Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн сүлжээтэй болсон хууль бус алт олборлогчдыг зогсооход хэцүү байна

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамиртай ярилцлаа.

-Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа. Ер нь энэ зорилт хэрэгжих боломжтой юу?

-Монгол Улсын алтны шороон ордын үндсэн нөөц дуусаж байгаа. Ер нь бол 2-3 жилийн дараа дуусна гэж үздэг. “Алт-2” хөтөлбөрийн зорилго нь алтны шороон ордын нөөцийг нэмэгдүүлэх, хайгуулын ажлыг үе шаттайгаар эрчимжүүлэх юм. Зөвхөн газрын хэвлийг ухахаас гадна техник, технологийг нь боловсронгуй болгох, худалдааг нь нэмэгдүүлэх зорилготой.

Манайд 360 орчим алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бий. Монголбанкны зүгээс хайгуулын зардалд хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжиж байгаа. Ухаж олборлохоос өмнө нөөцийг нь тогтоох хэрэгтэй шүү дээ. Тиймээс гол нь нөөц тогтоох хайгуулын ажлыг сайн хийх хэрэгтэй.

-Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өссөөр байгаа шүү дээ. Нэг ёсондоо алтны олборлолт нэмэгдсэн гэсэн үг. Үүнийг дагаад алтны компаниуд олширсон байх?

-Хамгийн эрчимтэй олборлоод мөнгө болдог зүйл бол алт шүү дээ. Алтанд тээврийн асуудал байхгүй. Жижиг учраас шууд мөнгөнд хөрвөх чадалтай. Дэлхийн эдийн засаг алт руугаа түлхүү анхаарч байна. Алтны олборлолт буурахгүй байгаа. Харин манайд Урт нэртэй хууль гарснаас болж хувиараа алт олборлогчид маш их болсон. Ер нь Монголбанкинд тушаасан алтны ихэнх нь бичил уурхайчид байдаг.

-Өнгөрсөн жил гэхэд л бичил уурхайчид 8.8 тонн алт тушаасан байсан. Монголбанкинд тушаасан алтны тэн хагас нь гэсэн үг. Тэгэхээр бичил уурхайчид алтны компаниудтай эн тэнцүү алт олборлож байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр байгаа шүү дээ?

-Үүн дээр анализ хийж үзэх ёстой. Яагаад гэвэл хууль ёсны компаниуд алт тушаасныхаа хэрээр улсад их хэмжээний татвар төлдөг. Гэтэл хувь хүн алт тушаалаа гэхэд хаанаас авчирсан нь мэдэгддэггүй. Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутагт гар аргаар алт олборлох явдал эрс нэмэгдсэн. Зарим аж ахуйн нэгж хэлдэг. “Компани байснаас хууль бус олборлогч болъё. Хүлээх хариуцлага нь бага” гэдэг юм билээ.

Гэхдээ хууль бусаар алт олборлох нь эрүүгийн хариуцлага хүлээдэг. Газрын хэвлийн баялгийг зөвшөөрөлгүй ухаж авна гэдэг эрүүгийн хэрэг л дээ. Үүн дээр Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж байгуулагдсан. Энэ хэлтэс маш олон эрүүгийн хэргийг илрүүлсэн. Гэтэл яг шүүхэд орсон нь цөөхөн байдаг. Ихэнх хэрэг нь хаагддаг.

-Улсаас бичил уурхайчдын ажил явуулах журмыг нь өөрчлөөд, олборлолт хийдэг төхөөрөмжийн хэмжээг нэмсэн нь асуудал дагуулаад байгаа юм шүү. Бараг л техникжсэн нинжа буюу зарим компаниасаа ч илүү хүчин чадалтай хэсэг бүлэг хүмүүс бий болсон. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Тийм ээ. Хүнд байдалд хүрсэн. Бид хүчээр хааж, боогоод янз бүрийн аргаар л үздэг. Гэвч төрийн байгууллага үүнд хүчгүйдэж байна. Монгол Улс маш өргөн дэлгэр болохоор тэр болгонд бид хамгаалалт, хяналт тавихад хүч хүрэхгүй байна л даа. Бичил уурхайн журмыг өөрчилсөн гол зорилго нь ямар ч байсан зохион байгуулалтад нь оруулаад татвараа төлдөг болгох чиглэл рүү хандуулахаар зорьсон. Манайхан бичил уурхай гээд л нүд үзүүрлээд байгаа . Бичил уурхай, хууль бус олборлолт хоёроо ялгаж, салгах хэрэгтэй.

