Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

О.Саранчулуун: Бид бусадтай биш өөрөө, өөртэйгөө уралддаг

ikon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Ахиллис Монгол” Төрийн бус байгууллага, Ариг банктай хамтран жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Итгэл найдвар, боломж Улаанбаатар 2017” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн энэ 09 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэхүү тэмцээн нь гүйлтийн спортоор дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөртөө итгэх итгэл өгөх, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэж, иргэдийн ойлголт  хандлагыг эерэгээр өөрчлөх зорилготой. Бүх нийтийн марафон болон гүйлтийн спортын талаар “Ахиллис Монгол” Төрийн бус байгууллагын тэргүүн О.Саранчулуунтай ярилцлаа. 

-Удахгүй марафон болох гээд та түмэн завгүй гүйгээд байна уу? 

-Бүх нийтийн марафоноо зохион байгуулах гээд хоногийн 24 цагтай уралдаад ажиллаж байна. Өдөрт таван цаг унтаж, амарч байгаа нь надад аз болчихоод байх шиг байна.

-Ингэж завгүй “харайлгаж” байгаад том ажлын ард гарах сайхан байдаг байх даа? 

-Тэгэлгүй яахав. Нэг их уужуу амьсгаа авдаг.  Манай марафоны цар хүрээ өдөр ирэх тусам өргөжин тэлж байна. Энэ жил гэхэд бид 5000 дугаар тараахаар хэвлэж бэлтгэсэн. Гүйлтийн зайн хувьд 3 км, 5 км, 10 км, 21 км, 42 км болон тэргэнцэртэй гэж хуваасан байгаа. Яагаад тэргэнцэртэй иргэдийг тусад нь уралдуулж байгаа юм бэ гэж гайхаж магадгүй. Манай тэргэнцэртэй тамирчдын дугуй нь уралдааны дугуй биш л дээ. Тэдний хувьд тэргэнцэрээ эвдчихбэл хөлөө гэмтээсэнтэй адилхан гэсэн үг.

Түүнээс гадна найман насны ангилалтай, бидний тооцоолж буйгаар 200 гаруй хүн өргөмжлөл авна. Манай тэмцээнийг ивээн тэтгэгчид бас зарим оролцогчдод маань гарын бэлгээ гардуулна гэдгээ хэлсэн. Иргэд 09 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйхгүй байсан ч хамаагүй ирээрэй гэж уримаар байгаа юм. Яагаад гэвэл тэр өдөр биеийн жин үнэгүй үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгөх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ байгаа. Хамгийн гол нь юу гээч иргэд өөрөө, өөрийгөө ялаад барианд орж байгаа хүүхэд, залуучууд, ахмадуудыг харж амьдралын бас нэг амтыг мэдрэх боломжтой. 

МАНАЙД ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД УРАЛДДАГ ГЭСЭН ОЙЛГОЛТ ТОГТЧИХСОН БАЙСАН

 

-Би хэдэн жилийн өмнө “Гинжийг тасалья” гээд нөлөөллийн марафон гүйлтэд оролцож байсан. Дараа жил танай марафон гүйлтийн тэмцээнийг очиж үзсэн л дээ. Тэр өдөр бүхэлдээ эрч хүч, хайр, бөөн догдлол дунд өнгөрдөг юм шиг санагдаж байсан.

-Яг тэгдэг л дээ. Марафоны үеийн тэр сайхан мэдрэмжийг ярихаасаа өмнө гэнэт нэг түүх хуваалцмаар санагдчихлаа. Би анх гүйлтийн хөлтэй болсны дараа цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг байсан юм. Тэр үед “Хамтдаа гүйцгээе” фэйсбүүк группээ дөнгөж нээчихээд байсан үе л дээ. Тэгээд өглөө гүйх хүн байна уу. Хүрээд ирээрэй хамтдаа гүйцгээе гэж хэлэхэд “Бид чамтай хамт гүйж болох юм уу” гэж асуудаг байсан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гүйж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хоёр хөлтэй эрүүл саруул хүмүүс ч хамтдаа гүйж болно гэдэг тийм ойлголт харьцангуй тааруухан байсан л даа.

Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүн, жирийн хүмүүсийн хооронд үл үзэгдэгч хана босчихсон байсан. Дараа нь уламжлал болгон энэ марафон зохион байгуулагддаг болсноос хойш иргэдийн ойлголт болоод, хандлагын зөрүү бага багаар арилж байгаа нь харагдаж байна. Мэдээж үүнийг шууд хэмжих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафонд оролцсон тооноос тодорхой өөрчлөлтийг харж болохоор байгаа юм.

Анх “Хамтдаа гүйцгээе” гүйлтэнд цөөхөөн хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцож байсан өнгөрсөн жилийн Итгэл найдвар, Боломж дээр тоо харвал 96 болсон байна лээ. Дээр нь сайн дурын ажилтнуудын тоо, ирж үзэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байна. Энэ бол иргэд болоод хөгжлийн бэрхшээлтэй хүний ялгаа, заагыг арилгах, дээр ярьсан үл үзэгдэгч ханыг бага ч болов нимгэлэхэд тус болж байгаа гэж боддог. Үүнийг марафоноос харахад сэтгэл догдлохгүй байхын аргагүй. Дээр нь сайн дурын залуучууд, хүүхдүүдээ харахаар бөөн эрч хүч авна шүү дээ. Тэд маань ядарч байсан ч инээмсэглээд ажилладаг. 

-Ингэхэд та ер нь яаж анх гүйлтийн спорттой холбогдсон юм бэ?

-Дуустал нь ярьбал урт түүх бий. Би багш нарын мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Колумбын их сургуульд нэг жил суралцсан юм. Тэнд байхдаа дасгал хөдөлгөөн хиймээр байсан ч Монголд хийлгэсэн хөл маань тэр болгон чөлөөтэй хөдөлгөөн хийх боломж олгодоггүй байлаа. Америкт спортлог байсных нь төлөө гүйлтийн хиймэл хөл өгдөг  байгууллага байдаг гэж сонсоод холбогдсон.

Материал бүрдүүлж өгөөд гүйлтийн хиймэл хөлтэй болсон л доо. Нью Иоркийн төв паркад шинэ хиймэл хөл дээрээ гүйж үзэх гээд явж байтал Ахиллис гэсэн ногоон өнгийн хувцастай над шиг хөлгүй хүмүүс байсан. Тэдэнтэй танилцлаа. Нэг ахимаг настай хүн хаанаас ирсэн, хөлөө хэрхэн ашиглаж байна гээд их сонирхож ярилцсан.

Маргааш нь билүү нөгөөдөр нь Ахиллисын олон улсын салбар хариуцсан мэргэжилтэн гээд Монгол бүсгүй надтай уулзсан. Өмнө нь паркад тааралдсан ахимаг настай хүн Ахиллисыг үүсгэн байгуулсан Дик Траум байсныг ч дуулгасан. Ингээд олон жилийн өмнө Монголд байсан Ахиллисын салбараа сэргээх сонирхолтой байгаагаа хэлж намайг сонирхоод үзээрэй гэсэн. Гэхдээ түүнээс өмнө Нью Иоркийн гүйлтийн тэмцээнд нэг орчихмоор байна даа гэж хэлсэн л дээ. Гүйлтийн шинэ хөлөө аваад удаагүй байсан болохоор тийм том тэмцээнд гүйнэ гэдэг миний ой тойнд багтахгүй сандарч байсан. 

ГҮЙНЭ ГЭДЭГ МИНИЙ ХУВЬД БЯСАЛГАХТАЙ Л АДИЛ

 

-Гэхдээ л тухайн үед таны ой тойндоо багтахгүй байсан Нью Иоркийн марафонд их амжилттай оролцсон санагдаж байна. 

-2014 оны 12 дугаар сард би Нью Иоркийн марафонд найман цаг гүйсэн. Ёстой л уйлахын наагуур амьтан барианд орж, дуусгагчийн медалиа авсан. Медалиа аваад өөрийн фэйсбүүктээ зургийг нь оруулсан чинь хүмүүс намайг түрүүлсэн гээд бодчихсон. Сонин хэвлэл дээр гарсан.  Бариандаа орсон хүнд ч медаль өгдөг гэдэг ойлголт байгаагүй. Зөвхөн түрүүлсэн эсвэл шагналт байранд орсон хүн медаль авдаг.

Түрүүлэхийн тулд уралддаг гэсэн нэг тийм тогтчихсон ойлголт бий болчихсон байсан. Тухайн үед гүйлтийн соёлд тийм ч сайн суралцаагүй байсан юм болов уу. Гурван жилийн өмнө гүүгл дээр гүйлттэй холбоотой хайлт хийхэд монгол хэл дээр их цөөхөн мэдээлэл гарч ирж байсныг санадаг юм.

-Түрүүлэх гэж л гүйдэггүй юм гэж үү гэдэг асуулттай их тулгарч байв уу?

- Тийм ээ, уралдаан гэдэг уралдахын нэр. Гэхдээ манай Ахиллисын хувьд уралдаан гэдэг өөрийгөө ялан дийлэх, өөртэйгөө уралдахыг хэлдэг. Тиймээс бид заавал түрүүлсэн хүнд биш өнөөдөр өөрийгөө нойрноос, залхууралтаас, нийгэм болоод харилцааны бэрхшээлээс суга татаад үсдээд гүйлтийн зам дээр авч ирээд барианд орсон хүн бүрийг ялагч гэж үздэг.

-Гүйлтийн спорт хүнд ямар сайн зан чанарыг төлөвшүүлдэг юм бэ? 

- Гүйлтийн спорт хүнийг гайхамшигтай тэвчээр, хатуужилтай болгодог. Сэтгэл санаа тавгүй, сэтгэл тогтохгүй байх үед гүйхээр их сайхан тайвширдаг. Миний хувьд гүйлт бараг бясалгал болгочихоод байна. Би ихэвчлэн ганцаараа гүйдэг л дээ. Ямар нэгэн зүйлд сатаарахгүй ганцаараа нэг цагаас дээш гүйхээс тайвшраад, орчин тойрноосоо хөндийрөөд хэсэгхэн  гоё байж чаддаг. Би хүн болгоныг заавал гүй гэж албадах эрхгүй.

Гэхдээ бүх спортын суурь нь гүйлт байхгүй юү. Асуудал тулгарлаа гэхэд уйлж унжаад, тэр асуудлаа ахин дахин бодож улам гиюүрч байснаас зүгээр л гүйчихсэн нь надад бол амар байдаг. Дээр нь гүйлтийн спорт ялсан мэдрэмж өгдөг гэдгийг би дээр яриандаа дурдсан. Хүн ямар нэг юм зориод хийгээд дуусахаар сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Үүнтэй  л адил өглөө босоод зорьсон зайндаа гүйгээд дуусахаар тийм мэдрэмж авдаг.

Би өнгөрсөн жил автомашины осолд орж маш хүнд гэмтсэн. Хэвтээгээрээ бие засаж, толгойгоо даадаггүй байлаа.  Ёстой өмнө нь гүйж байсан тулдаа хөл дээрээ хурдан боссон, сэргэсэн. Тэгэхээр гүйлтийн ач тусыг тоочоод дуусахгүй маш их шүү дээ. 

ХҮН ХӨЛӨӨРӨӨ БИШ ТОЛГОЙГООРОО АМЬДАРДАГ ГЭЖ ЭМЭЭ ХЭЛДЭГ БАЙСАН

 

-Таныг хүнд хэцүү сорилт бэрхшээлийг даван туулж байсныг би таны тухай нэг баримтат киноноос үзсэн юм л даа. Тэгээд тийм их сорилт бэрхшээлийг яаж нугарахгүйгээр туулсан юм бэ гэж асууя даа гэж бодож байлаа.

-Би анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Хүмүүсийн зан үйлийг хэрхэн өөрчлөх талаарх хичээлийг оюутнуудад заагаад нэлээд удаж байна. Бас дээр нь хорт хавдар өвчнөөр өвчилж, амьд гарсан даван туулагч хүмүүүсийн нэг. Хөгжлийн бэрхшээлтэй байх ямар байдаг вэ гэдгийг мэдэхээс гадна хорт хавдар гэдэг энэ аймшигт өвчний хор хөнөөлийг ч сайн андахгүй. Одоо бол автомашины ослоос амьд үлдсэн даван туулагч бас болчихоод байна.

Ер нь сэтгэлийн болоод бие мах бодийн хүнд хэцүү, сорилтуудыг нэлээд туулсан, чадах чинээгээрээ давсан гэж өөрийгөө боддог. Өөрийнхөө амссан зовлон, бэрхшээлийг хүмүүс битгий туулаасай гэж боддог болохоор би энэ нөлөөллийн ажлуудыг хийдэг.  

Бага насандаа туулсан хүнд хэцүү зүйлсийг давж туулахад миний ард хоёр эмэгтэй байсан. Миний эмээ, ээж хоёр.  Манай эмээ надад “Хүн хөлөөрөө биш толгойгоороо амьдардаг юм. Хөлгүйнхээ төлөө гутарна гэдэг бол утгагүй хэрэг. Өөртөө итгэлтэй, тэвчээртэй байх ёстой” гэж хэлдэг байсан юм. Тухайн үед хүүхэд байсан нарийн ухаж ойлгодоггүй байж дээ.

Миний эмээ жирийн л малчин хүн. Эмээгийнхээ амьдралын ухаан, ухаарлын хүчинд би өөрийгөө өдий зэрэгтэй яваа гэж боддог. Би чадахаараа олон хүнд өөрөө өөрийгээ ялахыг өөрийн биеэрээ үлгэрлэж харуулах юмсан гэж боддог. Би өөрөө үлгэрлэхээс гадна өөр олон үлгэр жишээ хүмүүсийг бий болгох, нийгэмд танилцуулахсан гэсэн бодолтой  жирийн л нэг ээж хүн. Хүүхдийнхээ амьдрах ирээдүйг гэрэл гэгээтэй байгаасай, ялгаварлан гадуурхалт битгий байгаасай гэж хүсдэг учраас нийгэмдээ сайн сайхан зүйл хийх гэж хичээж явна даа.

 

-Удахгүй болох бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнд амжилт хүсье. Хүмүүс идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хамт олон, найз нөхдөөрөө их бүртгүүлж байна уу? 

-Баярлалаа. Манай марафонд Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Ариг банк, Орифлэйм компанийн хамт олноороо оролцож байгаа олон газар байгаа. Дээр нь АПУ компани жил бүр гүйлтэд оролцогчдод маань усыг хангадаг. Ивээн тэтгэж, дэмжиж хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүс, байгууллага хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа. 

 

Ц.ОЮУНТУНГАЛАГ