Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна

ikon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар  Багшийн хөгжлийн тухай хуулийн асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилж, зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ асуудалтай  холбогдуулж гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэнэ.

Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан.

Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ.

Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багш, эмчийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хуульчилж зохицуулалтыг нь оруулж өгсөн.

Тэр утгаараа Багшийн хөгжлийн тухай хуулийг нийслэл, 21 аймгийн 10 мянган багш нарын дунд гурван жилийн хугацаанд хэлэлцүүллээ.

Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-д өргөн барихад АН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага аваад гэдийгээд суучихлаа.

Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байхад “Бид үүнийг хэлэлцэхгүй” гээд байгаагаа одоо зогсоо гэдгийг албан ёсоор шаардаж байна.

Монголын олон мянган багш нар хичээлийн шинэ жилээс өмнө хуультай болчих юмсан гээд хүлээж байгаа. 

Төрийн албан хаагчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа.

Уг хуулийн төсөлд багш, эмчийн 36 сарын нөхөн олговор, удаан жилийн нэмэгдлийг суулгаж өгөхөөр хуульчилсан байна.

Иймд Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нар ажлын байрандаа хөгжих боломжтой, цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдчихэж байгаа гэдгийг ч УИХ-ын гишүүн Н.Учрал онцолсон юм.

Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй болох юм байна. 

Улсын хэмжээнд ЕБС, их, дээд сургуулиудад 40 гаруй мянган багш ажиллаж байна.

Мөн хуулийн төслийн хүрээнд СӨБ, ЕБС, их, дээд сургууль, албан бус боловсролын төв, хүүхдийн зуслан, тодорхой сургалтын төв, чийрэгжүүлэлтийн төвийн багшид хамаарах талаар ярьж байна.

Үүнийг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн төвшинд ярилцаад явах юм байна" гэлээ. 

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг