Зураг
Зураг
Индэр    
2015 оны 12 сарын 11
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хуримтлал ба эдийн засгийн өсөлт

Зураг

Зах зээлийн эдийн засгийг бүтцээр нь хувь хүмүүсийн хэрэглээ (C), Засгийн газрын худалдан авалт (G), хувийн салбарын хөрөнгө оруулалт (I) болон гадаад худалдааны тэнцлийн (Ex-Im) нийлбэр гэж үздэг.

Энэ нийлбэрийг бас тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP=ДНБ) гэж нэрлэдэг. ДНБ-ийг хүн амын тоогоор нь хуваагаад нэг хүнд ногдох хэмжээ буюу тухайн орны эдийн засгийн чадавхийг багцаалдаг бол өмнөх жилтэй нь харьцуулаад тухайн эдийн засгийн өсөлтийг нь тооцдог.

Эдийн засгийн өсөлт нь тухайн орны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн эсэхийг илэрхийлдэг учир хөгжлийн хандлагыг тогтооход их чухал тоо.

Тэгвэл эдийн засгийн дээрх бүрэлдэхүүн хэсэг тус бүрт, хөгжлийн хандлагад нь бас нөлөөлдөг нэгэн том хүчин зүйл бол тухайн үндэстний хуримтлал.

Үндэстний хуримтлал улс орны түвшинд бол тухайн улсын гадаад валютын нөөц, хувь хүмүүсийн хувьд бол хүн амынх нь хөрөнгө, банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгө, компаниудын хувьд бол өөрийн хөрөнгө болон хуримтлуулсан ашгаас тус тус бүрддэг.

Уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засагтай манайх шиг оронд бол үндэсний хуримтлалд бас Үндэсний баялгийн санг оруулж тооцдог.

Тус сан нь эрдэс баялгийн олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзлээс болоод эдийн засгаа тогтвортой, жигд явуулахын тулд тухайн эрдсийнх нь үнэ өндөр байхад орлогоо татан хуримтлуулж, гадаадад байрлуулж, улмаар үнэ буурсан үед эдийн засаг руугаа татан оруулж ашигладаг.

Гэтэл манайд тийм сан байдаггүй. Сонгууль болохоор л сан байгуулах тухай амладаг улстөрчид гарч ирдэг.

МОНГОЛЧУУДАД ХУРИМТЛАЛ БАЙНА УУ?

Өнөөдөр бид үндэсний хуримтлалын тухай ярих шаардлагатай боллоо. Шил дараалан цуврах хямралын овон товонд замд шидэгдэх Монголын эдийн засаг маань Хүүхдийн паркийн “Галзуу хулгана” тоглоомыг санагдуулж байна.

(Roller coaster). Эдийн засгийн огцом уналтыг зөөллөж, өсөлтийг нь дэмждэг нэг том механизм бол үнэхээр хуримтлал бөгөөд энэ тухай сүүлийн үед монголчууд ярилцах болов.

Хэдийгээр зөвхөн банкны салбар дахь хадгаламжийг хамарч байгаа ч иргэд бага багаар мөнгөө хадгалах нь чухал гэдгийг ойлгож, ялангуяа залуу гэр бүлүүд хуримтлалтай болохыг тэмүүлж буй нь сайшаалтай.

Сарын өмнөөс жишээ нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”- ийг Монголбанк, СЯ, БСШУЯ, СЗХ нар хамтран баталсантай холбогдуулан энэхүү хөтөлбөрийн хүрээнд Голомт банк нь Монголбанктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг санаачилжээ. Монгол Улс эдүгээ 820 мянгаад айл өрхтэй, бараг хүн бүр банкинд данстай боловч нийт айл өрхийн 90 хувь нь хадгаламжгүй байгааг тэд тогтоосон байна.

Хэрэв тэдний ядаж гуравны нэг нь өрхийн орлогоосоо сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал арван жилийн дараа 13 сая төгрөгтэй болж, Монгол Улсын үндэсний хуримтлал 3.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх гэнэ.

Тэгж чадсан айл өрх бүрт “Голомт” банк жилийн эцэст тогтмол өсөж ирсэн хадгаламжийнх нь 20 хувьтай тэнцэх урамшуулал олгох аж. Тэгвэл айл өрх бүр энэ урамшуулалд оролцоход юу саад болж байна вэ?

Нэгдүгээрт, хүн амын орлогын түвшин харилцан адилгүй, ялгаа нь тэлсээр байгаа явдал. Хүн амын тавны нэг нь эдүгээ ядуугийн ангилалд буюу сарын орлого нь амьдралын наад захын хоол, хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.

Энэ тоо хорин жилийн өмнө хүн амын гуравны нэгтэй тэнцэж байжээ. Дундаж анги буюу сарын хэрэгцээгээ хангаад тодорхой хэсгийг нь хуримтлуулах түвшний орлоготой иргэдийн тоо хүн амын хагасыг бүрдүүлж байна.

Хоёрдугаарт, монголчууд бидний дунд мөнгөө хуримтлуулах заншил нэг л сайн тогтохгүй байна. Олон зуун жил мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдэлчдийн сэтгэлд хөрөнгийг мөнгөөр биш, малаар үржүүлэх бодол давамгайлсаар байгаа.

Засгийн газрын хувьд хуримтлал хийх тухай бодохоо байгаад удаж байна. Юунд зарцуулах, яаж эргэн төлөхөө тооцохгүйгээр гадаадаас ихээхэн өр зээл авч эхэлсэн бөгөөд эдүгээ өрийг өрөөр яаж дарах тухай л төр засгийнхан бодох болжээ.

Орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогын үр дүнд дунд орлоготой иргэд зардлаа хуримтлал болгож эхэлсэн нь зүйтэй алхам юм. Гэвч энэ зээлийн хүү нь зах зээлийнхээс хоёр дахин бага учир урт хугацаанд тогтвортой биш юм.

Хувийн компаниуд ч өрсөлдөх чадвар сул, гадаадын зах зээлд гарч, дорвитой томорч чадахгүй байгаа тул бизнесээ өр тавихгүйгээр өөрийн хөрөнгөөрөө томсгох хэмжээнд хуримтлал хийж амжихгүй байна.

Монголын банкны хүүгийн зардал өндөр, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учир олсон орлогынхоо бараг 20 хувийг хүүгийн төлбөрт өгч буй нь яаж ч бодсон хэт том ачаалал юм.

ЯАЖ ХУРИМТЛАЛТТАЙ БОЛОХ ВЭ?

Хүн амын орлогын түвшин нь эдийн засгийн өсөлтөөс хамаардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хадгалахыг илүүцтэйгээр хүсэх теоромоор (the theory of marginal propensity to save) бол хадгаламж нь орлогын өсөх хэмжээгээр нэмэгддэг. Ихэнх улс орон иргэдийнхээ хадгаламж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль, журамтай.

Манайд ч гэсэн иргэдийн банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй олон жил явж ирсэн, цаашид дахин хоёр жил үргэлжлүүлэх эсэхээ УИХ эдүгээ хэлэлцэж байна.

Мөн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ногдол ашгаас татвар авдаггүй нь хөрөнгө оруулалт хэлбэртэй хуримтлалыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд бас нэг урамшуулал юм.

Улс орны түвшинд хуримтлалыг бий болгоход байгаа бүх нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой.