Зураг
Зураг
Индэр    
2014 оны 7 сарын 29
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Грэгори Голдхавк: Монгол хэд хэдэн буруу алхам хийснээс хямралд бусад орноос илүү ихээр өртсөн

Зураг

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Канад улсаас манай улсад суугаа Элчин  сайд Грэгори Голдхавкийг урьж ярилцсан юм.

-Элчин сайд аа, та манай улсад хамгийн удаан сууж байгаа Элчин сайд. Канад улсаас Монгол Улсад суугаа хоёр дахь Элчин. Та Монголд ирэхээсээ өмнө манай улсад Элчин сайдаар хэр удаан ажиллана гэж бодож байсан бэ?

-Цөөн хэдэн үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү л дээ. Гэвч тайлбарлахыг хичээе. Би гэр бүлийнхээ хамт энд бараг дөрвөн жил амьдарч байна. Үнэхээр гайхалтай он жилүүд байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хамгийн их мэргэжлийн ур чадвар шаардсан, сонирхолтой, сэтгэл хангалуун өнгөрсөн он жилүүд байлаа. Миний гэр бүлийнхний хувьд ч ялгаагүй.

Миний охин сурч байгаа сургуульдаа их дуртай бол миний эхнэр эндхийн соёл, нийгэмд чиглэсэн асуудлуудад анхаарлаа идэвхтэй хандуулж ажилладаг. Бидний хувьд үнэхээр гайхалтай дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө. Мэргэжлийн болон хувь хүний үүднээс хэлэхэд.

-Би хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд мөн ийм байсан гэж ойлгож байна...

-Миний бодлоор ч гэсэн тийм.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ямар томоохон үйл явдал болж өнгөрсөн бэ?

-Дахиад л тоймлож хэлэхэд хэцүү юм байна. Манай Элчин сайдын яам байгуулагдаад таван жил болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нэлээд өөрчлөлт  хийгдсэн. Намайг энд ирснээс хойш Элчин сайдын яам байраа сольж Улаанбаатар хотын төв рүү нүүсэн.

Бид боловсон хүчнийхээ тоог ч нэмэгдүүлсэн. Мөн Монголд явуулдаг арга хэмжээнийхээ тоог нэмсэн. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг бид тэмдэглэсэн. Мөн мэдээж хоёр орны хооронд зарим айлчлалуудыг хийсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Канадын ерөнхийлөн захирагч хүндэт Дэвид Жонстон Монголд албан ёсны айлчлал хийсэн. Дээд түвшний өөр айлчлалууд ч хийгдсэн. Ер нь л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэлээд өөрчлөлт гарч, ололт амжилт ч арвин байлаа.  

-Канадын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна гэж сонссон.

-Тийм ээ. Бид энэ долдугаар сарын сүүлчээр Канадын Гадаад хэргийн сайд хүндэт Жонн Бэйрд энд айлчлал хийх байх гэж таамаглаж байна. Энэ нь Канад Улсын Гадаад хэргийн сайд Монголд хийж байгаа анхны айлчлал болох юм. Би энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж байна. Монголын Засгийн газрынхан болон бизнесийн хүрээнийхэн мөн энэ уулзалтыг хүлээж байна.

-Таныг энд Монголд ажиллаж байх хугацаанд бид гуравдагч хөршийн хэмээх бодлого хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулсан Монголын энэ шинэ бодлогын өөрчлөлт, үр нөлөө, үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт хэлэхэд, гуравдагч хөршийн бодлого нь Монголын хувьд их чухал зүйл. Миний харж байгаагаар Монгол дэлхийн олон улстай харилцаа холбоогоо улам өргөжүүлж, хөгжүүлж байна. Мөн хоёр хөрш орноосоо илүү хараат бус бие даасан байдалтай болж хөгжиж байна. Орос, Хятад нь Монголын хувьд эдийн засгийн төдийгүй өөр хамтын ажиллагааны хөрш. Миний бодлоор гуравдагч хөршийн бодлого нь Монголын хувьд цаашид хөгжүүлэх ёстой зүйл.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний хувьд Монгол Улс дэлхийн тавцанд гарч хөгжихийг харах хамгийн тааламжтай байлаа. Монгол Улс Ази төдийгүй дэлхийд тулгамдсан олон асуудлууд дээр хүчтэй тоглогч болж байгааг харах сайхан байна. Монгол Улсад ийм боломж бололцоо байгааг харах сайхан байлаа.

-Бидэнд Канадыг Монголын бусад гуравдагч хөрш орнуудтай харьцуулахад юу онцлог өөр давуу талтай болгож байгаа талаар хэлэхгүй юу?

-Миний бодлоор нэгдүгээрт, Канадыг бусад гуравдагч хөрш орнуудаас ялгах гол зүйл нь хоёр орон болон ард иргэдийн адил төстэй талууд болов уу. Монгол, Канад орон хоёулаа өргөн уудам газар нутагтай, мөн хүн ам цөөтэй нь харьцуулж болохуйц.

"Миний бодлоор гуравдагч хөршийн бодлого нь Монголын хувьд цаашид хөгжүүлэх ёстой зүйл"

Эрс тэс уур амьсгалтай, газарзүйн нөхцөл байдлын хувьд ч төстэй.. Манай хоёр улс томоохон хөрш орнуудтай. Мөн хоёр орны эдийн засаг ашигт малтмалын хөгжилд тулгуурласан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Канад удаан хугацааны хөгжлийн замыг туулж ирсэн, Монгол Улс ирээдүйд энэхүү хөгжлийн замаар замнах эрмэлзэлтэй юм болов уу гэж бодож байна. Миний бодлоор бидэнд ямар туршлага байгаа, хэрхэн хөгжсөн гэдэг талд хуваалцах зүйлс их байгаа.

-Манай хоёр орны хувьд адил зүйл болох ашигт малтмалын талаар ярилцъя. Барууны хувьцааны зах зээл дээх уул уурхайн хөрөнгө оруулалтын компаниудын дунд Канад хамгийн том биш ч нэлээд чухал байрь суурь эзэлдэг. Та хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг юу гэж харж байна вэ. Канадын олон компани Монголд үйл ажиллагаа явуулж байна. Таныг энд байх хугацаан дахь энэ салбарын өсөлт, уналтыг та харсан байх. Энэ өөрчлөлтүүдийг юу гэж харж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байгааг бид харсан. Канадын Элчин сайдын яамны зүгээс үйл ажиллагааныхаа өөрчлөлтийг жагсааж гаргасан. Намайг энд ирсний дараа Монголд багагүй өсөлт явагдаж Монгол Улс уул уурхайн салбарт дэлхийд томоохон байрь суурь эзлэх болсон. Би Монгол дэлхийн тавцанд уул уурхайн болон эдийн засгийн хувьд томоохон тоглогч байх бүрэн боломжтой гэдэгт итгэж байна. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ухралтууд ч ажиглагдлаа. Энэ ухралтуудын нэг бол дэлхий дахинд олон улсын зах зээл дэх үнэ буурсан явдал юм.

Энэ нь бүгдэд нөлөөлсөн. Үүнд Монгол, Чили, Канад, Австрали зэрэг эдийн засгаа байгалийн баялгаар босгосон орнууд өртсөн. Үүнээс зугтах боломж байгаагүй. Энэ үнийн бууралт нь Монголд ихээр нөлөөлсөн. Монголын хувьд бодлогын тал дээр хэд хэдэн буруу алхам хийж бусад орноос илүү ихээр хямралд өртсөн. Одоогоор бид нэлээд хүнд нөхцөлд ороод байна. Өөр хэлэх зүйл алга даа.

-Та гадны шууд хөрөнгө оруулалт болон уналт, бодлогын өөрчлөлтийн талаар ярилаа. Би танай олон нийт хариуцсан ажилтантай уулзаж байсан. Хоёр орны олон нийт хариуцсан хамтын ажиллагааны түвшин ямар байна вэ?

-Сайхан асуулт байна. Хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Канадын, гадны компаниуд төдийгүй Монголын компаниудын хувьд ч тэдний бизнес өргөжин хөгжихөд тулгарч байгаа хаалтуудын нэг нь тэдний үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн  орчин юм. Тогтвортой эрх зүйн орчин байхгүй бол бизнес эрхлэгчдийн хийдэг зүйл болох баялаг бүтээх, ажлын байр бий болгох, татвар төлөх гэх мэт нийгмийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байгаа юм.

Манай Элчин сайдын яамны болон бусад Элчин сайдын яамны зүгээс гол анхаарлаа хандуулж ажилладаг зүйл бол Монголын эрх баригчидтай хамтран ажиллаж Засгийн газрын бодлого, хүргэлтийг хэрхэн үр дүнтэй байлгах вэ гэдэгт өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Энэ бол бидний гол анхаарлаа хандуулж ажилладаг зүйл.

-Танаас олон нийтийн байгууллагуудын чанарын талаар асууя гэж бодлоо. Жишээлбэл, танай улсад томоохон сонгуулийн дараа төрийн байгууллагын ажилтнууд солигдож өөрчлөгддөг. Яагаад гэвэл нөгөө нам сонгуульд ялалт байгуулсан учраас. Яагаад ингэдэг юм бол?

-Энэ бол уламжлал, соёл болсон зүйл. Канадад бид Их Британийн Вестминстер загварыг дагаж ирсэн. Таны хэлсэнчлэн бид нийтийн үйлчилгээг гол болгодог. Засгийн газартаа ялгаварлалгүйгээр мэргэжлийн хүрээнд үйлчлэх ёстой гэсэн журам байдаг. Үүнийг дагаж мөрдөх ёстой. Энэ нь нам бус, мэргэшсэн байх ёстой нийтийн алба юм. Энэ бол бидний байгууллагын соёл.

-Энэ соёлын өөрчлөлтөөс болоод та нар Засгийн газарт ажилладаг албан хаагчдыг Засгийн газрын албан хаагчид буюу албаныхан гэж нэрлэдэг байгаад Олон нийттэй харилцах газрынхан гэж нэрлэдэг болсон уу?

-Энэ нь зөвхөн хэлэгдэх байдлаар өөрчлөгдөөгүй. Засгийн газрын үүрэг ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн. Намайг энд ирсний дараа гайхахад хүргэсэн зүйл нь гэвэл Засгийн газарт ажиллагсад өөрсдийгөө төрийн албаныхан гэж нэрлэдэг байсан. Харин Канадад бол нийтийн алба гэдэг. Би нийтэд ажилладаг, төрд биш. Ердөө хоёр үг л солигдох төдий ч агуулгын хувьд асар том ялгаатай өөрчлөлт юм.

-Ойлголтын өөрчлөлт...

-Ойлголтын хувьд их өөр байсан.

-Та Засгийн газарт бус хүмүүсийн төлөө ажилладаг.

-Би хүмүүст ажилладаг. Гэвч намайг Засгийн газраас томилсон. Энэ бол эрх баригчдын мэдэх зүйл. Би олон нийтэд хүрч ажилладаг. Тиймээс ч Канадад үүнийг олон нийтэд хандсан үйлчилгээ гэдэг. Эхнээсээ авахуулаад тийм байсан. Энэ бол соёлын нэг хэсэг.

-Та Засгийн газарт ажиллаж байна гэдэг нь хүмүүсийн төлөө ажиллаж байна гэсэн үг.

-Иргэдэд үйлчилгээг хүргэх үүрэгтэй.

-Элчин сайд аа, юу таныг Канадын Элчин сайд болоход хүргэсэн бэ?

-Би их азтай. Үнэхээр азтай гэж хэлж болно. Энэ гайхалтай үзэсгэлэнтэй Монгол оронд Канадын Элчин сайдаар ажиллаж яг энэ гайхалтай цаг хугацааг өнгөрүүлж байгаадаа туйлын баяртай байдаг. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж чадахгүй нь.

-Тэгвэл өөрөөр асууя. Та фермерийн хүүхэд байсан, тийм биз?

-Тийм ээ.

-Та хэд хүртлээ эцгийнхээ фермд туслан ажиллаж байсан бэ?

-19 хүртлээ би фермд ажилласан.  

-Та яагаад Гадаад хэргийн яаманд ажиллахаар шийдсэн бэ?

-Сонирхолтой асуулт байна. Би үргэлж гадаад ертөнцийг сонирхож ирсэн. Надад олон улсын амьдрал, бусад улсын түүх, соёл, хэл надад хүүхэд байхаас минь л гайхалтай санагддаг байсан. Би багаасаа л тэдгээр газруудад очиж, тэнд амьдардаг хүмүүстэй найзалж нөхөрлөн, тэдний амьдралын хэв маягаар амьдарч, тэдний амьдралыг өөрийн нэг хэсэг болгохыг хүсдэг байлаа. Би  үүнийг хийхийг хүсч байгаагаа мэддэг байсан. Тийм ч болохоор олон улсын чиглэлээр сурч, ажилласан.

-Та энэ замналынхаа дагуу олон оронд ажилласан. Хэдэн оронд ажиллаж амьдарч байсан бэ?

-Би тоолохоо больсон, тоогоо алддаг болчихсон.

-Цөөн хэдийг нь нэрлэвэл?

-Би карьерийнхаа багагүй хугацааг АНУ-д өнгөрүүлсэн. Мөн Грект Канадын Элчин сайдаар томилогдон ажиллаж байлаа.

-Энд Элчин сайдаар ажилласнаас хойшхи хугацаан дахь хамгийн сайхан өдрүүдийнхээ талаар дурсахгүй юу?

-Миний хувьд гайхалтай дурсамж олон байгаа. Нэг өдөр л гэхэд гайхалтай бялхам аз жаргалтай хэрнээ хамгийн хувь зохиолгүй мэт, уур бухимдлаар дүүрэн байдаг талаар хамтран ажиллагсадтайгаа наргин ярьж суух тохиолдол ч бас байдаг.

-Яг манай цаг агаартай адил...

-Канадын цаг агаар шиг ч байж болох юм. Гэвч Монголд байхдаа би хэзээ ч уйдаж байгаагүй. Нэг хором ч уйдаж байгаагүй. Монгол, Канадын харилцааг илүү олон тулгууртай болгох талд маш их боломж мөн бэрхшээлүүд байдаг. Өдөр бүхэн л ямар нэгэн шинэ зүйл тохиолдож байдаг юм. Намайг анх энд ирэхэд бид зөвхөн нэг л зүйлийн талаар ярьдаг байсан.

Мэдээж энэ сэдэв бол уул уурхай, хөрөнгө оруулалт, мөнгө. Дөрвөн жилийн дараа харахад манай хоёр орон илүү баялаг харилцаатай, илүү олон талын хамтын ажиллагаатай болсон байгааг харах сайхан байна. Одоо бид зөвхөн арилжааны хамтрагчид биш олон улсын энх тайван, аюулгүй байдлын тал дээр хамтрагчид болсон. Зөвхөн энэ бүс нутагтаа биш дэлхийн хэмжээнд.

Канад, Монгол батлан хамгаалахын хөгжил, бодлого хууль эрхзүйн хувьсгал, олон нийтийн үйлчилгээний хувьсгал дээр хамтран ажиллаж байна. Анагаахын салбар гээд би олон шинэ зүйлийг олж харж байна. Канадын Засгийн газрынхан, төрийн бус байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн, зүгээр л Канад, Монголын иргэд хамтран онцгой зүйл бүтээхээр ажиллаж байна.

