Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос руу оргож байсан Америк цэрэг 77 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Чарльз Жэнкинс эхнэрийн хамт

Чарльз Жэнкинс хэмээх Америк цэрэг Хойд Солонгос руу оргож, сүүлд тус улсын тагнуулуудын хулгайлсан япон бүсгүйтэй гэрлэж байжээ. Энэхүү сонирхолтой түүхийн эзэн ноён Жэнкинс 77 насандаа Японд насан өөд болсон байна.

Тэрээр уг нь Хойд Каролинагийн уугуул бөгөөд 1965 онд Өмнөд Солонгост цэргийн алба хааж байхдаа коммунист дэглэмтэй Хойд Солонгос руу оргосон юм.

Эх оронд нь түүнийг урвагч гэж зарлаж байжээ. Жэнкинс Хойд Солонгост англи хэл зааж, Америкийн империализмийг харуулсан үзэл суртлын кинонуудад америк офицерийн дүрийг бүтээж байв. Тэр 1980 онд өөрөөр нь англи хэл заалгаж байсан, хулгайлагдсан япон эмэгтэй Хитоми Согатай гэрлэжээ.

Сога нь 1970-1980-аад оны үед коммунист дэглэмийн тагнуулуудад хулгайлагдаж, Хойд Солонгост хүргэгдсэн арав гаруй хүний нэг юм. Тэднээр Пёньян тагнуулууддаа япон хэл, соёлыг заалгадаг байсан гэдэг.

Согаг 19 настайд нь буюу 1978 онд Садо арлаас хулгайлсан байна. Түүнтэй  хамт хулгайлагдсан эхийнх нь хувь заяа одоо болтол тодорхойгүй байдаг.

Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил, Японы ерөнхий сайд Жүничиро Коизуми нар Пёньянд уулзсаны дараа 2002 оны аравдугаар сард Сога эх орондоо буцаж иржээ.

Тухайн үед нөхөр Жэнкинс нь Японд эхнэрийн хамт очвол цэргийн шүүхээр хүнд шийтгүүлэх байх гэсэн айдастайгаар Мика, Бринда хоёр охины хамт Хойд Солонгост үлдсэн юм.

Харин 2004 онд тэд Индонезид эргэн нэгдсэн гэдэг. Гэвч түр уулзах төлөвлөгөөтэй байсан тэд цэргийн шүүхээр шүүхгүй гэсэн баталгаа авсныхаа дараа хамтдаа Япон руу ниссэн байна.

Уг нь эх орноосоо урвасан этгээдүүдэд бүх насаар нь хорих ял өгдөг ч Жэнкинсийг АНУ-д ердөө 30 хоног хорьсны дараа Япон руу буцааж байжээ. Тэр амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл япон эхнэр, гэр бүлийн хамт жижиг арал дээр жаргалтай амьдарч байгаад Даваа гарагт таалал төгссөн байна. Түүнийг эхнэрийнхээ төрөлх Садо аралд ирсэн жуулчдыг тосох, бэлэг дурсгалын зүйлс зарах ажил эрхэлж байсан гэдэг.

Жэнкинсийн нас барсан шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian