Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд тойрогтоо өгөх мөнгөө иргэдийн халааснаас авах уу

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 76 гишүүн 2018 оны төсвийн төслийг өнгөрсөн сард ердөө л долоохон өдрийн дотор хэлэлцэж баталсан. Хуулиараа улсын төсвийг 45 хоног хэлэлцэх ёстой байдаг ч УИХ-ын гишүүдийн зүгээс “Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр удаагийн хоригоос үүдэн богино хугацаанд хэлэлцлээ. Гэхдээ их чамбай төсөл болсон” хэмээн мэдээллэж байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийн цаана нууж үлдсэн нэг ноцтой баримт нь УИХ-ын 76 тойрог тус бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр олгосон гурван тэрбум төгрөг байлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр энэ асуудал тодорхой болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн тойргийн мөнгийг нэхэж үнэнийг илчилсэн юм. 

Тэгвэл ийн ирэх 2020 оныг бодож, тойргоо услахыг чухалчилсан УИХ-ын гишүүдийн хувьд ирэх оны төсөвт хувь хүний орлогын албан татварын шаталсан нэмэгдлээс 50 тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн байх юм. Ингэхдээ 1.5 саяас дээш цалинтай иргэдээс босго тус бүрээс дээш гарсан орлогоос нь 15-25 хувийн татвар авах аж. Өөрөөр хэлбэл, 1.5 саяас 2.5 сая төгрөгийн цалинтай бол 1.5 саяас илүү гарсан цалингаасаа 15 хувийг нь татварт өгнө.

Харин 2.5 саяас 3.5 сая төгрөгийн цалинтай бол илүү гарсан хэсгээс нь 20 хувийг, 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол үүнээс илүү гарсан цалингаас 25 хувийн татвар авахаар хуульчилсан байна. 

Эндээс харахад хэрэв та нэг сая 750 мянган төгрөгийн цалинтай бол хувь хүний орлогын албан татварт 250 мянган төгрөг суутгуулна. Энэ нь одоо төлж байгаа татвараас нь 85 мянган төгрөгөөр илүү гэсэн үг. Энэ мэтээр явсаар хэрэв та гурван сая төгрөгийн цалинтай бол хувь хүний орлогын албан татварт сардаа 300 мянган төгрөгийг илүү суутгуулна. Харин таван сая төгрөгийн цалинтай бол 3.5 сая төгрөгөөс илүү гарсан 1.5 сая төгрөгийнх нь 25 хувийг буюу 375 мянган төгрөгийг нэмж татварт хураалгана аа гэсэн үг. Үүн дээр мэдээж уламжлалт татварын бодолтоор төр хураамжаа авна. Ингээд бодохоор бүхэл бүтэн байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, өрхийн хэрэглээний мөнгөө Засгийн газарт иргэд их ажиллаж, өндөр боловсрол эзэмшиж буйнхаа төлөө тушаах болж байгаа юм. Мөн нэн тэргүүнд хамрагдах хүмүүс бол уул уурхай, эрчим хүчний салбарынхан. 

Тухайлбал, “Багануур”-ын уурхайн эксковаторчин гэхэд сардаа 1.6 саяас 2.2 сая орчим төгрөгийн цалин авдаг. Тэдний хувьд өдрийн 12 цагийг нүүрсний тортог, агаарын бохирдол дунд өнгөрүүлдэг. Цахилгаан станцын инженер, ажилтнууд ч тэр адилхан. Хэт их дуу чимээ, агаарын бохирдол дунд ажилладаг учир мэргэжлийн өвчнөөр залуу насандаа өвчилж, эмчилгээний зардалд олсон орлогоо тушаах нь их байдаг. Олон улсын байгууллагын ажилтан, төслийн менежерүүдийн хувьд өндөр цалин авдаг ч энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд эзэмшсэн мэргэжил, хэлний боловсрол, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө төлсөн төлбөрөө эргүүлэн авах боломж нь гэдгийг төр засаг ойлгох хэрэгтэй.

Уул уурхайн салбарынхны хувьд бүр хэцүү. Жилийн 365 хоногийн 250 орчим хоногийг нь гэр орноосоо хол, алс хол үр хүүхэд, хань ижлээ санасан бэтгэрсэн сэтгэлээр цаг хугацааг үддэг. Цаашлаад эр нөхөр, хань ижил нь хөдөө орон нутагт ажилладаг учраас гэр бүлийнх нь хүн Улаанбаатар хотод ажил хийх боломжгүй, үр хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэг, амьдралынхаа бүхий л ачааг үүрч үлддэг. Өөрөөр хэлбэл, тэдний өнөөдөр өндөрт тооцогдож, төрийн татварын хатуу бодлогын балгаар хураагдахад бэлэн байгаа 1.5 сая төгрөгөөс дээш цалин нь эргээд гэр бүлээ бүхэлд нь тэжээх ганц хүний орлого болж хувирдаг. Ийм байхад УИХ “Дэлхийн бусад оронд ч татварын шатлал байдаг” хэмээн үзэж, Монголыг Японтой, Сингапуртай жиших нь юуны учир вэ. Ядаж л энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө, хэрэгжүүлэхээсээ урьтаж, Японд дунджаар монгол мөнгөөр 161 сая, Сингапурт 512 сая төгрөгийн жилийн орлоготой хүмүүстээ татварын шаталсан зарчмаар татвар оноодог байх жишээний. Харин манайд бол үсрээд үсрээд дээрх салбарынхан жилийн дунджаар 30 сая төгрөгийн орлоготой байгаа юм. Тиймээс УИХ-ыг ч Засгийн газрыг ч, эрх баригч Монгол Ардын намын удирдлагуудыг ч дээрх шийдвэрээ эргэн харахыг хүсье.

Намынхаа мөрийн хөтөлбөрт “Чинээлэг дундаж давхаргыг бий болгоно” гэж тусгасан хэрнээ эргээд арай хийн дундаж давхаргад тогтон ядан дэнчигнэж буй иргэдээ ингэж дарамталж болох уу. Тэр дундаа, Монголын дундаж давхарга амьдрал нь дээшилж чинээлэг гэр бүлийн эгнээ рүү орох бус харин нэн ядуу бүлэг рүүгээ унах эрсдэл өндөр байдаг гэж эдийн засагчид ч, судлаачид ч хэлсээр байхад шүү дээ.Тиймээс ирэх сарын нэгнээс шууд “Дундаж давхаргагүй Монгол Улс боллоо” хэмээн зарлаж, албан ёсоор хүн амын ядуурлаа 60 хувиар тооцвол яасан юм бэ.

Эрх баригч Монгол Ардын намын удирдлагууд уу. Засгийн газрын гишүүд ээ. Үгүй ядах нь ээ, тойргоо услах мөнгөө иргэдийнхээ халааснаас татвар нэрээр дээрэмдэхээ больцгоо, улстөрч өө. 

 

Эх сурвалж: Д.Жаргал /ipost.mn/