Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эйнштэйний ганц өгүүлбэр бичсэн цаас $1.56 саяар зарагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнө нь бид нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний 1922 онд бичиж, япон шуудан зөөгчид бэлэглэсэн гар бичмэл олон жилийн дараа илэрч, дуудлага худалдаагаар зарагдах болсныг мэдээлж байсан.

Токио хотод буудаллаж байхдаа Эйнштэйн захидал хүргэж ирсэн шуудан зөөгчид цайны мөнгөний оронд тэмдэглэлийн хуудсан дээр аз жаргалын тухай өөрийн үзлээ илэрхийлсэн хэдэн үг бичиж өгсөн байдаг.

Өчигдөр Иерусалем хотод болсон дуудлага худалдаагаар уг бичигтэй цаас $1.56 саяар зарагджээ.

Энэ нь Израйлийн нутаг дэвсгэрт болсон бүх дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн бичиг баримт болж байгаа юм.

Дуудлага худалдааны өмнө Эйнштэйний бичээсийг $5,000-$8,000 хооронд үнэ хүрнэ гэж зохион байгуулагчид төсөөлж байжээ.

Худалдан авагч нь нэрээ нууцалсан Европын иргэн байсан гэнэ.

Токио Империал зочид буудлын тэмдэглэлийн хуудсан дээр Эйнштэйн “Нам гүм, даруухан амьдрал бол дуулиантай, амжилт хөөсөн амьдралаас илүү хүнд аз жаргал бэлэглэдэг юм” гэж бичсэн байжээ.

Харин хоёр дахь хуудсанд тэр “Хүсэл байвал арга зам олдоно” гэж бичсэн байв. Энэхүү хуудсыг $240,000-аар бас заржээ.

Энэ хоёр хуудсыг шуудан зөөгчид өгөхдөө Эйнштэйн “Магадгүй чи азтай байвал энэ цааснууд ердийн гар цайлгах мөнгөнөөс хамаагүй илүү үнэ хүрэх байх” гэж хэлж байсан гэдэг.

Бичигтэй хуудсуудыг шуудан зөөгчийн үр удам өнөөг хүртэл хадгалж ирснийгээ саяхан ил болгож, Израйльд дуудлага худалдаагаар зарсан нь энэ юм.

 

Эх сурвалж: Japan Times