Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны “хүйсгүй хүүхэд” Канадад бүртгүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шинээр төрсөн хүүхэддээ эрүүл мэндийн дэвтэр нээлгэхдээ тодорхой хүйс тэмдэглүүлээгүй орхисон дэлхийн анхны тохиолдол Канадад бүртгэгджээ. Эцэг нь хүүхдийн хүйсийг хүчээр тулгаж өгч болохгүй, ямар хүйстэй хүн болохоо өсөх явцдаа өөрөө шийднэ гэж үзэж байгаа аж. Хүүгийн эцэг Кори Доти “Хүний хүйс нь бэлэг эрхтнээр тодорхойлогдох ёсгүй гэдгийг бид одоо ойлгох цаг нь болсон” гэж хэвлэлд ярьсан байна.

“Ямар хүйстэй болохыг нь хүчээр оноож болохгүй. Өөрийгөө ямар хүн болохыг өөрсдөөр нь шийдүүлэхээр нээлттэй үлдээх хэрэгтэй” хэмээн тэр ярьжээ. Канадын эрх баригчид түүний Сирил Этли нэртэй хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хэвлэж өгөхдөө хүйсийг нь заалгүй үлдээсэн нь ийм үзэлтэй хөдөлгөөнийхний хувьд том ялалт болсон байна.

Доти өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болсноосоо хойш өнөөдрийг хүртэл засгийн газраар хүүхэддээ хүйс оноолгохгүйн төлөө тэмцсэн ажээ.

Доти өөрөө транс хүйстэй нэгэн юм. Хүйс оноохын эсрэг хөдөлгөөнийхөн түүний оршин суудаг Канадын Бритиш Колумб мужид эртнээс тэмцлээ эхлүүлжээ. 2015 онд тус мужийн хүний эрхийн байгууллага анх удаа тэдний хүсэлтийг сонссон байна.

Удаан хугацааны тэмцлийн эцэст Бритиш Колумб мужийн захиргаа Сирил хүүд “U” гэсэн тэмдэглэгээг хүйсний заалт дээр нь хэвлэж өгсөн юм. “U” нь “undetermined”, “unassigned” гэсэн утгатай гэнэ.

Гэхдээ Дотигийн тэмцэл үүгээр дууссангүй. Хүйс тэмдэглүүлээгүй хүүхэд нь тус мужийн бүртгэлийн системд бичигдэх боложгүй болжээ. Систем нь анхнаасаа хоёрхон хүйсийг тэмдэглэх зориулалттай тул асуудал үүссэн байна. Доти дахин шүүхэд хандаж, үүнийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргажээ. Шүүх хурал ирэх намар болохоор төлөвлөгдсөн байна.

 

Эх сурвалж: The Guardian