Зураг
Зураг
Индэр    
2015 оны 10 сарын 13
Зураг
Studied John F.Kennedy School of Government at Harvard University

Хэлвэл үг, гишгэвэл газар

Зураг

Ардчилсан орны хувьд өндөр хариуцлагад очсон хүнд популист үг хэлэх эрх байдаггүй. Нөгөө талаас ардчилсан оронд өндөр эрх мэдэлд хүрэхийн тулд популистууд олноор төрөн гардаг. Учир нь ардчилсан оронд л үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарладаггүй.

Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчид дээр жишээ авсан судалгааг харж байна. Ямар ч Ерөнхийлөгчийн өмнө тохиолддог нэг зүйл бол Ерөнхийлөгч болохоосоо өмнө тэд “Усыг эргүүлж, уулыг нураагаад” өгөхөө ард түмэндээ янз бүрээр амладаг аж. Харин эрх мэдэл, өндөр хариуцлагад хүрээд албаа авсных нь маргаашаас л өмнө нь огт төсөөлж байгаагүй, мэдэрч байгаагүй асуулт бэрхшээл, сорилтууд ар араасаа ундран гарч ирдэг аж. Яг л манан дунд яваа мэт “мэдрэмж” төрдөг гэнэ.

Хоёр том хөршийн дунд мянга мянган жилд тэсэн үлдсэн ард түмэн.

Монгол орны нэг онцлог байна. Хоёр том хөршийн дунд мянга мянган жилд тэсэн үлдсэн ард түмэн. Түүхийн зарим тохиолд хоёр хөрш орныхоо төрийг засч, улсыг бүтээж өгсөн түүхтэй. Нэг сая хүнийг нэг хүнтэй тэнцүү гэж бодоод үзье л дээ. Тэгвэл, манайх гурван хүнтэй. Урд хөрш мянга гурван зуу гаруй хүнтэй. Хойд хөрш 150 хүнтэй. Ийм цөөн хүн амтай орны хувьд хүмүүсийнх нь дотор тэсч үлдэхүйн эрмэлзлээ, уусчихгүй байх нэг том “булчирхай” байдаг нь “үндсэрхэг үзэл”.  

Үндсэрхэг үзлийг ард түмэн тээж болно. Том утгаар нь үндэсний үзлийг хүн бүр тээх ч ёстой. Улмаар бүгд эх оронч байх ёстой. Гэхдээ явцуу үндсэрхэг, шовинист үзлийг гааруулах нь эргээд хилэнц мэт амиа үрэх хорлонтой. Булчирхай эрхтний хэмжээнд томорвол хавдар болж хүний амийг үгүй хийхтэй ижил. 

Манайх шиг хүн ам цөөн бөгөөд эдийн засаг цэрэг зэвсгийн хувьд секунд тутам өсөн нэмэгдэж байгаа хоёр супер гүрний дунд оршдог ард түмний төрийн эрхэнд байгаа хүмүүс популистууд байж яавч болохгүй. Ялангуяа энэ улсын төрийн эрхэнд байгаа шийдвэр гаргагчид шовинист, анархист үзэлтнүүд байх нь эх орноо баллах хангалттай хөнөөл тарина. 

Тиймээс ард түмний бухимдал дээр дөрөөлж “улс төр” хийх нь цаг зуурыг нэр алдрыг мөнөөх этгээдүүдэд авчрах боловч, цаад хамрах хүрээгээрээ энэ улсад гай тарина. Булчирхай байх ёстой юу, мэдээж байх ёстой. Гэхдээ тэр булчирхай нь тархи, зүрхний орон зайг булаан эзэлвэл улс орон эрүүлээр сэтгэх чадваргүй болно. Хэрвээ булчирхайг авчихвал бие дархлаагүй болж устана. 

Нууц товчоон дээр “Хүн ахтай дээл захтай” гэж сургадаг. Энэ бол эрх мэдлийн эрэмбэ, захирах, захирагдах ёсон байх үзэл төдий сургаал биш юм. Хэзээ, ямар үгийг, хаана хэлэх вэ гэдэг төрийн зүтгэлтний заавал мэдэх эрдэм. 

