Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэхуяг: Банкны салбарын хуулиуд маш тодорхой болж байгаа

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Төв банк болон Банкны тухай хуулийг дагалдан гарах эрх зүйн баримтын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тус хуулиудыг шинэчилснээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал хангагдахаас гадна банкуудын эрсдэл даах чадвар нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө авчрах ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Тус хуулиудын талаар Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.

-Банкны салбартай холбоотой хуулийн шинэчлэлийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн өөрчлөлтөд шинээр ямар заалтууд тусгасан бэ. Хууль шинэчлэгдсэнээр ямар ач холбогдолтой юм бэ?

-2000 оноос хойш дэлхийд санхүүгийн хямрал тархсан. Манайд хэд хэдэн банк дампуурч байсан түүхтэй. Шалгахаар үйл ажиллагаа нь хэвийн юм шиг хэр нь маш эрсдэл дагуулдаг байсан. Энэ эрсдэлийг нь зохицуулах үүднээс Монголбанкны оролцоо зайлшгүй шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, асуудал гарсан хойно нь арга хэмжээ авах биш эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдлаар шат дараалсан арга хэмжээ авах шаардлага тулгарсан.

“Анод”, "Хадгаламж", “Зоос” банкны дампуурлын сургамжид үндэслээд Монголбанк арилжааны банкуудад “Эрсдэлээ бууруулах арга хэмжээ ав" гэдэг зарчмыг хуульд оруулж өгч байгаа. Түүнээс биш нэг байцаагч очоод л хязгаарлах асуудал огт биш. Хоёрдугаарт, Монголбанкнаас тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкинд “тогтворжуулалтын төлөвлөгөө”-г оруулж өгөхөөр болсон. Банкуудад ямар нэгэн асуудал гарлаа гэхэд урьдчилсан арга хэмжээ авах бэлтгэл байдаггүй.

Шууд л сандралдаад эхэлдэг. Ямар төлөвлөгөө байгаа нь мэдэгддэггүй. Энэ төлөвлөгөөг бэлэн байлгахыг банкуудаас шаардаж байгаа. Гуравдугаарт, “Монголбанкны урьдчилсан оролцоо” гэдэг зүйлийг шинээр гаргаж ирсэн. Тухайн банкны эрсдэлийн төвшин, зөрчил гарах болзошгүй байдлаас хамаараад шат дараалсан арга хэмжээ авах юм.

Мөн банкны бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Өндөр хөгжилтэй орнуудын Банкны тухай хууль маш тодорхой, олон хуудас байдаг. Тиймээс бид олон улсын жишгээ дагаж хуулиа маш тодорхой болгож өгч байгаа юм.

-Банкуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төлбөрийн чадваргүй болсон банкуудыг төрөөс тэтгэдэг. Ингэж татвар төлөгчдийн хөрөнгийг арилжааны банкуудын дампууралд зориулж байсан тохиолдол манайд цөөнгүй бий. Ийм асуудал дахин гарахгүй байх нөхцөлийг хуулийн шинэчлэлд багтаасан уу?

-Зөвхөн “Анод”, “Зоос”, “Хадгаламж" банканд 480 орчим тэрбум төгрөг татвар төлөгчдийн хөрөнгөөс гарсан байдаг. Тэр үед мөнгөний ханш чанга байсан үе. Өнөөдөр их наядаар тоологдоно. Тэгвэл хуулийн өөрчлөлтөд банкуудад төрөөс хөрөнгө олгохгүй. Тодорхой хэмжээгээр эрсдэлээ хүлээсэн байх шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, банкийг дотроос нь аврах зохицуулалтыг хуулийн шинэчлэлд тусгаж өгсөн.

Ингэснээр санхүүгийн тогтвортой байдал хангагдах, төрөөс гарах зардал буурах ач холбогдолтой. Түүнчлэн зээлдүүлэгч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлийг илүү тусгаж өгсөн. Хэрвээ эрх ашиг нь хөндөгдвөл ямар дарааллаар хаана хандах вэ гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан.

-УИХ-ын байнгын хорооны хурал дээр гишүүд “Банкууд аль нэг салбарт охин компанитай байхыг хориглож өгье. Банкууд гаднаас зээлийн эх үүсвэр татахад арван хувийн татвар авдаг. Тэрийг болих хэрэгтэй” гэдэг саналуудыг гаргаж байсан. Үүнийг хуулийн төсөлд нэмж тусгах боломжтой юу?

