Зураг
Зураг
Индэр    
2014 оны 7 сарын 2
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Намуудын хий үзэгдэл

Зураг

Монголоор улс төрийн намуудын хий үзэгдэл тэнэж байна. Уг нь улс төрийн нам бол ардчиллын амин чухал бүрэлдэхүүн хэсэг л дээ.

Улс төрийн намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож, нийгмийн алс хэтийн тодорхой зорилгын төлөө иргэдийг дайчилж, сонгуульд өрсөлдөх замаар улс орондоо амин чухал нөлөөтэй сонголт хийх боломжийг иргэддээ олгож, улс төрд оролцох өргөн суваг нь болж, улс орныхоо ирээдүйг бүтээх бололцоог бүрдүүлдэг.

Гэвч улс төрийн намууд эдгээр боломжийг иргэддээ бүрэн дүүрэн олгож, иргэдийнхээ санааг зовж буй гол асуудалд хариулт өгч чадахгүй байгаа тул иргэдийн итгэл үнэмшил алдарсаар ирлээ. Монголын улс төрийн намууд нийгэм, улстөрчдийг холбосон гүүр байх ёстой атлаа өтгөн мананд нуугдан, үл мэдэгдэх эзэнтэй өндөр цайзууд болон хувирч буй нь өөрийн эрхгүй хий үзэгдлийг санагдуулж, намуудын үндсэн үүрэг, зорилгод өргөн олны анхаарлыг дахин төвлөрүүлэх шаардлагыг бий болгож байна.

Нэг. ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Намууд өөр өөрийн үзэл баримтлал, номлолтой буюу улс төрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх ёстой. Гэтэл Монголын намуудын бодлого, хөтөлбөр, биелэлт нь хоорондоо уялдаагүй, нэгтгэсэн үзэл баримтлал, суурь зарчим байгаа эсэхэд иргэд улам бүр эргэлзэхэд хүрлээ. Үүнийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Хэдийгээр урьдын МАХН (одоогийн МАН) нь зүүний үзэлтэй гэж зарлах боловч чухамхүү МАХН-ын цоохор засгийн үед татварын хуулийн шатлалыг бууруулж, баялгийн шударга бус хуваарилалтын орчныг бүрдүүлэв.

Гэтэл АН нь либерал үзэлтэй гэж тунхаглах боловч хавтгайрсан халамжийн эхийг тавьж, МАХН (МАН)-тайгаа хавсайдсан цагтаа улс орноо сөхөртөл халамжлав. Энэ бүхнээс үзвэл, Монголын хоёр гол улс төрийн хүчний үзэл баримтлалын ялгаа арилж, нийгэм нь эрх мэдлийн төлөө уран амлалтаар уралдагсдын дундаас сонголт хийх намагт шахагдаж байна. 2008 оны сонгуульд МАХН аль хэр хуурамч амлалт өгч нийгмээ мэхэлснийг нийтээр мэднэ. Гэтэл 2012 оны сонгуульд АН-ын өгсөн амлалтууд ч ийм замаар орох дүр улам бүр тодорч байна” гэжээ.

Улс төрийн намуудын үзэл баримтлал нь тэдний хариуцлагыг бас шингээсэн байх ёстой. Тийм учраас иргэд улс төрийн “лангуун” дээр нэр дэвшигчдээс гадна тодорхой үзэл баримтлалыг сонгож, хамгийн олон сонгогчдыг татсан нам Засгийн газрыг байгуулан шууд хэрэгжүүлээд эхлэх хөтөлбөртэй болдог.

Хоёр. ЧАДВАР

Улс төрийн намууд нийгмийн хэрэгцээ шаардлагыг соргог тусган авч улс төрийн бодлогын багц болгон, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө нийгмийг манлайлан дайчлах чадвартай байх ёстой. Нийгмийн хэрэгцээ маш их, заримдаа харилцан зөрчилтэй байдаг ч улс төрийн намууд түүнийг тал бүрээс хэлэлцэн ярилцаж, улмаар хүний хэрэгцээг бодлогын сонголтод хувиргадаг учир намууд нь улс төрийн процессийн чухал хэсэг болдог. Сонгогчид тийм хүлээлттэй байдаг тул ардчилсан сонгуулиар ялсан намд улс төрийн бүх эрхийг өгдөг.

АН жижиг намуудтай хамтран засгийн эрхийг авмагцаа өөрийн хөтөлбөрөө биелүүлэх, нийгэмдээ үйлчлэхээс илүүтэй өөртөө үйлчлэх, ямар ч үнээр хамаагүй Засгийн газраа авч үлдэх зорилго тавьжээ. Ардчилсан нам нь бүхэлдээ биш, түүний тодорхой нэг фракц Монгол Улсын Засгийн газрыг удирдаж байна. Ерөнхий сайд бүрэн эрх мэдэлгүй нь ажиглагдана. Намуудын болон сонгуулийн санхүүжилт нууцлагдмал байгаа манай оронд тухайн намд хамгийн чинээлэг, хамгийн их мөнгө хандивласан фракц хүчтэй байдаг аж. Гурав дөрөвхөн хүнтэй намын фракц Засгийн газраасаа дээгүүр эрх мэдэлтэй байна.

Төрийн эрхэнд нэг фракц нь гарсан нам, манлайлагч нь биш аялдан дагагч болчихсон Ерөнхий сайдаас ямар гээч ухаалаг шийдвэрийг хүлээх билээ. Кабинетийн аль нэг сайдаа солих нь Их Хурлынх нь биш, Ерөнхий сайдынх нь шийдэх асуудал шүү дээ.

Гурав. БОЛОВСОН ХҮЧИН

Улс төрийн намууд төр засагт ажиллах боловсон хүчин олох, сонгох, бэлдэх тавцан байх ёстой. Гэтэл төр засгийн албан тушаал эдүгээ арилжааны хэрэгсэл болсон тул хөрөнгө мөнгөтэй хүн л намын, улмаар төрийн удирдлагын сэнтийд залардаг болоод олон жил өнгөрлөө.

МАН-ын идэвх санаачилгаар Их хурлын гишүүд сайд байхаар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс хойш Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох боломж бүрдсэнгүй. Авьяас чадвараас биш, намын идэвх, сонгуулийн оролцоо, даргадаа хэр үнэнч зүтгэдгээс хамаарч засгийн газрын байгууллагуудын дээд болон дунд шатны боловсон хүчнийг бүрдүүлдэг болсон. Улс төрийн намууд вант улс, аль нэг фракцын дарга нь хаан, залуу гишүүд нь хамжлага болон хувирч эхэллээ. Жижиг намуудын ихэнх нь ганц хөрөнгөтний хөтөлбөр болоод удаж байна.

Намууд улс төрийн хүчний хувьд бэхжээгүй, боловсон хүчний тодорхой бодлого, сахилга бат, зохион байгуулалтгүй, байгууллын хувьд сул хэвээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл батлагдвал нам төрийн боловсон хүчний чанарыг сайжруулахад нэгэн алхам болно.

Дөрөв. ҮНДСЭН ҮҮРЭГ

Улс төрийн намууд сонгуульд ялсан бол нийтийн засаглалыг хэрэгжүүлэх, ялагдсан бол сөрөг хүчин болж Засгийн газрыг хянах үүрэгтэй. Эдгээр үүргээ намууд хариуцлагатай сайн гүйцэтгэж чадахгүй байгаа тул нийт олны итгэл үнэмшлийг хүлээсэнгүй.

Төрийн эрх авсан намууд улс орны төлөө биш, албан тушаал эрх мэдлээ авч үлдэхийн тулд, дараачийн сонгуульд л ялахын төлөө ажилладаг болжээ. МАН-ыг төрийн эрх барьж байсан үеэс яамдуудад шургалсан улстөрчид 108 нууц данс нээж, нийтдээ 4.5 их наяд төгрөгийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийж, нийтийн хөрөнгө зувшуулж ирснийг саяхан илрүүллээ.

Сүүлийн арваад жилд эрх баригчид ардчилсан, зах зээлийн тогтолцооны мөн чанарыг гуйвуулан төрийн өмчит компаниудыг олноор байгуулж, олон нийтийн хувьцаат болгохоос санаатайгаар зайлсхийж, цаг алдуулж байна. Төрийн өмчийн 102 компани 2013 оны эцсийн дүнгээр нийт 1.6 их наяд төгрөг буюу нэг тэрбум гаруй долларын өрийг улсад төлөх ёстой аж.

Төрийн эрх аваагүй намуудад сөрөг хүчин болох соёл, дадлага туршлага суухгүй байна. Тухайн нам сонгуульд ялагдсан шалтгаанаа судлан, засаж залруулж, удирдлагаа шинэчлэн өөрчилж чадалгүй өдий хүрэв. Сөрөг хүчин дараачийн сонгууль хүртэл тууштай ажиллаж, өөрийн үзэл бодол, судалгаа шинжилгээнд суурилсан үнэлэлт, дүгнэлтээрээ ялгарахын оронд дэг жаягийн асуудлаар голлон дуугарч, зарчмын асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлж чадахгүй байна.

Жишээ нь, зарчмын нэг асуудал бол өөрийн намын санхүүгийн эх үүсвэрээ дэлгэж, бусад намыг уриалах зэргээр улс төрийн цоо шинэ алхам хийхгүй байгаа юм. Сөрөг болох шинэ үүргээ гэнэт ухаарсан МАНын удирдлагууд нь шинэ зорилтынхоо учрыг олох гэж арга ядан оролдож байгаа ч тэдний ихэнх нь өөрөө “асуудлын эх үүсвэр” учраас нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна.

Өнөөгийн улс төрийн намууд засаглал, намуудын байгууллын хувьд өсөж хөгжихгүй байгаа нь “давхар дээлийн” тухай оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөс угшилтай. Байхгүй байсан дэд сайдын орон тоо ч бас улс төрийн шийдвэр байлаа.

Төр засгийн үйл ажиллагаанд иргэдээс тавих хяналтыг бүрдүүлж, төрийн ажилтнуудтай жинхэнээсээ хариуцлага тооцож чаддаг болсон цагт ардчилсан тогтолцоо үр дүнгээ өгнө.