Нэг талаас харвал манай хоёр орны хамтын ажиллагааны салбарууд илүү өргөжиж байна. Сүүлийн үед энд үйл ажиллагаа явуулж байгаа Канадын компаниуд илүү төрөлжиж байна. Бидний хамтын ажиллагаа  илүү өргөжиж байгааг харж байна.

Тухайлбал барилгын салбарт л гэхэд хамтын ажиллагаа өргөжиж байна. Модон барилгын  гэх мэт чиглэлд. Энэ нь улс орон даяар хөгжих төслүүдэд хэрэг болно. Мөн боловсролын салбарт багагүй өөрчлөлт хийгдэж байна. Зөвхөн оюутан солилцоо бус багш нарын солилцоо хийгдэж байна. Судалгаа, сургалтын материал гэх мэт. Би түрүүн анагаахын салбарын талаар ярьсан.

Монгол, Канадын Их сургуулиудын судалгааны институтүүд сонирхсон сэдвүүд дээрээ судалгаа хийж байна.  Монголын иргэдийн эрүүл мэндийн сэдэв дээр маш чухал судалгаа хийж байгаа. Ийнхүү бидний хамтын ажиллагааны салбар төрөлжиж байгааг харж байна. Энэ бол бидний хувьд том амжилт.

-Өнгөрсөн жил  Канадын ерөнхийлөн захирагчийн Монголд хийсэн айлчлалын үеэр Канадын олон их сургуулийнхан Монголд ирсэн.

-Тийм. Ерөнхийлөн захирагчийн айлчлалын үеэр анх удаа Монголд Канадын боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдсан. Канадын 20 гаруй сургуулиас төлөөлөгч ирсэн. Зарим нь ахлах сургуулиас ирсэн байхад олонх нь их сургууль, коллежиудаас ирсэн байсан. Тэд дэлхийн боловсролтой болохыг хүсч байгаа монгол залуустай уулзахаар энд ирсэн. Монгол залуус АНУ, Австрали, Их Британийн боловсролын системийн талаар мэднэ. Тэдэнд өөр сонголтууд хэрэгтэй.

Би Канад тэдний хувьд сайн сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна. Яг үзэсгэлэнгийн үеэр хэдэн хүн ирж үзэж сонирхсоныг хэлж мэдэхгүй юм. Гэвч бидний тооцоолж байснаас илүү олон хүн ирж үзсэн. Их дажгүй болсон. Энэ жил аравдугаар сард дахиж Канадын боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах бодолтой байна.

-Монголын оюутнуудын хувьд Канад руу явж суралцах нь АНУ зэрэг орон руу явж суралцахаас юугаар давуу талтай вэ. Зардал, тэтгэлэг гэх мэтийн хувьд. Бидэнд энэ талаар тайлбарлахгүй юу?

-Монгол оюутнууд Канадад сурдаг. Ванкуверээс авахуулаад Калгари гээд олон хотод монгол оюутнууд сурч байна. Хэрэв тэднээс яагаад Канадыг сонгосон юм бэ гэж асуувал тэд хамгийн түрүүнд зардлын талаар бодох байх. Канадад боловсрол олж авахад бусад орноос зардал багатай байдаг. Өөр нэг зүйл гэвэл чанартай туршлага. Канадын нийгэм их олон соёлтой. Миний бодлоор гадны оюутнууд зохицоход тохиромжтой орчин гэж үздэг.

Та өөрийн монгол уламжлалтайгаа Канадын нийгэмд амьдарч болно. Бид үүнд таатай ханддаг. Бид үүнийг бахархан тэмдэглэдэг.

