Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр нээгдсэн аварга гараг орчлон ертөнцийн үүслийн тухай онолыг үгүйсгэлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Астрономичид саяхан одтой нь харьцуулахад маш том хэмжээтэй гарагийг илрүүлсэн нь орчлон ертөнцийн үүслийг тайлбарладаг уламжлалт ойлголтыг эвдэхэд хүргэжээ.

NGTS-1b нэртэй уг гараг хэмжээгээрээ манай нарны аймгийн Бархасбадь гарагтай ижил хэмжээтэй, бас хийн бүтэцтэй. Түүний тойрч эргэдэг улаан, одой нар нь радиусаараа манай дэлхийн нарны хагастай тэнцэх хэмжээтэй.

Одон орны хэмжээсээр бол нар ба гарагийн харьцаа ийм байх боломжгүй гэж одоог хүртэл үздэг. Гараг нь нартайгаа харьцуулахад хэтэрхий аварга том байгаа юм.

Дэлхийгээс 600 гэрлийн жилийн зайд байгаа уг гараг ба одтой адил харьцаатай системийг эрдэмтэд өмнө нь харж байгаагүй ажээ.

Одоогийн сансар огторгуйн онолд “жижиг одод хадархаг бүтэцтэй гарагийг түргэн үүсгэх чадвартай ч Бархасбадь шиг хэмжээтэй хийн гарагийг үүсгэхэд хангалттай материал цуглуулж чаддаггүй” гэдэг байна.

Гарагийг нээсэн астрономичдын тэргүүн, Уорвикийн их сургуулийн доктор Дэниел Бэйлис “NGTS-1b гарагийг нээсэн нь бүхэлдээ гэнэтийн, гайхмаар явдал байлаа. Ийм том гараг, ийм жижиг одыг тойрон эргэж байна гэж төсөөлөгдөшгүй” гэжээ.

Шинэ гарагийг Чилийн Атакамагийн цөлд байрлуулсан NGTS (Next Generation Transit Survey) телескопуудын системээр илрүүлжээ. Уг систем нь жижиг оддыг тойрдог гарагуудыг судлах зорилготой. Ингэхдээ одныхоо урдуур гарагийг давхцаж өнгөрөхөд нь мэдэрч хэмждэг юм байна.

NGTS-1b гараг одныхоо урдуур 2.6 хоног тутамд нэг удаа өнгөрч байжээ. Өөрөөр хэлбэл түүний од хүртлэх зай нь манай дэлхийгээс нар хүртэл зайны дөнгөж 3 хувьтай тэнцэх хэмжээтэй юм байна. Эндээс үндэслэн хэмжээг нь тооцоолж гаргажээ.

Энэ бол жижиг оддын судалгааны дөнгөж эхний үр дүн бөгөөд цаашдаа NGTS-1b шиг одтой нь харьцуулахад үлэмж том хэмжээтэй гарагууд олон байгаа гэж судлаачид үзэж байгаа юм.

NGTS олон телескопын матрицийг бараг 10 жил ажиллаж байж бүтээсэн тул цаашдаа төсөөлж байгаагүй сонин хачин гарагууд олноор илрүүлнэ гэдэгтээ тэд итгэлтэй байна.

 

Эх сурвалж: Independent