-Нэгдүгээрт, охин компанийн асуудлыг хуулийн төсөлд оруулаагүй. Одоо бид эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоо руу шилжинэ. Тиймээс охин компанийн зүгээс тодорхой хэмжээний банканд эрсдэл учруулсан үйл ажиллагаа явуулбал бидэнд хаах бололцоо нь бий учраас хөндөөгүй. Гэхдээ УИХ-ын төвшинд ажлын хэсгийн гишүүдтэй ярилцаж, ойлголцоод нэмж, хасаж болно.

“Банк хэвийн үйл ажиллагаа явуулж байхад Монголбанк оролцохгүй” гэдэг заалт хэвээрээ байгаа шүү дээ. Түүнчлэн Монголбанкны зээлийн хүүг бууруулах томоохон ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Үүний хүрээнд банкны эх үүсвэрийг бүрдүүлж байгаа зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.

-Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг мөн УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн төслийн гол онцлог нь юу вэ?

-Нэгдүгээрт, Монголбанкны зорилтыг илүү тодорхой болгож байгаа. 1993 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд УИХ-аас баталж байсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж ирсэн “Үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж, түүний тогтвортой байдлыг хангах, инфляцыг нам төвшинд тогтвортой байлгах" зорилтын дагуу тодорхой болгож байна. Үндсэн хуульд мөнгөний бодлого буюу хүүгийн бодлого бие даан тодорхойлохоор тусгагдсан тул гадаад валютын ханшийг тогтмол барих эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээр болж байгаа юм.

Хэрвээ Монгол Улс гадаад валютын ханшийг тогтмол барих бодлого хэрэгжүүлнэ гэвэл хөрөнгийн урсгалыг хязгаарлахад хүргэхээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгийн урсгал нээлттэй байдаг манай улсын хувьд ийм хязгаарлалт хийхгүй, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйд хамаарах хууль тогтоомждоо тусган баталгаажуулсан байдаг.

Иймд мөнгөний бодлогын зорилт тодорхой болгож тусгагдсанаар Монголбанкны үйл ажиллагааны хууль зүйн тодорхой байдал бэхжиж, бие даасан, хараат бус байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзсэн. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро эдийн засагт учирч болох эрсдэлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг шинээр тусгаж байна.

Хоёрдугаарт, Төв банкны удирдлагын хараат бус байдал. Төв банкны удирдлагыг албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхлыг төлөөлсөн бусад этгээдээс шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаа нь маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож хуульчилна.

-Хуульд өөрчлөлт оруулснаар Төв банкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ?

-Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн судалгааны ажил, ОУВС-гаас хийсэн судалгаа, бусад дотоодын судалгаануудаас үзэхэд Төв банкны бие даасан, хараат бус байдлын төвшин бусад улс оронтой харьцуулахад 100 хувь гэж үзвэл 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын төвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хууль батлагдсан тохиолдолд түүний хэрэгжилтийг үнэлэх ажил хийгдэж үр дүнг тодорхойлох юм.

-Төв банкны ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгоно гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Одоогийн хуулиар Төв банкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болохоор байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал тодорхойгүй. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон" гэдэг өргөдөл гаргасан бол гэж байгаа.

Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол үүнээс шалтгаалж хохирол учирч, түүнийг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгч байгаа.

-Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг хуульчилна гэж байна. Мөнгөний бодлогын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?

-Мөнгөний бодлогын зөвлөл Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байгаа. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй, харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг.

Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхын саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болно.

-Банкны салбарын хуулийн шинэчлэлийг ОУВС-тай холбож ойлгож байгаа хүмүүс цөөнгүй бий. Үнэхээр ОУВС-гийн шахалтаар хуулиа өөрчилж байгаа юм уу. Аль эсвэл цаг хугацаа нь ингэж таарав уу?

-Манай улсад өнгөрсөн жилүүдэд санхүүгийн хямрал болсон. Харин одоо сэргэж байна. Яг энэ үед эдийн засгийнхаа реформ, тогтолцоог бүрдүүлбэл цаашид урт хугацаанд саадгүй тогтвортой өсөх бололцоог бий болгоно. ОУВС-гийнхан бидэнд “Эдийн засгийн энэ таатай цаг хугацааг ашиглаад банкны хууль тогтоомжоо шинэчлээд ав” гэдэг зөвлөгөө өгсөн. Түүнээс ОУВС биднийг шахаад, бид шахалтад нь ороод байгаа асуудал байхгүй. Цаг хугацаа нь ингэж таарч байна.

Зураг