Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Зам, тээврийн хөгжлийн яам Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан, нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажилласан. Тэгвэл өнөөдөр ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, дэд захирал Ш.Батсайхан болон ачаа тээврийн тасгийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцов.

Автотээврийн үндэсний төвөөс Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар болон өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн томилолтын үр дүн, зөрчил дутагдал мөн түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулга хийлээ.Танилцуулгын хүрээнд Тээвэр төлөвлөлтийн программыг хэвшүүлэх, Авто аж ахуйн системийг сайжруулах мөн ЗТХЯ-ны тушаал захиргааны статистикийн маягтыг албажуулах талаар заавар зөвлөгөө өгч зөрчил дутагдлаа арилган ажиллахыг анхааруулсан юм. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах бөгөөд тодорхой шийдвэр гарсны дараа шат дараатай арга хэмжээнүүдийг авах юм байна.

 

Автотээврийн үндэсний төвийн захирал П. Дэлгэрнаран хэлэхдээ “Бид дотоод зохион байгуулалтаа сайжруулж, нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар үндэсний компани, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжин ажиллах нь чухал байна. Энэ жилийн гэрээ дүгнэх ажлын эрт эхэлж, авто аж ахуйн системээр ажиллахыг хатуу шаардана. Гэрээнд хийгдэх ёстой ажил, дүрэм журмын дагуу байх ёстой шаардлагуудыг тавьж, газар дээр нь тулгаж үзнэ. Шаардлага хангаагүй бол гэрээгээ цуцлана. Тодорхой шийдвэр гарсны дараа тээвэрлэлтийг уртын болон богинын гэж хоёр хуваахаар зохицуулах учраас бид бэлтгэл ажлыг хурдан хангаж ажиллах хэрэгтэй байна” хэмээн хэллээ.

Уулзалтын үеэр ААНБ-ын төлөөллүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, БНХАУ-ын талаас машин оролцуулахгүй байх, мөн ажлын хэсэг байгуулах зэрэг саналтай байгааг илэрхийлсэ​н юм. Цаашид тус  чиглэлийн тээвэрлэлтэд ААНБ-уудыг цаг алдалгүй мэдээллээр хангах, санал бодлыг нь нэгтгэн авч дамжуулах зорилгоор байнгын “Ажлын хэсэг”-ийг байгуулахаар боллоо. 

 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний төв