Индэр    
2014 оны 7 сарын 17
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

З.Энхболд: Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж байна

Зураг
УИХ-ын дарга З.Энхболд

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ УИХ-ын дарга З.Энхболдыг урьж ярилцсан юм.

-Та бид хоёр жил гаруйн өмнө Нью-Йоркт уулзаж ярилцаж байсан. Сая та УИХ-ын хаврын чуулганаа хаахдаа нэлээд программын чанартай үг хэлсэн. Хуулиудын тухай ярьсан. Та УИХ-д арван жил ажиллах гэж байна. УИХ-ын гишүүн, дарга нь боллоо. Эргээд харахад та өөрийнхөө үүргийг аль зэрэг гүйцэтгэж байна. Юу болж байна, юу болохгүй байна. Юу хэцүү байна гэдэг талаас нь ярих уу?

-Хүмүүс УИХ-аас маш их юм хүлээдэг. Ялангуяа сонгосон жил маш өндөр хүлээлт байдаг. Бүх тулгамдсан асуудлыг нүд ирмэхийн зуур шийдчих гайхамшигтай байгууллага гэж итгэл найдвар хүлээлгэдэг. Гэтэл УИХ тийм биш. Энэ бол манай нийгмийн багасгасан хувилбар байгаа юм. Гудамжинд хэрэлдэж суухаар наанаа тусгай дэгийн дагуу саналаа гаргаад, биднийг төлөөлөөд бидний асуудлыг шийд гээд явуулдаг.

Тэгэхээр тийм гайхамшигтай байгууллага биш юм. Тэгэхдээ, дэлхий нийтээрээ парламентаас өөр, арай дээр юм бодож олсонгүй. Мөн энэ бол зөвшилцлийн механизмтай байгууллага. Аливаа бүхэн дардан замаар явдаггүй, маш олон ашиг сонирхол тулдаг.

Хамгийн энгийн жишээ гэхэд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байна. Ажил олгогчид үүнийг аль болох бага байлгахыг хүснэ. Ард түмэн аль болох их байлгахыг хүснэ. Явж явж нэг тоон дээр тохирно. Энэ хэмжээг тогтоож байгаа бүх улсын, бүх парламент ямар асуудалтай тулгардаг, манай улсад ч яг л адилхан тулгардаг.      

-Бүх асуудлыг шууд шийдэх боломж байхгүй...

-Тийм боломж энэ дэлхийн хаана ч байхгүй. Бүх талын оролцоог хангаж шийдэх байгууллага гэвэл УИХ мөн.

-Тэгтэл та нарын хэлдгээр танай ангийнхан 68 хоног завсарлага аваад, удаан хугацаанд ажлаа хийгээгүй. Яагаад ингэж байгаа юм?

-Нийлсэн дүнгээрээ ийм болж байгаа юм. Ер нь УИХ тийм амархан байгууллага биш гэдгийг энэ харуулж байгаа юм. Би бол үүнийг буруу гэж шүүмжилсэн л дээ. Аль бүлэг хэд хоногийн завсарлага авсныг ил тод зарласан.

-Хамгийн олон хоног завсарлага авсан нь аль вэ?

-АН-ын бүлэг гурван удаа 15 хоног, МАН есөн удаа 37 хоног, Эвслийн бүлэг дөрвөн удаа 16 хоногийн завсарлага авсан. Нийт 68 хоног гэдэг нь энэ 68-өдөрт огт хуралдаагүй гэсэн үг бас биш юм. Тухайн асуудлаар завсарлага авдаг болохоор бусад асуудлуудыг хэлэлцэх ажил явагдаж л байдаг гэсэн үг.

-Танай анги хууль тогтоох, нөгөөдүүл гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл та нар ажлыг давхар давхар нэг хүнд ногдуулчихаад, улмаар сайд болгоноо сольё гээд байх боллоо. Засаглал чанарын ямар түвшинд байгаа нь энэ вэ?

-Энэ өнөөх “давхар дээл”-ийн асуудал. Үүнийг буруу гэж үзээд, Ерөнхийлөгч хууль санаачлаад, хууль яг гардаг дээрээ чадаагүй шүү дээ. Батлагдаагүй. Энэ шийдэх ёстой асуудал. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр хоорондоо холилдчихоод байгаа учраас болохгүй байгаа юм.

-Үүнийг цаашид яах юм бэ?

-Ер нь бол Үндсэн хуульд заасны дагуу ойлгомжтой болгох ёстой. Давхар байдаг бол хэмжээ хязгаарыг нь заах ёстой.

-Та хэлсэн үгэндээ Газрын тосны, Ашигт малтмалын тухай хуулиудыг баталлаа гэж хэлсэн. Эдгээрийн аль нь процедурын хувьд хамгийн урт, хэцүү байсан бэ. Яагаад?

-Ашигт малтмалын хувьд бид алдаж л явна. Ашигт малтмалтай улсуудын туулдаг замыг адилхан туулж байна. 1996 оны хуулиар хууль дүрэмгүй,

АНУ анх нээгдэж байхад юу дуртайгаа хийж болдог гэсэн утгатай хэллэг байлаа  шүү дээ, түүн шиг манайд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байж болох хамгийн либераль дэглэмээр явж ирлээ. Гэтэл сонгогчид шүүмжилсэн. Наадах чинь болохоо байлаа, байгаль орчин болохоо байлаа гэсэн.

Тэгэхэд нь сандраад 2008-2010 онд гэнэт бүх юмаа хаачихсан. Бүх хөрөнгө оруулалтыг. Шинээр лиценз олгохоо байсан. Үндсэндээ уул уурхайн салбарыг зогсоочихсон.

Гэтэл нөгөө талд нь эдийн засаг хямраад болохоо байгаад ирэнгүүт, “Энэ чинь болохгүй юм байна, үүнийгээ нээе ээ” гэнгүүт хуучин шиг бүх юм нээлттэй биш, зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг байх ийм Ашигт малтмалын хууль баталлаа л даа. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татъя, хөрөнгө оруулалт орж ирэхэд валютын ханш буурна гэж тооцож байгаа. Эдийн засгаа сэргээе гэдэг утгаар. Ер нь бол бүгд нээлттэй байсан нэг хязгаараас бүгдийг хаасан нэг хязгаар болсон байсан. Одоо бол дунджийг нь олж явах гээд байна.

Би түрүүн хэлсэн, УИХ бол  Монголын ард түмний тусгал гэж. Монголын ард түмэн уул уурхайгаа явуулъя аа, гэхдээ хэмжээ хязгаартай, зааж өгсөн газарт үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа. Энэ дагуу дуртай газраа очоод ухаад байдгаа больё гэдэг ийм шийдэл гаргалаа. Энэ утгаар Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтийг түүхэн гэж хэлж болно. Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж авч байна. Алдан онон байж.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар үргээсэн...

-Гадаадын хөрөнгө оруулалтыг бас хааж үзсэн. 2012 оны сонгуулийн өмнө тавдугаар сард. Түүнийг буруу юм гэдгийг 2013 оны сүүлээр ойлгоод буцааж нээж өгсөн.

-Асуудлын гол нь Монголын ард түмэн нэлээд гайгүй боловсролтой хөвгүүд, охидоо сонгоод, та нар маань юмыг мэдлэгтэйгээр хийж явуулж байгаарай гэдэг. Гэтэл та нар маань судалгаа шинжилгээ хийдэг юм уу, үгүй юм уу. Хууль гаргаад, нэг энэ талд, эсвэл нөгөө талд нь давхиад байдаг. Энэ бүхний зардлыг ард түмэн төлөөд л. Одоо энэ инфляц, долларын ханшийг харъя. Та энэ тухай юу гэж бодож байна?

-УИХ-ын гишүүд гэнэт нэг өдөр тэнгэр харж байгаад хууль гаргачихдаггүй л дээ.

-Тийм байх...

-Байгаль орчин, “Урт нэртэй хууль” энэ тэрийг аваад үзье. Асуудал нэлээд олон жилийн турш хуримтлагдсан болохоор тийм хууль гаргахаас аргагүй байдалд орсон тул УИХ тэгж хаасан. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн. Монголчууд өөрийнхөө газар нутаг дээр ингэж амьдраад байхдаа яадаг юм.

Ер нь яахаараа хамаг уурхайгаа гадаадынханд өгдөг юм гэсэн үзэл суртал явсаар байгаад үр дүнд нь Их хурал хууль гаргаж байгаа юм. УИХ гэдэг нэгдүгээрт хамгийн ухаантай 76 хүнээ сонгочихоогүй. Бид бол жирийн дундаж монголчууд. Сонгогчид бидэнд юу хэлж байна вэ гэдгийг л бид сонсдог. Яагаад гэвэл дараагийн сонгуулиар очиж сонгогдохын тулд сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлэх гэж сууж байгаа болохоос биш зөвхөн 76 хүний хувийн зорилго байхгүй.

-Таны хэлснээс үүдээд асууя. Та анх монтёр байсан юм билээ. Тийм ажил хийдэг байсан хүн явсаар байгаад УИХ-ын дарга болсон. Амьдралдаа ийм том өөрчлөлт хийхэд хамгийн гол нь юу нөлөөлсөн гэж та бодож байна?

-Тэгэхэд инженерээр сургууль төгсч ирсэн хүнийг шууд инженер болгодоггүй байсан юм. Тухайлбал, цахилгааны инженер хүнийг “Дороос эхэлнэ ээ, чи шонд авирна” гэдэг ч юм уу, хамгийн доод талын ажлаас эхлүүлж байлаа шүү дээ. Тэр үеийг даваад л гарсан. Би 1984-1989 онд дээд сургуульд сурсан. Тийм болохоор 1990 оны Цагаан морин жилээс эхтэй өөрчлөлтүүдийг бүгдийг мэдэж байлаа. Энэ бүх өөрчлөлтөд хүссэн хүсээгүй татагдаж ороод л явчихсан.

-Та “Монэл”-д ажиллаж байсан...

-“Цахилгаан шугам сүлжээ”-нээс эхэлсэн. Дараа нь “Монэл”-д орсон. Гэсэн ч тус үйлдвэр цалингаа тавих боломжгүй болсон. Сүүлд нь “Номин” худалдаж авсан байна билээ. Тэр мөчөөс амиа бодож эхэлсэн.

-Ганзага хийсэн үү?

-Мэдээж шүү дээ. Түүгээр дамжаагүй хүн ер нь байхгүй байх аа.

-Улс төрд хэзээ орохоор шийдсэн бэ?

-1989 оны сүүлээс юм уу.

-Ямар хэлбэрээр оролцож байв?

-Тэр үед “Монэл”-ийн инженерүүд болохоо байлаа, улс орноо өөрчлөх хэрэгтэй юм байна гэж ярилцаж эхэлж байсан. 1984-1989 он гэдэг Орост перестройка явж байсан үе таарсан л даа. Б.Ельцин Свердловск мужийн Коммунист намын хорооны дарга байсан. Тэр үед мужийн хэвлэл мэдээллээс аль хэдийнэ ардчилсан үзлийн үнэр үнэртэж эхэлсэн байсан.

СССР-ийг өөрчлөх ёстой юм байна гэдэг болсон. Зах зээл, Үндсэн хууль гээд бүхий л зүйл яригддаг байлаа шүү дээ. 1989 онд тэр талын ойлголттой болчихсон хүмүүс ирсэн.

-Та Төрийн өмчийн хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Их хувьчлалын жилүүдэд дарга байсан. Өнөөдрийн өнцгөөс Төрийн өмчийн хорооны байр суурийг яаж харж байна вэ. Юу хийвэл дээр гэж бодож байна?

-1996 оны наймдугаар сарын 1-нд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, анхны даргаар нь очсон. Тухайн үеийн Засгийн газар болон бидний төсөөллөөр энэ байгууллага цаанадаж 10 жил ажиллаад, хэрэгтэй хэрэггүй өмчөөсөө салаад, төрд хувийн өмч давамгайлаад, баяртай гээд татан буугдах байгууллага юм гэж тооцож байсан.

Гэтэл өнөөдөр 2014 он, энэ байгууллага байсаар байгаа. Удах тусмаа эдийн засагт саад учруулж эхэлж байгаа. Төрийн оролцох ёстой юм, оролцох ёсгүй юм гэж байна. Энэ мөнхийн сэдэв л дээ.

Хамгийн сонгодог санал хураалт сая “Монголын алт”-ын Цагаан суварга гэдэг орд дээр гарлаа. Төр оролцох юм бол мөнгөө төл өө гэсэн. Гэтэл төрд төлөх мөнгө байхгүй учраас энэ удаа оролцох шаардлагагүй гэдэг шийдвэр гарсан. Урьд нь яадаг байсан гэхээр төрд мөнгө байхгүй байсан ч зээл аваад ор гэдэг байлаа. Оюутолгойн жишээ байна. Гэтэл өнөөдөр “Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу шилжиж байна.

-Тэгэхээр стратегийн ойлголт юу болох вэ?

-Стратегийн ойлголтыг орд гэдгээр нь биш, бүтээгдэхүүн гэдэг ойлголтоор шинэчилье гэдэг концепц Их хурал дээр яригдаж байгаа. Ер нь алт, газрын ховор элемент гэх мэтийн батлан хамгаалахын чиглэлтэй онцгой бараанууд байна. Түүнээс нүүрс бол дэлхийн бүх улсад байна, тэгэхээр энэ нь стратегийн биш юм байна аа гэж үзэх болж байна.

-Бүтээгдэхүүнийг ямар маягаар авч үзэх вэ. 34 хувь гэдэг санаа байх юм уу, эсвэл өөр болох юм уу?

-Үүнийг дахиж ярина. Сая “Цагаан суварга”-ыг шийдсэн байдлаас харахад УИХ-ын гишүүдийн олонх нь төрд татвараас цугласан мөнгөөр ямар нэгэн бизнес хийх нь буруу юм байна гэдэг шийдэлд хүрч байгаа нь өөрөө их том дэвшил болж байгаа юм.

-Хэдэн жилийн өмнө нөгөө тийшээ давхисан даа...

-Нөгөө тийшээ давхисан. Бид чинь хамгийн хүйтнээс хамгийн халуунд, эрс тэс газар амьдардаг хүмүүс. Шийдвэр гаргахдаа бас эрс тэс гаргаад байна.

-Бидний зан араншин ч гэсэн эрс тэс болоод байна уу?

-Бидний зан араншин ч гэсэн хэтэрхий туйлшрал руу яваад байна.

-Дахиад нэг туйлшрал. Та УИХ-ын чуулганыг хааж хэлсэн үгэндээ дурдсан. Хөгжлийн банк юунд мөнгө оруулах тухай төслөө та нараар, УИХ-аар батлуулахгүй яваад ирсэн. Тэдний авсан мөнгийг тооцох юм бол төсвийн алдагдал 10 хувьд хүрэх нь гэж та хэлсэн. Та Монгол Улсын хамгийн том дарга нь. Ийм байхад таны харьяа нэг институц ингээд яваад байж болдог юм уу?

-Тэгэхээр би Их хурлыг удирддаг болохоос ганцаараа шийдвэр гаргадаггүй. Тийм албан тушаалтан Үндсэн хуулийн дагуу байхгүй. 76 гишүүнээ хуралдуулахад олонх нь Хөгжлийн банкаа  татан буулга аа, “Чингис”, “Самурай” бондоо төсөвтэйгөө нийлүүл ээ гэдэг шийдвэрийг сая л гаргалаа шүү дээ. Төсвийн гүйцэтгэл хэлэлцээд.

Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.

Урьд нь бол гаргадаггүй байсан. Тийм юм гаргасан учраас би түүнийг томьёолж хэлж байгаа нь тэр. Ер нь Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.

-Ард түмэн...

-Ард түмэн төлөхгүй шүү дээ. Улсын төсвөөр дамжуулж төлнө.

-Улсын төсвийг хэн бүрдүүлдэг юм?

-Улсын төсвийг компаниудаас авсан татвараар бүрдүүлж байгаа юм. Эцсийн эцэст энэ зээлийг төлөх газар нь УИХ учраас УИХ жагсаалтыг батална гэдэг хуультай юм. Гэтэл УИХ-аар батлуулалгүй хоёр жил явчихсан хариуцлагагүй Засгийн газар байгааг би шүүмжилсэн. Одоо энэ зээлийнхээ учрыг олох ажил хүлээгдэж байна.

-Өнөөдрийн байдлын тухай ярья. Ханш ийм болчихлоо, нөөц мөнгө уначихлаа. Мөнгөний хатуу бодлого явуулна, зээлээ хязгаарлана гэж байна. Цаашид юу болох вэ?

-Энэ болгон өөрийн гэсэн хуультай л даа. Эдийн засгийн гаргаж байгаа, доллараар зарж байгаа экспорт, доллараар худалдаж авч байгаа импорт хоёрын зөрүүн дээр, эрэлт нийлүүлэлт дээр тогтдог чөлөөт ханштай болсон. Интервенц хийх мөнгөтэй бол түүнийг хийгээд ханшийг багасгаж болдог.  Ханш яагаад өсөөд байдаг юм, Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад буулгаж болдоггүй юм, ханшийн өсөлт гай болж байна гэсэн яриа, ойлголт яваад байдаг. Энэ талаар тайлбарлах гэж Эрдэнэтэд байдаг “Бэрэн” компанийн дөрвөн бүтээгдэхүүн авчирсан.

Эхнийх нь хүн болгоны мэддэг арматур. Хоёр дахь нь Архангайн Төвшрүүлэхэд газар дороос гаргадаг, тонныг нь 40 доллараар зардаг төмрийн хүдэр. Үүний 50 хувьд нь ч юм уу төмөр байна, үлдсэн нь чулуу. Бутлаад одоо бариад байгаа зууханд нь хийхэд ийм ширэм (гурав дахь бүтээгдэхүүн нь) болж байгаа юм, 400 долларын. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг ган бөмбөлөг 900 долларын үнэтэй. Жилдээ нэлээд олон арван сая доллараар худалдаж авдаг эд. Өнөөх 6670 доллараар зардаг зэс дотор энэ тодорхой хувь эзэлж байгаа. Гэтэл энэ бөмбөлөг доторхыг хэд ч байдаг юм, тухайлбал 600 долларын  орцыг бид биш, оросууд хийж байна шүү дээ.  

Тэгэхээр валютын ханш хэзээ буурч, хүмүүсийн хүсч буй түвшинд хүрэх вэ гэхээр Архангайн Төвшрүүлэхийн төмрийн хүдэр явсаар байгаад ийм ган бөмбөлөг болсон үед л хүрнэ. Тэр цагт ханш тогтворжино. Уул уурхайн улс байж болж байгаа юм. Гэтэл 6600 долларын зэс зарахад Монголын оролцоо юу байна вэ. Бид бүтээгдэхүүнийг төмрийн хүдрээс нь ган бөмбөлөг хүртэл хийж чадах юм бол ханш гэдэг юмыг улс өөрөө удирдаж чаддаг болно.

Монголчууд тэгтэл жилийн өмнө ширэм ч үгүй байлаа шүү дээ. Хүдрээ шороотой нь урагшаа ачуулаад байхад нэмүү өртөг бидэнд үлдэхгүй байгаа юм. Одоо тэнд жилийн 30 мянган тоннын үйлдвэр орчихож. Сайн хэрэг. Жилийн дараа ган бөмбөлөгтэй болох байх. Монголын хамгийн анхны домин зуух тэнд угсрагдаж байна шүү дээ. Энэтхэгийн технологиор.

-Хувийн компани уу?

-Хувийн. Тэр компани эхний хэдэн жилд судалгаа хийж  л дээ. Хажууд нь байгаа “Эрдэнэт” үйлдвэр ийм юм авдгийг судлаад “Та нар ер нь үүнийгээ Оросоос авдгаа больчих. Бид насан туршид чинь хангаж өгье” гэхэд нь “Та нар шаардлага хангахуйцаар хийж өгөх юм бол авъя” гэхэд нь ажилдаа оржээ.  

-Гэрээгээ хийчихсэн үү?

-Хийсэн. Ингэж уул уурхайн экспортод Монголынхоо оролцоог нэмэх юм бол ханш гэдэг юм бол баригдана. Өөрөөр бол хувь хүмүүсийн хэлж буй хүсэл зоригоос хамаарахгүй.  

Зураг