их хэмжээний ачаалал үүсгэж байлаа. Киргизийн тал ч Астанагаас авах гэж байсан $100 саяын тусламжаас татгалзсан юм.

Харин энэ сарын эхээр Атамбаев ерөнхийлөгчийн суудлыг залгамжлагчдаа шилжүүлснээр Казах, Киргизийн маргаан шийдэгдэх найдлага төрж эхэлжээ.

Арваннэгдүгээр сарын 30-нд Москвад уулзахдаа Жээнбеков, Назарбаев нар хоёр сар үргэлжилсэн хилийн хүндрэлийг шийдвэрлэхээр тохиролцсон юм. Улмаар арванхоёрдугаар сарын 4-нөөс хоёр улсын хилээр зорчигсод саадгүй нэвтэрч эхэлжээ.

 

Эх сурвалж: Interfax