Индэр    
2014 оны 7 сарын 22
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

"Бид цаашид Монгол Улсад буцалтгүй тусламж олгох боломжгүй болсон"

Зураг
Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Роберт Шоэллхаммер

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Роберт Шоэллхаммерыг урьж ярилцсан юм.

-Оройн мэнд хүргэе. Та энд хэдэн жил ажиллаж амьдарч байна вэ?

-Цаг хугацаа их хурдан өнгөрчээ. Надад энд байх их таалагддаг. Бараг гурван жил болсон байна. Мөн 1992-1994 онд Монголд ажиллаж амьдарч байсан. Надад Монгол хоёр дахь гэр шиг минь санагддаг.

-1992-1994 он гэхээр Азийн хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн үе байх нь...

-Тийм ээ. Гэвч тэр үед би Монголд өөр ажлаар ирээд байсан юм. Тухайн үед би Удирдлага хөгжлийн институт буюу одоогийн Менежментийн академид ажиллаж байлаа. Энэ үед Монголтой танилцсан.

-Манай үзэгчдэд Азийн хөгжлийн банкны талаар товч танилцуулахгүй юу. Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ. Дэлхийн банкнаас ямар ялгаатай вэ?

-Азийн хөгжлийн банк 1960-аад онд байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулаад бараг 50 жил болох гэж байна. Азийн хөгжлийн банкны гишүүн орнууд нь Ази Номхон далайн орнууд байдаг. 1960-аад оныг эргээд харах юм бол тухайн үед Ази тив хөгжлөөр харьцангуй буурай, ядуу бүс нутагт тооцогдож байсан.

-Солонгосын дайны дараа?

-Тийм. Одоо Вашингтон, Лондоны зүгээс харах юм бол Ази нь дэлхийн эдийн засгийн төв болж байна. Азид эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж, үндэстэн дамнасан корпорациуд бий болж, дэлхийн олон оронд Азийн зүгээс хөрөнгө оруулалт хийгдэж байна. Гэхдээ 1960-аад онд Азийн хөгжлийн банк байгуулагдах үед Ази нь хөгжил буурай бүс нутаг байсан.

-Тийм.

-Азид улс орнууддаа үйлчилдэг, хөрөнгө оруулалтыг оруулж ирдэг, хөрөнгө, мэдлэгийг бий болгох тусгай мэргэшсэн институт хэрэгтэй байсан.

-Та энэ үйлст гар бие оролцжээ?

-Тийм ээ. Одоо ч энэ чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээр байна.

-Хэрэв хүсвэл энэ тивийн аль ч орон Азийн хөгжлийн банкны гишүүн байж болно. Мэдээж олон гишүүн оронтой байх?

-Азийн хөгжлийн банк нь 67 гишүүн орныг нэгтгэдэг. Азийн ихэнх орон манай гишүүн хэдий ч илүү олон улсын шинжтэй гэж гэж хэлж болно. Хойд Америк, Европын орнууд ч манай байгууллагад нэгдсэн. Азийн хөгжлийн банкны талаарх нэг номон дээр Азийн хөгжлийн банк дэлхийн хагасыг өөртөө нэгтгэсэн гэж бичсэн байдаг. Яагаад гэвэл дэлхийн нийт хүн амын тэн хагас нь Ази тивд амьдардаг. Азийн хөгжлийн банкны гол зорилго нь гишүүн орнуудаа дэмжиж ажиллах юм. Миний бодлоор Азийн хөгжлийн банкийг энэ тивд юу хэрэгтэй байгааг тодорхойлох мэргэжилтэн гэж хэлж болно.

Энэ банк нь зөвхөн дэлхий нийттэй ажиллаад зогсохгүй, гишүүн орнууддаа юу хэрэгтэй болохыг, тэдгээрийг Азийн нөхцөл байдалд хэрхэн тохируулах тал дээр ажилладаг. Бид Ази тивийг ийнхүү өндөр хөгжсөнд, бусад орнуудыг хөгжлийн замдаа ороход нь тусалсандаа баяртай байдаг.