Тухайлбал манай хамгийн том хот Торонтод л гэхэд миний мэдэхээр тэнд амьдарч байгаа хүмүүсийн 50 хувь нь зөвхөн Торонтод төрж өсөөгүй байдаг. Канадад ч төрж өсөөгүй байдаг. Ийм болохоор илүү төрөлжсөн гэж хэлж байна. Тэнд олон монгол хүн байгаа. Зөвхөн Монгол төдийгүй  олон орноос ирсэн хүмүүс байдаг. АНУ-аас ирсэн залуус багагүй хувийг эзэлдэг. Энэ нь тэдэнд туршлага болж өгдөг. Канад нь англи, франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Англи эсвэл франц хэлээ сайжруулах хэрэгтэй бол Канад явах хэрэгтэй.

-Би танай улсад хэд хэдэн удаа очиж байсан. Их олон соёл холилдсон байдаг нь миний сэтгэлд их тод үлдсэн. Америкт байснаас илүү. Ихэнх хүн Канадын хүн амын ихэнх нь цагаачид байдаг гэж төсөөлдөг ч үгүй. Энэ нь хотыг их өнгөлөг болгодог. Энэ нь ч хөгжихөд нь нөлөөлсөн байх. Та Монголоор хэр их аялсан бэ?

-Би аялах дуртай. Гэвч Монголоор бараг л аялж байгаагүй. Миний монгол хэл тийм ч сайн биш. Энэ гайхалтай орноор тийм ч их аялж байгаагүй. Нэг сайхан зүйл нь би Монголд жуулчнаар дахиж ирж болно. Монголын үзэсгэлэнтэй бүх газрыг үзэхийг хүсч байна.

-Канадад миний анхаарлыг татсан нэг зүйл нь уул уурхайтай газар нь ашгаа уул уурхайгүй газрын энгийн иргэдтэй хуваалцдаг юм билээ. Энэ нь уул уурхайгүй газруудад боломж олгож байна. Монголд тийм биш. Миний бодлоор энэ их сайн зүйл. Монголчууд үүнээс суралцах хэрэгтэй байна. Мэдээж урьд нь гаргасан алдаагаа та бүхэн зассан байх. Монголчуудад энэ сонирхолтой байх байх. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Миний бодлоор таны хэлж байгаа зөв. Ашигт малтмал дээр суурилсан эдийн засагтай Канадаас туршлага судлах хэрэгтэй. Бид энэ туршлагаа хуваалцах болно. Ямар нэгэн өөрчлөлт хийлгүйгээр шууд бидний туршлагыг ашигла гэж хэлэхгүй ээ.

Яагаад гэвэл нөхцөл байдал харьцангуй өөр учраас Монголын нөхцөл байдалд тохируулан өөрчлөх хэрэгтэй. Канадын хувьд ямар хуулиар хэрхэн зохицуулах, хэрхэн бизнес хийх гэдэг дээр нилээд суралцсан.

Алдаатай зүйлс ч байсан, түүнийгээ засаад сайжруулсан. Тийм ч болохоор бид нийгэмдээ зөвшөөрөгдсөн, байгаль орчиндоо ээлтэйгээр хэрхэн уул уурхайг хөгжүүлж болохыг сурсан маань Монголд загвар болж болох юм.

-Та цаашид юу хийх бодолтой байна вэ?

-Яг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ талаар бодохыг хүсэхгүй байна. Эндээс явмааргүй байна. Миний энд байх хугацаа дуусч байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн.  Охин маань эндээс Хойд Америк руу явахдаа онгоцны буудал дээр Монгол намайг өөрчилсөн гэж хэлсэн.

Энэ улсын бүх зүйл нь надад таалагддаг, хүмүүс нь ч гэсэн. Тэр мөн, энэ хэзээ ч миний байсан дипломат пост гэж бодохгүй, Монголыг эх орон шигээ бодох болно гэж хэлсэн. Тэр үнэхээр сайхан үг хэлсэн.