Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Лавровын ярианы бичлэгийг Путин үзүүлэхэд бэлэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон Дональд Трамп, Сергей Лавров нарын уулзалтын үеэр АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг Оросын талд дамжуулсан гэх дуулиан ойрын өдрүүдэд дэгдээд байна.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэлэхдээ “Хэрвээ АНУ-ын засаг захиргаа хүсвэл бид Трамп, Лавров нарын ярианы бичлэгийг Сенат болон Конгресст үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэр Италийн ерөнхий сайд Пауло Жентилонитай уулзсаны дараа хэвлэлийнхний өмнө ингэж мэдэгдсэн байна.

Кремлийн албаныхны мэдээлснээр Цагаан ордонд болсон уулзалтын аудио бичлэг биш, гараар бичсэн тэмдэглэл нь тэдэнд хадгалагдаж байгаа гэнэ.

Өнгөрсөн Даваа гарагт Вашингтон Пост сонин Дональд Трампыг тагнуулын нууц мэдээлэл ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровт дамжуулсан тухай мэдээлсэн юм. Трамп үүнийг няцааж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд зохих ёсны мэдээллийг Оросын талд хүлээлгэн өгсөн гэж мэдэгджээ.

Харин Путин өчигдөр ярихдаа “АНУ-д улс төрийн шизофрени өвчин газар авч байгааг бид харж байна” гээд “Лавровт нууц задалсан гэж АНУ-ын ерөнхийлөгчийг буруутгаж байгаагийн эсрэг би үүнээс өөр үг хэлж чадахгүй нь” гэсэн байна.

“Ямартай ч энэ бол АНУ-ын дотоод асуудал тул бидэнд нөлөөлөх хүсэл алга” гэж Путин хэлжээ.

Тэрээр дараа нь Италийн ерөнхий сайдад мөн нууц мэдээлэл дамжуулсан бөгөөд сэтгүүлчдэд энэ тухай дэлгэх боломжгүй хэмээн хошигносон байна.

Дуулианы дараа АНУ-ын холбоотнууд цаашдаа Вашингтонтой нууц мэдээлэл солилцохоо больж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлж байв. Харин Британий ерөнхий сайд Тереза Мэй үүнийг няцааж, АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцсон хэвээр байхаа амласан юм. Өөр нэг холбоотон Израйль улс бас дээрх дуулиан АНУ-тай харилцах харилцаанд нь нөлөөлөхгүй гэдгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Russia Today