Индэр    
2015 оны 7 сарын 1
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Нийгмийн суралцаа

Зураг

Ардчилсан улс орон нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд төр засгийнхаа үйл ажиллагааг аль болох ил тод болгож (transparency), бүх дансыг нь шилэн байлган, холбогдох төрийн (нийтийн) ажилтнуудтай нь шуурхай хариуцлага тооцдог (accountability) болчихвол нийгэм өөрөө алдаагаа тухай бүрт нь засаж залруулаад, тодорхой мөчлөгтэй сонгуулиар эрх баригчдаа дүгнээд явчихна гэж монголчууд бид итгэж ирлээ.

Гэтэл энэ нь хүн бүрт хөгжиж, дэвжих гарааны боломж олгодог ардчилсан, чөлөөт эдийн засагтай нийгмийг байгуулахад шаардлагатай боловч хангалттай нөхцөл биш гэдгийг бидний шилжилтийн гэх хорин таван жилийн түүх харуулж байна.

Харин тэр хангалттай нөхцөл нь юу байхыг Монголын сэхээтнүүд хайж эрэлхийлж байгаа ч одоо хэр нь нэгдсэн ойлголт, нэр томьёонд буулгаж чадаагүй явж ирлээ. Байж болох нэгэн санааг Английн Оксфордын их сургууль дээр саяхан болсон олон улсын хурлын үеэр хөгжлийн эдийн засагч, профессор Пол Колиер хэлснийг, жаахан лавлан судлаад хүндэт уншигч та бүхэнтэйгээ хуваалцахыг энд зорив.

БАЙГАЛИЙН БАЯЛАГ ЕРӨӨЛ БОЛОХ НӨХЦӨЛ

Байгалийн баялгийн удирдлагын институт (NRGI) гэдэг хараат бус, ашгийн төлөө биш олон улсын байгууллагын хурал Английн Оксфорд хотод болж гишүүн орны хувьд Монголоос төр болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.

Энэ байгууллага өмнө нь “Орлогоо хяна” (Revenue watch) нэртэй байсан. Байгуулагдсан цагаасаа “Олборлох аж үйлдвэрийн ил тод байдлын санаачилга” (EITI) төслийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд газрын тос, байгалийн хий, эрдсийн баялагтай орнуудын иргэдэд байгалийн баялгаа зөв зохистой, хүртээмжтэй ашиглахад нь зориулан мэдлэг, мэдээлэл түгээж, харилцан бие биенээсээ суралцахад тусалдаг аж.

Баялаг нь аль нэг хувь хүний оролцоогүй, байгаль эх өөрөө бүтээсэн учир тухайн орны хүн бүртээ хүртээлтэй байж, амьдралыг нь элбэг дэлбэг болгоход бодитой нөлөөлөх учиртай. Энэ нь эрх мэдэл бүхий цөөн хэдхэн хүний эрх ашигт үйлчлэх ёсгүй юм.

Тийм учраас төр засгийн бүхий л үйл ажиллагаа нь, ялангуяа байгалийн баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой зөвшөөрөл олгох, холбогдох хууль, журам, стандартыг боловсруулж, мөрдүүлэх, хянан шалгах, санхүү болон мөнгөн урсгалын мэдээлэл ил тод, холбогдох хүн бүр хариуцлага хүлээдэг байх ёстой гэж тус байгууллага үздэг.

Төр засаг нь тийм биш улсад (Нигери,Гана улсын жишээн дээр тайлбарласан нь сонирхолтой болов) төр засгийн удирдлага, цөөн тооны шийдвэр гаргагч, хил, гаалийн ажилтнуудтай холбоотой этгээдүүд  баяжиж, нийт иргэд нь ядуурч хоосордог байна.

Ийм улсууд төсвийн орлого нь их байх үед онц шаардлагагүй их зардал гаргаж, орлого нь багасах цагт гадаадад бонд арилжиж маш том хэмжээний зээл авдаг ажээ. Удалгүй зээлээ өгч чадахгүйд хүрэхээр дахин бонд гарган өмнөх зээлээ төлж явсаар өрийн торонд орооцолдож, сүүлдээ авсан зээлийнхээ бүр хүүг нь ч төлөх боломжгүй болдог. Тийм орнуудад байгалийн баялаг нь хараал болж хувирдаг.

Байгалийн баялгаа хараал биш ерөөл болгохын тулд төр засаг нь ил тод, хариуцлагатай байхаас гадна нийгэм нь суралцдаг байх шаардлагатай гэж профессор Пол Колиер хэлсэн нь анхаарал татав. Нийгмийн суралцаа (social learning) нь өндөр орнууд л өгөөжтэй хөгжиж ирснийг, Баруун Европын орнууд, жишээлбэл Германы түүх харуулж буйг тодорхой ярилаа.

НИЙГМИЙН ҮҮРЭГ

Стэнфордын их сургуулийн профессор Алберт Бандура нийгмийн суралцааны онолыг анх гаргажээ. Tyxaйн нийгэм өөрийн ажиглалтын үр дүнд, эсвэл тодорхой шахалт, шаарддагаар өөрийгөө яаж авч явахаа өөрчилж, шинэ нөхцөлд дасан зохицдог танин мэдэхүйн процессыг (явцыг) “нийгмийн суралцаа” гэж тодорхойлсон байна.

Хувь хүн аливаа үйлийг хийж, учир начрыг нь багаасаа танин мэдэх замаар ойлгодог, яваандаа мэдлэг боловсролтой болж, бас алдаагаа бодитой дүгнэж суралцсаар өөрийн биеэ авч явах байдлаа өөрчлөн, өсөж хөгждөгтэй адилаар нийгэмд ч бас ийм процесс явдгийг энд хэлж байна.

Нийгмийн суралцаа нь загварчлах буюу бусдын биеэ авч яваа байдлыг ажиглах, дуурайх, эсвэл эс дуурайх дээр тулгуурласан, гурван төрлийн байж болох аж. Тодорхой улс орны үйлдлийг ажиглаж амьд жишээн дээр, эсвэл бодит нөхцөл байдалд хэрхэн өгөөжтэй үйлдэл хийх тухайд зааварлагч маш дэлгэрэнгүй зүг чиглэл өгөх буюу ярилцах жишээн дээр, эсвэл тодорхой дүр бүтээж урлагаар буюу бэлгэ тэмдгээр нийгмийн суралцаа явагддагийг энэ онолоор тогтоожээ.

Ямар ч л гэсэн нийгмээрээ суралцаж, болж бүтэж буй зүйлээ үргэлжлүүлж, болохгүй бүтэхгүйгээ өөрчилж байх нийгмийн чадвараас улс орны маань хөгжил, энэ сэдвийн хүрээнд бол уул уурхайн баялгаа зөв зохистой ашиглах чадвар нь хамаарах аж. Улс орны хөгжил нь хүн нэг бүрийн хувийн хөгжил, нийгмийн амьдралд мэддэгтэй, идэвхтэй оролцохоос хамаарах тухай олон оронд эрчимтэй ярилцах болжээ.

Монгол Улсын хувьд эдүгээ хөгжлийнхөө хамгийн эгзэгтэй үед ирээд буй бөгөөд иргэн таны мэддэгтэй, хариуцлагатай оролцооноос хамаарч Филипин Улс шиг арваад айл өрх улс орныхоо нийт баялгийг эзэмшдэг болох, эсвэл ардчилсан, хөгжилтэй орнууд шиг ард нийтээрээ эзэмшдэг болох чиглэлээ сонгох юм.