Өнөөдөр 120 мянга орчим бичил уурхайчид байна. Манай уул уурхайн салбарт нийтдээ 50 мянган хүн л ажилладаг шүү дээ. Гэтэл бичил уурхай гэх том массыг хамаагүй хориглож болдоггүй. Хатуу хориглосноороо улам тэр хүмүүсийн буруу аргаар алт олборлох хүслийг нь бадрааж өгдөг. Тэгэхээр ямар ч байсан эмх журамд нь оруулаад бололцоот нөхцөлийг нь хангах хэрэгтэй.

Нийтдээ 77 сумдад олборлолт явж байгаа гэсэн судалгаа байдаг. Тиймээс бичил уурхайчдад олборлолтын техникийг нь нэмж өгье гэдэг журам гаргасан. Үүний дагуу зохион байгуулалт өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн явагдаж байна. Аливаа юм сайн, муу хоёр талтай байдаг. Бичил уурхайн зөвшөөрөл аваагүй хэр нь том том техник оруулж ирээд олборлолт хийж байгаа хүмүүс байна. Тиймээс эднийг хариуцсан эзэнтэй болгох хэрэгтэй байгаа юм.

-Алтны компаниуд хоцрогдсон аргаар олборлолтын ажил явуулж, техник технологийн хүчин чадал муугаас хаягдал их гаргаж байгаа. Мөн бичил уурхайчид гар аргаар алт олборлосоор байна. Ер нь нөхөн сэргээлтийн ажил хэр явагдаж байгаа вэ?

-Шороон ордын хувьд хүндийн хүчээр олборлох арга ашиглаж байна. Энэ нь ус их шаарддаг. Алт агуулж буй элс, шаврын хэмжээнээс шалтгаалан хэр их ус орох, ямар технологи ашиглах нь тодорхойлогддог. Үүнийг түүхий эдийн нөөц, ТЭЗҮ батлуулахдаа шийддэг. Өмнө нь алт олборлогчид усан буу буюу даралттай усаар алт угаах аргыг түлхүү ашигладаг байсан бол одоо Шинэ Зеланд, АНУ-аас авчирсан тоног төхөөрөмжийг хэрэглэж байна. Тэгэхээр ер нь ашиглаж буй төхөөрөмжүүд сайжирч байгаа.

-Ер нь бичил уурхайчид нөхөн сэргээлт хийсэн тохиолдол бий юу?

-Ганцхан л бичил уурхай нөхөн сэргээлт хийсэн байдаг. Ирэх арваннэгдүгээр сард нөхөн сэргээлтийн мэдээ гардаг. Энэ дүн гайгүй өссөн байх болов уу гэж найдаж байна. Ер нь хууль бус алт олборлогчид Монгол Улсын бүхий л газар нутагт тарсан байдалтай байдаг. Голын салаа болгон дээр төхөөрөмжөө байрлуулсан байдаг. Гэтэл тэрийг нь бид буулгаж чаддаггүй. Эзэн холбогдогч н ь тогтоогддоггүй. Очихоор зугтдаг. Бүр мэдээллийн сүлжээтэй болчихсон.

Мэдээлэгчид нь уулан дээр манаа хийгээд сууж байдаг. Тэр болгонд төрийн байгууллага хүч дутдаг.

-Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг Засгийн газраас тогтоол гаргаад хүч түрэн авдаг нь ард иргэдийн эсэргүүцэлтэй нэлээд тулгардаг. Танайх хэрэгжүүлэгч агентлаг учраас яалт ч үгүй тусгай зөвшөөрлийг нь гаргадаг л байх?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд явагдана. Саналыг бол ярилцаж хэлэлцэлгүй л яах вэ. Баянхонгорын Түйн голын эрэг дээр Монголросцветмент нэгдлийн дөрвөн лицензийг хүчингүй болгосон. Хэрэв хүчингүй болговол нөхөн төлбөрийн асуудал яригддаг. Тиймээс хуулийн дагуу тус компани нөхөн төлбөрийн асуудал тавьсан. Үүний мөнгийг улсаас гаргах хэрэгтэй болсон.

-“Эрдэнэсийн эрэг” хэмээх компанийн үйл ажиллагааг Төв аймгийн Заамар сумын малчид эсэргүүцээд сүйд болж байгаа. Учир нь тус сумын Өвөрнаймган гэдэг газарт 1554108 га газрыг “Эрдэнэсийн эрэг” компанид лицензээр эзэмшүүлэхээр болсныг тэд эсэргүүцсэн. Энэ лицензийг “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд танайхаас олгосон байдаг. Үүн дээр тайлбар хийгээч?

-Заамарын Өвөрнаймганы ам нэртэй талбай бол хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар олгогдсон. Хязгаарлагдмал сонгон шалгаруулалт гэдэг нь тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд дунд явуулахаар журамд заасан. Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 9, 10 тоот тогтоол гаргасан.

9 тогтоолоор Өвөрнаймганы ам, 10 тоот тогтоолоор Түмэнгийн Дөрөлж гэдэг хоёр талбай дээр хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах, энэ дээр орж ажиллах хамтарсан компаниудыг байгуулах тогтоол гаргасан. Тэгээд энэ тогтоолын дагуу аймгийн Засаг дарга, төлөөлөгчдийн хурлын дарга хоёр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр 41 тоот албан бичиг ирүүлсэн.

Энэ албан бичгийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар руу чиглэл өгөөд албан бичиг явуулсан. Энэ бичигтээ “Талбайд сонгон шалгаруулалт явуулах боломжтой бол зарлах нь зүйтэй. Орон нутгаас санал ирсэн” гэсэн. Орон нутгийн Засаг даргын бичигтэй, яамнаас ирсэн чиглэлттэй, дээрээс нь уг талбай нь сонгон шалгаруулалтын талбай байсан учраас бид сонгон шалгаруулалт зарлахгүй гэсэн ямар ч хуулийн үндэс байгаагүй.

Тэгээд зарлах бололцоотой байсан учраас 2017 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарласан. Зарыг өдөр тутмын сонин, вэб сайтад тавьсан.

-Тэгээд юу болсон бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Заамар хайрхан нийгэмлэг” гэдэг төрийн бус байгууллагаас албан бичиг ирсэн. Агуулга нь юу вэ гэхээр, “тухайн хоёр тал талбай дээр зарласан сонгон шалгаруулалтыг цуцалж өгөөч ээ” гэдэг асуудал тавьсан. Тэгээд нэгэнт төрийн бус байгууллагаас ийм бичиг ирсэн тул дахин судлах шаардлага гарсан учраас сонгон шалгаруулалтыг тодорхой хугацаанд түдгэлзүүлсэн.

Тэгээд энэ хугацаанд асуудлыг ярилцаад өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр А123 тоот тушаал гаргаад нэгийг нь зарлая, нөгөөг нь зарлахгүй гэдэг шийдвэр гарсан. Түмэнгийн Дөрөлж нэртэй 5,628 га талбайд зарласан сонгон шалгаруулалтыг цуцлаад Өвөрнаймганы ам нэртэй 15,548 га талбайд зарласан сонгон шалгаруулалтыг явуулахаар болсон.

Уг сонгон шалгаруулалтад “Эрдэнэсийн эрэг” гэдэг компани шалгарсан байгаа. Шалгарсан компанид тусгай зөвшөөрөл олгосон. Энэ компани 834 сая төгрөгийн санал тавьсан. Босго үнэ нь талбайн хэмжээнээс хамаараад 34 байсан. Үүн дээр нэмээд 800 сая төгрөгийн санал тавьсан. Ингээд энэ компанийг шалгаруулж, зөвшөөрөл олгосон.

Зураг