Зураг
Зураг
Индэр    
2015 оны 4 сарын 8
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

АМЖИЛТЫН ЗАМ

Зураг

Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд оны эхээр бидний хэдэн нөхөд Японы алдарт компаниудын түүх, түүний дотор “Киосера” компанийг үндэслэн байгуулагч Казуо Инаморигийн тухай уншиж, сонирхон судалж байлаа. Түүний “Амжилтын төлөө тэмүүлэл” (Passion for success) нэртэй номыг олон дахин уншиж байсан бөгөөд нэг маань түүний KDDI компанитай хамтраад бизнесээ эхлүүлсэн билээ.

Казуо Инамори гуай 70 мянган ажиллагсадтай, 14 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй, нэг тэрбумын цэвэр орлоготой, 55 жилийн түүхэнд жил бүр ашигтай ажиллаж ирсэн алдарт “Киосера” ("Kyoto Ceramic”) компаниа 27 настайдаа байгуулж байжээ.

Мөн 23 жилийн өмнө түүний байгуулсан KDDI нь эдүгээ 15 мянган ажиллагсадтай, Японы харилцаа холбооны хоёр дахь том компани болсон төдийгүй өнгөрсөн жил гурван тэрбум ам.долларын цэвэр орлого олсон гэнэ.

Өөрийн менежментийн ухаан, өвөрмөц арга барил, нийгмийн төлөөх хүчин зүтгэлээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, Японы алдарт бизнесмен Инамори гуайтай саяхан Киото хотод “Киосера” компанийн төв байранд тухлан ярилцсаныхаа гол гол санааг нэгтгэж уншигч та бүгдийн сонорт хүргэх нь цагаа олсон, тустай зүйл болох байх гэж үзлээ.

Инамори гуай одоо 83 настай ч, компанийнхаа хүндэт тэргүүлэгчээр ажиллаж, менежментийн арга барилынхаа талаарх лекцээ гадаад, дотоодод уншиж, сургалт явуулж байгаа ажээ.

Тэрбээр гэргийн хамт 2006 онд Монголд айлчилж Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойд оролцсон, хөдөөгүүр аялж малчны гэрт зочилж, нүүдэлчин ахуй соёлтой танилцсанаа хуучлав. Чингис хааны тухай ном бичиж “Никкей” сонинд жилийн турш цувруулж гаргасан найз Сакайя Тайчи нь Монголд очихыг зөвлөж, хамтдаа явсан аж.

JAL-ЫГ ДАМПУУРЛААС ГАРГАСАН НЬ

-Олон жил алдагдал хүлээж дампуурахдаа тулаад байсан агаарын тээврийн JAL (Japan Airlines) компанийг та яаж ганцхан жилийн дотор ашигтай болгон эргүүлж чадав аа?

-Миний найз, Тээврийн сайд JAL-ыг дахин сэргээхийг надад санал болгосон юм. Би агаарын тээврийн тухай ямар ч мэддэг, туршлагагүй тул эхэндээ шууд татгалзсан.

Гэхдээ “Киосера”, KDDI хоёрыг бий болгож чадсан учир чи л үүнийг чадна гэсээр байгаад эцэст нь би зөвшөөрсөн юм.

Дампуурсан компанийг дотроос нь ажиглавал ажилчдынх нь оюун санаа, сэтгэл зориг нь “дампуурчихсан” байдаг. 

Дампуурсан компанийг дотроос нь ажиглавал ажилчдынх нь оюун санаа, сэтгэл зориг нь “дампуурчихсан” байдаг.

Сүйрэл толгойд эхэлдэг. JAL ч тийм байсан. Ажлаа аваад бүх газраар нь явж, олон хүнтэй уулзахад ажиллагсад, нисгэгч, хөлгийн үйлчлэгчид бүгд л ном зааврын дагуу ажиллаж байсан болохоос хэн нь ч сэтгэлээсээ үйлчлэхгүй байсан. Заримдаа бүр ихэмсэг санагддаг байлаа.

Аливаа компани бүхлээрээ, дээрээсээ доошоо бүх ажиллагсад нь нэг үзэл бодолтой байж, компанийг зөвхөн түүн дээр суурилж удирдах ёстой гэж би үздэг. Энэ нь ямар ч салбарын, ямар ч компанид адилхан.

Олон өдөр хэлэлцэж ярилцсаны эцэст бид JAL-ын менежментийн зорилгыг ажилтан бүрээ бие, сэтгэлийн хувьд аз жаргалтай байлгах гэж томьёолсон. “JAL бол та бүхний компани, бидний зорилго хүн бүр аз жаргалтай байх” гэж чин зорилгоо тодорхойлов. Барууны компаниуд шиг хувьцаа эзэмшигчдийн, эсвэл дээд удирдлагын ашиг сонирхлын төлөө гэж хэлээгүй.

Энэ үзэл санааг бүх түвшинд шингээн, хүн бүр хичээн зүтгэсний үр дүнд JAL компани жилийн дараа 184 тэрбум иений (бараг хоёр тэрбум ам.доллар) ашигтай ажилласан. 

Өөрийн туршлагаас үндэслэн гаргасан Инамори гуайн менежментийн энэ аргыг амёб (нэг эсээс тогтсон, тогттол устай нуур цөөрөмд оргидог эгэл биетэн) удирдлага гэдэг бөгөөд ялгар ч том компани, байгууллагыг жижиглэн хуваагаад, нэгж бурийн даргыг томилж, аж ахуйн бүртгэл тооцоотой ажиллуулахыг ийн хэлдэг аж. Амёбын дарга дээд удирдлагатайгаа зөвшилцөөд тус тусын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлдэг.

АМЖИЛТЫН ГУРВАН ГОЛ ЗАРЧИМ

-Инамори гуай, менежментийн тухай таны бичсэн номыг Монголчууд бид ч амтархан уншдаг. Таны саяхан хэвлүүлсэн “Амьдрах зам” номыг л гэхэд Японд 1.5, Хятадад хоёр саяыг борлуулжээ. Би бас таны “Амёб удирдлага” гэдэг номыг саяхан уншлаа. Бүгд л олон чухал, сайхан санаа, шийдлийг дэвшүүлсэн байдаг. Та Монголчуудад хандан амжилтад хүрэхэд хамгийн чухал гэсэн гурван зарчмыг хэлнэ үү?

Нэгдүгээрт, хүнийг хүндэл. Өнөөгийн ертөнцөд баян, ядуугийн ялгаа улам тэлсээр байна. Хөрөнгө баялаг бол хүний шуналын үр дагавар. Шунал хөгжлийг бий болгодог ч тогтолцооны гажгаас хамаараад газар сайгүй нийгмийн нэг хэсэг нь ядуу хэвээрээ үлдэж байна.

Авьяас чадвартай нь бий болгосон хөрөнгөө бусдын төлөө зарахгүйгээр энэ ертөнц эв найртай амьдрахгүй. Гарц нь юу вэ гэвэл бизнесийн хүмүүс бусдыгаа бүр илүү бодох, хайрлах явдал юм.

Хөрөнгө баялаг бол хүний шуналын үр дагавар. 

Тэрбээр надад нэг номоо дурсгахдаа эхний хуудасны дотор талд “Тэнгэрийг хүндэл, хүнийг хайрла” гэж ханз үсгээр доошоо татлан бичиж өглөө. Энэ нь бас “Киосера” компанийн уриа аж.

Хоёрдугаарт, даруухан бай. Их хөрөнгө, албан тушаал нь хүний ёс суртахууныг гажуудуулах, ихэрхэх, эсвэл ивээн тэтгэгчийн өнгө аясаар хандахад хүргэдэг нигууртай. Ийм манлайлагчтай компани, байгууллага түр зуурын амжилт гаргадаг ч, урт настай байдаггүй. Багийн гишүүд нь аажмаар унтарсаар, хамтарч ажиллахаа ч больдог.

Японд “Та байгаа учир би оршиж байна” гэж зүйр үг хүртэл бий. Бид өөрсдийгөө том юмны жижиг хэсэг гэж бодож байж л эв нийцтэй амьдарч, хамтарч чадна. Бусдыг эхэлж бод, өөрийгөө хажуу тийш тавьж сур. Бүх юмыг хоёр талаас нь харж бай.

Гуравдугаарт, зоригтой бай. Аливаа асуудлыг сайн бодож, олон талаас нь харж байж шийдвэр гарга. Бүх зүйлд нарийн мэдрэмжтэй хандаж, хийх ёстой л гэж үзвэл зоригтой шийд. Нэгэнт шийдсэн бол бүх хүч чадлаараа ажилла, дуустал нь яв.

Тэгж чадвал хамт олон тань урам зоригтой ажиллаж, таны болон хамт олны чинь бүтээмж өндөр байна.

Аливаа асуудлыг сайн бодож, олон талаас нь харж байж шийдвэр гарга.

Инамори гуай JAL-д очихоор шийдсэний дараа долоо хоногт зөвхөн гурван өдөрт нь ажиллах тул цалин авахгүй гэжээ.

Тэр хэдэн сая долларын үнэ цэнийг бүтээсэн ч сард 100 иений цалин авч байсан гэнэ. Киотод гэр бул нь байсан бөгөөд өөрөө Токиод зочид буудалд ганцаараа амьдарч, ажиллаж байжээ.

Өдөржин ажлаа хийж олон хүнтэй уулздаг байсан бөгөөд шөнө тарах үед нь бүх хоолны газар хаагдсан байдаг тул шөнийн дэлгүүрээс гоймон авч буцалсан усаар шингэлж идээд олон оройг өнгөрүүлж байсан гэдэг. Ная гарсан ч “Шийдсэн л бол шийдсэн гэж бодож байсан” гэнэ.

Нээрээ л, тэнгэрийг хүндэлж, хүнийг хайрлаж явцгаая, Монгол ах дүү нар минь!