-Та Монголд хийгдсэн томоохон өөрчлөлтүүдийг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс Азийн хөгжлийн банкны гишүүн орон болсны дараа бид энд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хэрэгжүүлсэн эхний төслүүд энгийн хэрнээ их үр дүнтэй байсан. Үүнд агаарын тээврийн, хуучин Буянт-Ухаа нисэх буудлын сэргээн засварлалт багтана. Энэ нь Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлсэн анхны төслийн нэг байлаа. Тухайн үед маш олон онгоц Монголын дээгүүр нисдэг байсан. Яагаад гэвэл онгоц хаана нисч байгааг тогтоох систем байгаагүй учраас ямар ч төлбөр төлдөггүй байсан хэрэг. Манай зүгээс энэ тал дээр их дэмжлэг үзүүлсэн.

Миний бодлоор Монголын дээгүүр нисч байгаа гадны орнуудын онгоцноос Монгол 90 сая ам.доллар олж байгаа байх. Энэ төсөл нь тухайн үедээ олж байсан орлогоосоо их зардлаар хийгдэж байсан. Та мэдэж магадгүй. 1990-ээд оны эхэнд бид энд ажиллаж байсан. Одоо энэ талаар бодоход инээдтэй санагдаж байна.

Миний санаж байгаагаар тэр үед Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо огцом нэмэгдэж цахилгаан станцууд нүүрсний хомсдолд ороход иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө зохиож байсан. Тэр үед цахилгаан, дулааны станцуудад нүүрсний хомсдол үүссэн ба дулаан, цахилгааны станцын ажиллагаа зогсвол хотод гамшгийн нөхцөл байдал үүсэх байсан.

-Та Монголд нийгэмд чиглэсэн олон төсөл дээр ажилласан юм байна. Ер нь нийтдээ Монголд хэр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ. Буцалтгүй тусламж ч юм уу. Энэ талаарх тоо баримтаас сонирхуулаач?

-Ер нь бол эхний 20 жилд бид буцалтгүй тусламж олгож байсан. Сонирхолтой биш санагдаж магадгүй ч Азийн хөгжлийн банкны зүгээс гишүүн улс орнуудаа гурван түвшинд хуваадаг. Монгол Улс “А” түвшинд хамаарч байлаа.

Монгол Улс “А” түвшинд хамаарч байлаа. Энэ улсууд нь тодорхой хэмжээний буцалтгүй тусламж болон урт хугацааны зээл авах боломжтой байдаг.

Энэ улсууд нь тодорхой хэмжээний буцалтгүй тусламж болон урт хугацааны зээл авах боломжтой байдаг. Бид тухайн үедээ жилд 50-70 сая ам.доллар гэсэн хязгаар тогтоож байлаа. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болсон өнөөдрийн Монголын хувьд их бага сонсогдож байж магадгүй. Гэвч тухайн үедээ энэ бол их мөнгө байсан юм.

-Их хэмжээний мөнгө байжээ?

-Тийм. Бид хаана хөрөнгө оруулахаа маш их судалж, сонгож байсан. Гэвч хөрөнгө оруулж байгаа мөнгөний 50 хувь буцалтгүй тусламж, 50 хувь нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл байдаг.

-Дэлхийн олон орон таны хэлснээр зээлээ эргэн төлөхдөө хүндрэлтэй тулгарч байна. Миний сонссоноор Азийн хөгжлийн банкнаас тухайн орон зээлээ эргүүлэн төлөхийг шалгадаг үр дүнд үндэслэсэн менежмент гаргасан гэсэн. Гэвч эдгээр зээл нь хүмүүсийн амьдралд ихээр нөлөөлдөг...

-Маргаангүй үнэн. Миний бодлоор энэ бол их чухал зүйл. Яагаад гэвэл би хоёр долоо хоногийн өмнө аймгийн засаг дарга болон Хотын хөгжлийн удирдах бүтээн байгуулалтын газрын өөрийн хамтрагчийн хамтаар Эрдэнэтэд очиж усан хангамжийн системийн нээлтийг хийсэн. Энэ нь Эрдэнэтийн гэр хороололд амьдардаг 50 мянган хүний цэвэр ус, эрүүл ахуйн асуудлыг шийдсэн явдал байлаа. Миний хувьд Монголтой хамтран ажиллаж байгаа нь мэдээж чухал. Гэвч бид Монголын бүх л хот, сумын энгийн иргэдээс гадна, мөн хотоос гадна хөдөө амьдарч байгаа иргэдийг өөрсдийн үйлчлүүлэгчид гэж харахыг хүсдэг.

 Монгол Улсад буцалтгүй тусламж олгох боломжгүй болсон. Яагаад гэвэл Монгол Улс зээл ихтэйгээс гадна илүү их орлого олох боломжтой болсон.

Энэ нь боловсролын үйлчилгээ мөн ус, цэвэр бохирын асуудлын аль нь ч байж болно. Бид Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажилладаг, гэвч яг манай үйлчлүүлэгч бол тухайн цэвэр усыг хэрэглэх боломжтой болсон иргэн юм. Хэний төлөө ажиллаж байгаагаа санаж байх нь хамгийн чухал. Яагаад гэвэл Монгол Улс одоо өөр түвшинд шилжих цаг нь болсон.

Харамсалтай нь бид цаашид Монгол Улсад буцалтгүй тусламж олгох боломжгүй болсон. Яагаад гэвэл Монгол Улс зээл ихтэйгээс гадна илүү их орлого олох боломжтой болсон. Одоо бид бүх зүйлийг зээлийн журмаар хийж байна. Эдгээр зээл нь маш өртөг багатай зээл хэдий ч эргүүлэн төлөгдөх ёстой. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө байна.

-Уул уурхайгаас болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, буурч байгааг та анзаарсан байх. Хүмүүсийг энэ өөрчлөлтүүдэд эмзэг байхаас юу хамгаалж байна вэ. Та цаашдаа ямар салбар, төсөл хөгжинө гэж үзэж байна вэ?

-Хоёр долоо хоногийн өмнө би Манилад яг энэ талаар ярилцсан. Тэд Азийн хөгжлийн банкнаас яагаад Монголын багцалсан өсөлтийг дэмжиж байгааг гайхаж байсан. Тухайн үед би хамгийн түрүүнд Монгол нэлээд хүчирхэг гэдгийг дурдсан.

Монголыг Азийн олон оронтой харьцуулаад харах юм бол их олон салбарт дээгүүр байр эзэлнэ. Жишээлбэл нийгмийн хамгааллын индекс гэж байдаг. Энэ нь нийгмийн хамгааллын системийн үр дүнг харьцуулдаг. Монгол Азидаа Япон, Солонгосын дараа гуравдугаарт ордог. Маш гайхалтай систем.

-Нийгмийн уян хатан байдал...

-Тийм. Мөн боловсролын салбарыг онцолмоор байна. Хэрэв боловсролын салбарын үзүүлэлтүүдийг харах юм бол Монгол Азидаа дээгүүр байрт жагсдаг. Ардчилсан хөдөлгөөн, иргэдийн Улаанбаатар хот руу шилжин ирэх явцыг үл харгалзан суурь боловсролын үзүүлэлтээрээ Монгол Улс Азидаа дээгүүр байр эзэлж байна. Мянганы хөгжлийн зорилтын нэг нь боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих гэж зарласныг та мэдэж байгаа байх.

-Монголтой та хувь заяагаараа холбогджээ. Та Азийн хөгжлийн банкинд нэлээн өндөр албан тушаал хашдаг. 67 орны нэгийнх нь захирал. Юу таныг энэ өндөр тушаалд хүрэхэд нөлөөлсөн бэ. Та нэг л өдөр зүгээр энэ албан тушаалд хүрчихээгүй байх. Үүний цаана мэдээж маш их шаргуу хөдөлмөр байгаа байх. Таныг энэ албан тушаалд хүргэсэн хамгийн чухал чанар тань юу вэ?

-Азийн хөгжлийн банк нь гишүүн орнууддаа үйлчилдэг Азийн институт юм. Энэ бол үүрэг даалгавар. Бид есөн ажлаас тавыг нь биелүүлэх биш, харин үр дүнг бий болгохыг хичээж ажилладаг. Олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллах нь нэр төрийн хэрэг, мөн бид маш олон төсөл дээр ажиллах боломжтой болдог, үүнээс гадна маш их хариуцлага ирдэг.

Энэ итгэлийг олж авсан учраас улс орнууд Азийн хөгжлийн банкны гишүүнээр элсэхдээ мөнгө төлдөг. Монгол болон бусад орон Азийн хөгжлийн банкинд хувиа авахын тулд төлбөр төлдөг. Ийм замаар Азийн хөгжлийн банк санхүүждэг. Манай гишүүн орнуудаас гадна донор орнууд бидэнд итгэж хөрөнгө оруулдаг. Харин бид үүгээр өөрчлөлтийг авчрах төслийг хэрэгжүүлдэг.

-Та Монголын талаар сайн мэднэ. Бид улс төр болон эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийсэн. Манай хөрш орнууд болон Азийн бусад орон уламжлалт ардчилсан засаглалтай, эдийн засгийн хувьд ч амжилт олоогүй байна. Мэдээж бүх орон биш. Мошхш энэ паралель шилжилтээс юу сурсан гэж та бодож байна вэ?

-Ихэнх нь адилхан зүйл сурсан байх. 1990-ээд онд Азийн орнууд ядуу буурай байсан учраас Азийн хөгжлийн банк нөхцөл байдлыг тогтвортой байлгахаар ажиллаж байсан. Миний санаж байгаагаар тухайн үед Монгол хамгийн бага буюу 400 ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан. Тухайн үеийн 150 сая ам.долларын төсөл гэдэг одоогийнхтой харьцуулшгүй.

-Бараг таван тэрбум ам.доллар...

-Мэдээж их том өөрчлөлт. Тухайн үед цахилгаан станцуудыг ажиллуулах, хүний хөгжлийн үзүүлэлт, боловсролтой иргэдийг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй болж байсан. Монгол маш хурдацтай хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4000 ам.доллар болж дээгүүрт жагсах болсон.

Гэвч маш олон орны өсөлтөд ажиглагддаг шиг үүний цаана маш олон хүн орхигдож байна. Би Монголын тал дээр ихээхэн анхаарлаа хандуулж байна. Бид улс орнуудын хүрээлэн буй орчныг хардаг. Улс орон хөгжихөөр хүрээлэн буй орчин нь хаягддаг тал бий. Энэ бол онол биш.

Хүрээлэн буй орчин муудвал хүмүүс амьсгалж чадахаа болино. Тэд уснаас болж өвчин тусна. Бэлчээрийн даацыг хэтрүүлвэл цөлжилт бий болно. Миний бодлоор бид хүрээлэн буй орчны хөгжлийн тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

-Өнөөдөр Улаанбаатар хотод британи үлгэрт гардаг шиг зүйл тохиолдож байна. Царцаа болон шоргоолжны тухай үлгэр. Царцаа зунжин үсэрч дэвхцэж байхад шоргоолж шаргуу ажиллаж байжээ. Шоргоолж царцаанаас “Зуны турш юу хийв дээ” гэж асуухад царцаа “Зунжингаа л бүжиглэлээ” гэж хариулахад шоргоолж “Өвөл ч гэсэн ингэж бүжиглээрэй” гэж хэлжээ. Улаанбаатар яг ийм. Бид зуны улиралд утааныхаа талаар мартчихаад өвөл болонгуут агаарын бохирдлын талаар, яаж шийдэх талаар ярьж эхэлдэг. Манай улстөрчид маш их зүйл амладаг. Та яах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Дахин хэлье. Хүрээлэн буй орчинд бид анхаарлаа хандуулахгүй байна. Багцалсан өсөлтийн хувьд анхдагч хэрэгцээнүүдийг гаргах хэрэгтэй. Хүнд амьсгалах агаар, идэх хоол, уух ус хэрэгтэй. Энэ бол анхдагч хэрэгцээ. ТЭДЭНД байшин, хоргодох газар хэрэгтэй. Энэ бүхэн анхдагч хэрэгцээнээс эхтэй.

Хэрэв агаараас болж хордож үхэх ёстой бол дансандаа дүүрэн мөнгөтэй байсны хэрэг байхгүй. Та мөнгөө үнэтэй агаар цэвэршүүлэгч авахад үрэх болно.

Хэрэв агаараас болж хордож үхэх ёстой бол дансандаа дүүрэн мөнгөтэй байсны хэрэг байхгүй. Та мөнгөө үнэтэй агаар цэвэршүүлэгч авахад үрэх болно. Азийн маш олон хот агаарын бохирдолтой.

-Улаанбаатар хот нэгдүгээрт орох байх?

-Тийм ээ. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дээгүүрт орно. Гэвч би Бээжин, Манила, Жакарта гээд олон газарт очиж байсан. Хэрэв та мөнгөтэй бол хотоос явж болно, хотоос гаднах байранд амьдарч болно. Гэвч хүн бүр тэгэх боломжгүй. Багцалсан өсөлтийн зам. Та үүнээс зугтааж чадах уу. Та Раnasonic-ын агаар цэвэршүүлэгч авч чадах уу. Эсвэл та хүүхдүүдээ хорт агаараас хамгаалж чадах уу. Энэ нь багцалсан өсөлтийн гол цөм. Өсөлтийг бид зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүнээр хардаггүй, хүмүүсийн амьдарч байгаа хүрээлэн буй орчноор хардаг.

Мөн олгож байгаа боломжоор нь. Гэвч Улаанбаатар хотод маш их давуу тал байна. Маш олон донорын төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал зуухнуудыг сольж байна. Гэвч 30-40 хувийн ашгаа олох биш маш том төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид богино хугацааны талаар биш урт хугацааны хөрөнгө оруулалтын талаар бодох хэрэгтэй.

Орон сууцжуулах нь халаалтын системээс илүү орчин үеийн жишээ болж байна. Бид шинэ цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байгааг та мэднэ. Энэ цахилгаан станц нь дэлхийн консорциумын дагуу илүү байгальд ээлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болно. Одоо гарч ирсэн шинэ сонголтууд гэвэл нарны эрчим хүчийг ашиглах, усан халаагуур. Гэвч хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Дулааны эх үүсвэргүй газар амьдрах хүмүүс илүү орчин үеийн сууцнуудад амьдрах хэрэгтэй болно.

-Тавдугаар цахилгаан станцын гэрээ өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт зурагдсан. Энэ цахилгаан станц нь дөрөвдүгээр цахилгаан станцаас өөрөөр ажиллана гэж ойлгож байна. Илүү бага утаа гаргаж цахилгаан, дулааныг хангах энэ станцын төсөл дээр Азийн хөгжлийн банк ажиллаж байгаа гэсэн. Тийм үү?

-Тийм. Бид төсөлд гурван үүрэгтэйгээр оролцож байна. Төслийн урт хугацааны гэрээ батлагдсанд баяртай байна. Төсөл нийтийн болон хувийн хэвшлийнхний хамтарсан санхүүжилтээр хийгдэнэ. Энэ нь төслийн зардал улсын төсвөөс буюу Монголын татвар төлөгчдөөс гарахгүй гэсэн үг.