Хүний гишгэх мөр, хэлэх үг нь эзнээ тодорхойлж байдаг. Одоо Монгол гэдэг өрх айл ийм эгзэгтэй цаг мөчид олны өмнө“хазгай гишгэх, хуудуу ярих” бололцоо байхгүй. Ялангуяа олон улсад, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх ёстой. Дотоодын долхилцоон, эрх ашгийн зөрчилдөөнийг хаа хаанаа буулт хийгээд уян хатан шийдэлд хүрэх цаг нь болсон. 

1950-иад оны Харвардыг төсөөлье. Дан эрэгтэй хүмүүс сурдаг байж. Бас бүгд цагаанууд. Дээр нь бүгд албан хувцастай сургуульдаа ирдэг байж. 65 жилийн дараах Харвард. Бараг дэлхийн улс бүрээс арьс өнгөний ямар ч ялгаваргүйгээр “бүх хүйс”-ийн хүн суралцаж байна. 1970 онд дэлхий даяар 7,252 үндэстэн дамнасан компаниуд ажиллаж байсан. 2006 онд энэ тоо 79 мянга болтлоо өсчээ. АНУ-аас гадна төрж өссөн MBA хүмүүсийн хувьд тэд дунджаар 5 оронд нэгэн зэрэг ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой байгааг судалгаа харуулж байна.

Харин Нэгдсэн улсад төрсөн MBA хамгаалсан залуусын хувьд нэгэн зэрэг 4 оронд  ажиллаж, туршлага олж, чадвараа сорих бодит нөхцөл бүрджээ. Дэлхийн зах зээлийн төв Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд ази руу шилжиж байна. Нэг улсын хил дотор тухайн улсдаа л бизнес хийж баялаг бүтээхээс илүү дэлхийн хэмжээнд баялаг бүтээгчдийн шинэ эрин үе ирчихсэн байна. 

Монголд ийм боломж бий. Монголын залуус оюуны өндөр итгэлцүүртэй. Хувь хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн, бүтээгч хүч, өөрийгөө дайчлах эрмэлзлэл өндөртэй. Монголын шинэ үеийн залууст дэлхийн дэвжээ ойртож байна. Юмыг дэлхийн энгээр хараалж, улс орноо тэрхүү өрсөлдөөнд бололцооны байр суурь эзлүүлэхийн төлөө монголын шинэ үеийн залуус өөрийгөө сорих бололцоотой. 

Дэлхий нэгэнт хэт либералчлагдаж буй энэ үед бид Монгол Улсын алсын харааг тун түргэн зөв хараалахгүй л бол хоцорчих гээд байна. 
Оюу толгой, Таван толгойн асуудалд хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь улам бүрхэг мэт иргэдэд санагдаж буй байх. “Гийндээ гий, гоондоо гоо” зүйлс олон байна. Улс төржүүлсэн популист хийрхэл дунд энэ асуудал улам л шавартай хутгалдаж байна. Попуилист гэхээр аль нэг талыг нь яллаад байгаа хэрэг бус хаа хаанаа ялгарахгүй болчихоод байна. 

Эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, нөгөө олон гавьяатууд, нөгөө олон докторууд эдийн засгийн талаар боть боть ном хэвлүүлсэн хүмүүс, цэвэр мэргэжлийнхэн одоо дуугарах цаг нь. Тэд одоо цэвэр мэргэжлийн үүднээс үнэн худлыг нь ялгаж салгахад байр сууриа илэрхийлэх цаг.

Хамгийн зөв гарц бол тоо баримт, өдөр судар дээр суурилсан бодит дүгнэлт. Баталгаатай фактуудад анализ хийж, энэ олон маргалдаж буй хүмүүс хэлэлцээний ширээнд сууж бодлогын хариултыг хамтдаа олох ёстой. “Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо”. Зарим асуудлыг хэт дэвэргэж, рекламдаж, сонгуулийн өмнөх хөөргөн занд хөөсрүүлмээргүй байна.

Учир нь биднийг маргалдах зуур, түүнд тайлбар хийх зуур “хажуу айл”-ууд чихээ бөглөөд суухгүй нь үнэн. “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг улсын язгуур эрх ашиг, дотоод асуудлыг дэлхийгээр нэг зарлан цацах хэрэг байгаа ч уу үгүй ч үү. 

Цаг явсаар цахилдгийн толгой хэдэнтээ шарлачихлаа...  

Өгүүллийг: С.Эрдэнэболд