Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дмитрий Медведев: БНХАУ дэлхийн хамгийн амьдрахад таатай орны нэг болоход ойрхон байна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан билээ. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын уулзалтад оролцсон. Уг комиссын уулзалтын үеэр талууд эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны багц баримт бичигт гарын үсэг зурсан юм. Дмитрий Медведев Коммунист намын 19 дүгээр их хурлын дараа айлчилж байгаа анхны гадаад орны удирдагч. Түүний Коммунист  намын “People's Daily” буюу “Жэнминь Жибао” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. БНХАУ-ын Коммунист намын хурал саяхан болж өнгөрсөн. Ши Жиньпин БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон. Тэрбээр шинэ үеийн социализмыг Хятадын онцлогт тохируулан хөгжүүлнэ гэсэн. Коммунист намын 19 дүгээр их хурлын талаар та ямар байр суурьтай байна вэ?

 -Комминуст намын их хурал бол маш том цар хүрээг хамарсан чухал үйл явдал. Энэ удаагийн хурлыг ОХУ нягт нямбай ажиглаж, үр дүн болоод зарим туршлагыг нь тэмдэглэн авсан. Ши Жиньпинийг Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдоход хамгийн түрүүнд баяр хүргэсэн орнуудын нэг нь яах аргагүй ОХУ байх гэж бодож байна. Учир нь Ши Жиньпин сүүлийн 12 жилийн хугацаанд хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Коммунист намын стратегийн шинж чанар, социализмын бат бөх байдлыг дурдахгүй өнгөрч болохгүй байх. 

-Коммунист намын хурлаар хэлэлцсэн асуудлууд болон ирэх таван жилд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөнөөс юу хамгийн ихээр таны анхаарлыг татаж байв?

-Хэд хэдэн асуудал тэр тусмаа ирэх таван жилд ОХУ-тай хамтран ажиллах төслүүд анхаарал татаж байлаа.

-10 жилийн өмнөх БНХАУ-ыг одоогийн БНХАУ-тай харьцуулахад юу өөрчлөгдсөн бэ?

-Би Хятадад ирэх бүртээ өөрчлөлтийг хардаг. Хамгийн анх 2000 онд Бээжин хотод айлчилж байлаа. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд би Хятадын бараг бүх газар очиж үзсэн. БНХАУ маш хурдацтай, ергөн хүрээг хамран хөгжиж байгаа. Тэр тусмаа тээвэр, барилга, дэд бүтцийн салбар илүү сайн хөгжиж байна. Мөн түүхийн дурсгалт газрууддаа ихээхэн анхаарал хандуулж, яг хэвээр нь хадгалж байгаа нь жуулчдыг олноор нь татаж байна. Би Вузен хотод Ши Жиньпинтэй уулзахдаа тэр жижигхэн хот ямар их түүхийг өөртөө хадгалж буйг хараад үнэхээр биширсэн. Би БНХАУ-д ирэх бүртээ шинэ зүйл олж хардаг.

-Жил бүр олон мянган хятад жуулчин ОХУ руу жуулчилдаг. Хэдийгээр хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, стратегийн түнш болсон ч визний хувьд нэлээн асуудалтай. Хоёр улс визний шаардлагыг зөөлрүүлэх талаар ямар нэгэн яриа хэлцэл хийж байгаа юу?

-Өнгөрсөн жил 1.2 сая хятад жуулчин ОХУ руу аялсан. Энэ оны эхний зургаан сард энэ тоо 20 орчим хувиар өссөн. Саяхан бид визний нэг төрөл нэмсэн. Үүнд ОХУ-ын Алс Дорнод Владивосток хотод цахим виз мэдүүлж ОХУ руу нэвтрэх боломж юм. Өөрөөр хэлбэл виз авахын тулд олон янзын агентлагтай холбогдох бус маягт бөглөхөд л болно гэсэн үг.Түүнчлэн тав болон үүнээс дээш хүнтэй жуулчдын фуппийг ахалж яваа хүн визгүй зорчих эрхтэй.

-Ирэх жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болно. Бэлтгэл ажил хэр явж байна вэ? 

-ДАШТ-д манай улс шаргуу бэлдэж байгаа. Гэхдээ тэмцээн өөр өөр хотод болох учир тийм ч амаргүй байна. ОХУ ДАШТ зохион байгуулаагүй уджээ. Харин хөгжөөн дэмжигчид болон үзэгчид нь тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө ирсэн байх ёстой. Тоглолт болох хотууд руу чөлөөтэй явах боломжтой бөгөөд тусгай галт тэргээр үйлчилнэ. Хөгжөөн дэмжигч болон үзэгчдийн хувьд WIFI-aac эхлээд маш олон зүйлийг үнэгүй ашиглах боломжтой. Тэр болгоныг энд дурдах нь илүүц биз.

-ОХУ сүүлийн үед БНХАУ-тай ямар салбарт түлхүү хамтарч ажиллаж байгаа вэ?

-Технологийн салбарт арай түлхүү хамтардаг юм болов уу. Сүүлийн үед хоёр орон цөмийн энерги, нисэх онгоц бүтээхэд ихээхэн ахицтай байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил хоёр улсын бараа эргэлт 35 хувиар өссөн. Энэ бол сайн үзүүлэлт. Энэ тоо ирээдүйд ч нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр улсын хамтын ажиллагаанаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Манай улсын БНХАУ-тай харилцах харилцаа бүх цаг үеийн хамгийн дээд төвшинд хүрээд байна. Цаашид ч энэ харилцаа улам гүнзгийрэх байх.

-“Бүс ба Зам” санаачилга, Евразийн эдийн засгийн холбооноос ямар үр дүн хүлээж байна вэ?

-“Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл олон улсад үр өгөөжөө өгнө. Түүнчлэн ОХУ болон БНХАУ-ын дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхээс гадна Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хамтран ажиллах боломж олгох юм. Дэлхийн 100 гаруй улс, олон улсын томоохон байгууллагууд “Бүс ба Зам” санаачилгыг дэмжинэ гэдгээ аль хэдийнээ илэрхийлээд байгаа нь цар хүрээг нь хангалттай тодорхойлж байгаа юм.

Ши Жиньпин дарга “БНХАУ-ын “Торгоны зам” санд 100 тэрбум юанийн санхүүжилтийг нэмэлтээр олгох ба оролцогч улсуудад 380 тэрбум юанийн зээл олгохоо амласан. Түүнчлэн ойрын жилүүдэд хөтөлбөрт нэгдсэн хөгжиж буй орнууд болон олон улсын байгууллагуудад 60 тэрбум юанийн хөрөнгө оруулна гэж мэдэгдээд буй.

 -Энэ удаагийн Коммунист намын хурлаар Ши дарга 2050 он хүртэлх БНХАУ-ын хөгжлийн стратегийг гаргасан. Таны бодлоор 2050 он гэхэд БНХАУ ямар болсон байх бол?

-БНХАУ дэлхийн хамгийн амьдрахад таатай орнуудын нэг болсон байх болно. Ийм орон болоход ойрхон байгаа.

-Харин ОХУ энэ үед ямар байх бол?

-Хүчирхэг, орчин үеийн Орос орныг бүтээхийн тулд бид шаргуу ажиллах болно. Дэлхий ертөнц яг нэг хэвэндээ байдаггүй шүү дээ. Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Магадгүй 2050 онд өндөр технологи дээр суурилсан цахилгаан хэрэгсэл давамгайлж, хиймэл оюун ухаан хаа сайгүй ашигладаг болох байх. Гэхдээ хамгийн чухал нь дэлхийн улс орнууд нөхөрсөг харилцаатай байж, бидний бүтээсэн итгэлцлийг хадгалж байх хэрэгтэй.

-Таны бодлоор ОХУ болон БНХАУ-ын олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг юу вэ?

-Манай хоёр орон олон улсын тавцанд ихээхэн хариуцлага хүлээдэг. БНХАУ-ын хувьд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын нэг. Ойрын хэдхэн жилийн дотор БНХАУ эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх нь тодорхой. Түүнчлэн манай хоёр орон НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн орон учраас дэлхий дээр энх тайвныг цогцлоохын тулд зайлшгүй хариуцлага хүлээх ёстой.

-Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Манай уншигчдад зориулж ямар нэгэн дуу санал болгооч гэж хүсмээр байна?

-Катюшаг хятадууд маш сайн мэддэг. Тэгэхээр энэ дууг санал болгомоор байна. Гэхдээ зөвхөн хятадууд төдийгүй дэлхийн олон оронд энэ дууг мэднэ. Мен Катюша гэдэг нэртэй Хятад хэлээр мэдээ бэлтгэдэг телевизийн суваг тун удахгүй нээгдэх гэж байгаа.

Зураг