Зээлдэгчийг санхүүжүүлэгчид нь дэлхийн консорциумаас өндөр түвшний технологийг авч хэрэглэнэ гэсэн үг. Бидний зүгээс Засгийн газарт зөвлөхөөр ажиллана. Мөн нийлүүлэлт, дамжуулах сүлжээний дэд бүтцийг дэмжих тал дээр ажиллана.

-Аль хэсэг нь хувийн хэвшилд очих вэ. Үйлдвэрлэлийн гэрээ нь урт хугацааны гэрээтэй юу?

-Тийм.

-Компаниуд үйл ажиллагаа явуулсныхаа дараа Засгийн газарт эргүүлэн өгнө.

-Тийм. 25 жилийн дараа.

-Нийлүүлэлт гэснээс шинээр хийх тодорхой дэд бүтэц бий юу?

-Тийм. Азийн хөгжлийн банкнаас энэ тал дээр ажиллана. Бид Засгийн газрыг санхүүжүүлэх, Засгийн газрыг энэ тал дээр ажиллахад нь тусална.

-Тэднийг үүнийг цагтаа хийгээсэй хүсч байна.

-Энэ бол сайхан зүйл. Энэ бол дэлхийн томоохон, Монголд хамгийн том олон нийт хувийн хэвшлийнхний хамтарсан эрчим хүчний салбарын төсөл.

-Та орон сууцжуулах талаар ярьсан...

-Бид моргейжийн системийг хэрэгжүүлэхэд тусалсан. Бид Улаанбаатар хотод орон сууцжуулалтыг санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд 11 жил болж байна. Энэ нь анхны моргейжийн зээл байлаа. Бидэнд хүмүүст орчин үеийн орон сууцтай болоход нь туслах хэрэгслүүд бий. Өөр нэг зүйл нь гэвэл Азийн хөгжлийн банкны зүгээс Монголд хөдөө аж ахуйг хөгжүүлэх маш их боломж байгааг харсан.

Монголд нэг хүнд 17 мал ноогддог. Зүүн Хойд Азид маш их хүнсний эрэлт байна. Энэ бол хүмүүсийн үргэлж хүсдэг, хэрэгтэй зүйл. Монгол бол органик хүнс үйлдвэрлэгч. Зүүн Хойд Азид гайхалтай зах зээлийн боломж байна. Зөвхөн Хятад гэлтгүй олон оронд хурга, үхрийн мах, сүүний хэрэгцээ байна. Маш их хэрэгцээ байна.

-Өнөөдөр бид гадны орноос сүүгээ оруулж ирж байгааг та харсан байх. Хачирхалтай хэрэг...

-Тийм ээ. Үнэхээр хачирхалтай хэрэг. Ийм олон үхэртэй байж яагаад сүү импортоор оруулж ирдэг юм бол. Бид зарим сүү, цагаан идээний үйлдвэрүүдэд тусалсан. Би саяхан “Витафит” компанид очсон. “Витафит” нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг компани. Дэлхийн бүх л үхэр тэнд баймаар сайхан орчинтой.

Монгол үнээтэй цагаан идээний ферм байгуулсан байсан. Мэдээж дэд бүтцийг, чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ компаниудад санхүү хэрэгтэй. Зүүн Хойд Ази дахь экспортлогч болох боломж байна. Хамгийн гол нь ингэснээр шинээр ажлын байр бий болно.

-Сайхан санаа байна. Уул уурхайн хамтаар хөгжүүлэх боломжтой юм байна. Та болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр бид урагш алхана гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор энэ төсөл удахгүй монголчуудын амьдралд томоохон нөлөө үзүүлэх байх. Маш их баярлалаа.

-Маш их баярлалаа. Ярилцахад таатай байлаа.

Зураг