Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

THAAD-ийн эсрэг Хятадууд РЭП дуугаар тэмцэж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост байрлуулсан пуужингаас хамгаалах THAAD системийг Хятадууд эсэргүүцэж, албан ёсны мэдэгдэл гарган, олон нийтийг хамарсан жагсаал хийж байв.

Тэгвэл тэмцлийн шинэ хэлбэрийг сүүлд нэмж сонгосон нь рэп дуу байлаа. Хятадын Сичуань мужийн CD Rev нэртэй рэп хамтлаг эх оронч агуулгатай шинэ дууны видеог гаргасан нь энэ сарын эхээр онлайн орчинд тарж эхэлжээ. THAAD системтэй холбоотой маргааны улмаас Хятадад солонгос бараа бүтээгдэхүүний эсрэг бойкот зарлаж, Лотте зэрэг дэлгүүрээр үйлчүүлэхгүй байх хөдөлгөөн өрнөсөн. Мөн Өмнөд Солонгосыг зорьдог жуулчныхаа тоонд хязгаарлалт хийсэн юм.

Дээрх видео уран бүтээлд “Хөөрхөн бяцхан хөрш хүүдээ хэчнээн удаа анхааруулах вэ? Чамд үнэндээ ийм тоглоом хэрэггүй”, “Том ах чинь гомдож байна”, “Хятад буу сумны оронд зөвхөн энх амгаланг хүснэ, Гэхдээ хэн нэг нь хил хязгаарыг давбал бид хариуг нь өгнө” гэх зэрэг үгтэй ажээ.

Хятадууд THAAD-ийн радарын хүрээ өөрийнх нь зүүн хойд нутгийг хамрах тул үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гэж үзэж байгаа.

THAAD-ийн байрлаж байгаа Өмнөд Солонгосын Сёнжу мужийн иргэд мөн өөрсдийгөө Хойд Солонгосын бөмбөгний гол бай болж байна гэж үзэн тэмцсээр байгаа юм.

Хятадын рэп хамтлагийн дуу англи, хятад хоёр хэл дээр бүтээгджээ.

Эх сурвалж: Business Insider