Монгол Улсад эдүгээ ардчилсан дарангуйлал тогтсон тухай би өмнөх нийтлэлдээ бичсэн. Тэгвэл иргэд бид энэ дарангуйлалтай хэрхэн тэмцэж болох талаар ярилцах цаг нь ирлээ.
Ардчиллын байгууллуудын хэлбэр нь хэвээрээ ч, эдийн засгийн хүндрэлийг далимдуулан дарангуйллын шинжтэй удирдлагын арга барил нэвтэрч байна.
Демократур-улстөрчид, нэг хүний чанга дэглэмийг дэмжигч сэхээтнүүд ардчиллын байгууллуудыг ашиглан, ардчиллын үзэл санааг үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлсэн үзэл бодлыг түгээж эхэллээ. Үүний тод илрэл бол Монголд ерөнхийлөгчийн засаглалыг ихээр сурталчлах болсон явдал юм.
Төрийн хөрөнгө завшигчид ял зувчуулж, улмаар төр засагт эргэн шургаж байгаа учир ардчиллын байгууллууд нь бюрократууд, олигархи болон гэмт хэрэгтнүүдийн бүтцэд барьцаалагдаж, гаднаас нь харахад ардчилсан хэвээрээ харагдавч үнэндээ демократур-улстөрийн элитийн, компанийн хэлбэртэй бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хамгаалагчид болсоор байна. Төрийн удирдлагад мэдлэг бага, хувийн сонирхлоо чухалчилсан ажилтнууд нэмэгдэхийн хэрээр ардчилал дарангуйллын хэлбэрт шилжих нь хурдасдаг.
Монголын ардчиллын ирээдүй тодорхой биш болж эхэлсэн энэ мөчид ардчиллын үнэ цэнээ аварч, хамгаалж үлдэх хамгаас чухал хоёр хэрэгсэл бол иргэний нийгэм болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм аа.
Төрийн удирдлагад иргэний нийгмийн оролцоо багасахын хэрээр төр засаг улам хаалттай, хяналтгүй болж, улмаар авлига улам бүр цэцэглэн хөгжих болно.
Ардчилсан төр засагтай оронд төрийн эзэн нь иргэд, төр нь иргэдийн өмч юм. Тийм ч учраас ардчилсан нийгэмд улс төрийн болон төрийн байгууллуудад иргэний нийгэм хүчтэй нөлөөтэй. Иргэн бүр хууль ёсны шаардлага тавих замаар төр засгийг эрүүлжүүлэхийн төлөө тэмцэж болно гэдэгт итгэх ёстой. Төр засаг чинь таны мөнгийг аль хэр өгөөжтэй зарцуулж байгаа, төр засгийн ажлын талаар та аль хэр сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлдэг байх ёстой. Иргэд төрийн түшмэд болон авлигаас үүсч байгаа асуудлуудыг тодруулан харж, асууж шалгаж байх үүрэгтэй.
Нөгөө талаас, ардчиллын байгууллуудын гол зорилго бол иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэх, тэдэнд үйлчлэх явдал юм. Дарангуйлал руу буцаад гулгачихгүйн тулд иргэд бид ардчиллын бүх байгууллуудын үйл ажиллагааг тогтмол идэвхжүүлэх шаардлагатай байдаг. Ардчиллын байгууллуудын эрч хүчийг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах чадвартай, эрх зүйт, ардчилсан төрийг хөгжүүлэхэд чиглүүлэх учиртай. Байгууллууд нь нийгмийн амьдрал өдөр тутам хэвийн үргэлжлэхэд мөн иргэд өөрөө-өөрсдийгөө удирдахад дэмжлэг үзүүлж байх ёстой.
Төрийн эрх мэдлийн байгууллууд нь нийтийн, амин чухал асуудлуудыг шийдэхдээ бүхний түрүүнд ард иргэдийнхээ ашиг сонирхолд нийцүүлсэн байхыг ардчилсан нийгэм шаарддаг. Төрийн байгууллуудын шийдэх ёстой асуудлууд маш ойлгомжтой тодорхойлогдсон, тэд гол үүргээ аль хэр өгөөжтэй биелүүлж байгааг иргэд үнэлж дүгнэж болохоор байх ёстой.
Нийтийн ашиг тус гэж юуг хэлэх, түүнд яаж хүрэх тухай нийгэмд олон янзын үзэл бодол бий. Энэ нь ч ялгаатай улс төрийн намууд үүсэн гарч ирэхэд хүргэдэг. Олон намын бүтэц, намуудын улс төрийн бодит хүч, тэдний хоорондын өрсөлдөөн нь эрх мэдэл болон эдийн засгийн нөөц нэг гарт төвлөрөхөөс нийгмийг хамгаалж, шинэ санаа гарч ирэхийг дэмжиж, нийгмийн асуудлуудыг шийдэх өөр сонголтыг бий болгодог.
Улс төрийн намуудын эдийн засгийн нарийвчилсан хөтөлбөр нь сонгуулийн бэлтгэл эхлэхээс ч өмнө бэлэн болсон, ард түмнээс дэмжлэг авсан байх ёстой. Учир нь сонгуулийн үеэр ч, түүний дараа ч эргэцүүлэн бодох цаг гардаггүй ажээ.
Бүх нийтийн сонгуулиуд нь ард түмний нийгмийг шударгаар зохион байгуулах эрмэлзлээ хэрэгжүүлэх багаж хэрэгсэл юм. Иргэд нь сонгууль болох цагт, улс орныхоо бодит байдлыг аль болох бүрэн ойлгосон байх ёстой. Шинээр гарч ирэх удирдагчид ч шүүх засаглалыг бодитой ажилладаг, хүмүүст ашигтайгаар шинэчилж, төр засгийг удирдаж, авлигыг арилгаж, нийтийн хөрөнгийг завшихыг зогсоож, хүнд суртлыг багасгах чадвартай байх ёстой.
Улсыг удирдах эрх олж авахын тулд элитүүд нийгмийн ашиг сонирхлыг дэмждэг, үйл ажиллагаа нь ил тод, шинээр гишүүд элсүүлдэг гэдгээ ард түмэндээ харуулж чадсан байх ёстой. Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн цэвэр улс төрчөө сонгон сойно гэдэг хүлээлт нийгэмд өнөөдөр бий болоод байна.
Ардчилсан оронд нийгмийн асуудлуудыг ил тод, нээлттэй хэлэлцэх нь онцгой чухал. Ардчилал нь ард түмэнд мэдээлэл авах эрхийг олгодог учир шийдвэр гаргах явц нь нээлттэй, ил тод байхад чухал ач холбогдол өгдөг. Шийдвэр гаргах хэлбэр нүдэнд ил байж л нийгмийн хяналт хэрэгжинэг.
Харин энэ хяналтын ажлыг сонгууль болон санал асуулга явуулах (импичмент) бүх явцыг даган ажиглаж, ил тод олон нийтийн хэлэлцүүлэг явуулдаг хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэний нийгмийн төлөөлөл гартаа авах ёстой.
Үзэл санаа, сонирхлын зөрчилдөөн, мөн улс төрийн үзэл бодол, ардчиллын суурь зарчим болон үнэт зүйлийг ойлгох, хэрэгжүүлэхийн төлөөх зөрчилдөөн нь ардчиллыг бэхжүүлж байдаг. Ардчилал нь зөрчилдөөнийг тайван замаар илэрхийлэх, шийдвэрлэх арга хэрэгсэл юм. Зөвхөн ардчиллын үнэт зүйлд аюул учруулж болзошгүй зөрчилдөөнийг л хүчээр дарах шаардлага гардаг.
Ардчилсан, хуулийн засаглалтай улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу засгийн газар, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн байгууллагууд ба олон нийтийн байгууллага, хөдөлгөөн, мөн улс төрийн зүтгэлтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг нүднээс далд хянаж байдаг.
Ардчилсан нийгэмд хүн бүр үнэнийг мэдэх эрхтэй учир хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үндсэн хуулиар баталгаажсан, мэдээллийн эрх чөлөөг хангах болон хүн төрөлхтний үнэт зүйл болох шударга байх, үнэн байх, ялгаатай байр суурийг хүндэтгэх, үг хэлэх эрх чөлөө болон жудгийг хамгаалах ёстой.
Өнөөдөр Монгол улсыг ардчилсан дарангуйллаас аврах цорын ганц гарц бол иргэд бид өөрсдөө бөгөөд Монгол хүн бүр иргэний нийгмийг хөгжүүлэх, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох явдал юм.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.