Индэр    
2014 оны 5 сарын 28
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Б.Амарсайхан: Монголд маань томчууд нь архи уугаад л, хүүхдүүд нь чихэр идээд л байх юм даа

Зураг
ЭМШУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал Б.Амарсайхан

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ ЭМШУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал Б.Амарсайханыг урьж ярилцлаа.

-Та бид хоёр олон жилийн өмнө 1988 онд Кубын Гавана хотод уулзсан. Тэгэхэд та дөнгөж оюутан болоод оччихсон, шүдний эмч болно гэж байлаа. Тэнд залуучууд оюутны фестиваль болоход би Олон улсын оюутны холбооноос очсон юм. Бид хамтдаа ажил зохион байгуулж, Кубын удирдагч Фидель Кастротой гар барьж байсан тийм биз?

-Тийм шүү.

-Түүнээс хойш бараг 30-аад жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд та шүдний эмчилгээ, эмнэлгийн чиглэлд гайхамшигтай олон ажил хийжээ. Энэ тухай яримаар байна. Түүнээс өмнө яагаад шүдний эмч болохоор шийдсэн тухай асууя?

-Бидний амьдралд байдаг асуудлаас ургасан, асуудлыг шийдье гэдэг хүүхдийн тэмүүлэл байдгаас үүдэлтэй. Бага насанд шүд өвдөх гэдэг айдас байлаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор шүдний эмч болъё гэж боддог, мөрөөддөг болсон байсан. Хоёрдугаарт, Куба улсад хамгийн сайн сургалт байдаг гэж ойлгож байсан.

Есдүгээр ангид байхаас л тус улсад очиж суръя гэж боддог болсон доо.

-Аав ээж нь нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн.

-Ямар мэргэжлийн хүмүүс байдаг вэ?

-Аав цахилгааны хүн, ээж маань их сургуулийн химийн багш.

-Кубад испани хэл сурчээ. Та одоо испани, англи, орос, японоор ярьдаг. Кубээс ирээд та Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Ямар чиглэл, сэдвээр билээ?

-Ер нь бол хатуу хоол унд идэж хэрэглэдэг монгол хүмүүсийн шүдний онцлог буюу зөөлөн хоол иддэг япон хүний шүдний ялгаа гэсэн сэдвээр хамгаалсан. Нэг үгээр хатуу хоол идэх нь дан ганц шүднээс гадна тархи мэдрэлийн системд яаж нөлөөлдөг вэ, зөөлөн хоол мөн хэрхэн нөлөөлдөг, зөөлөн хоолны тархи, мэдрэлийн системд өгдөг стимулууд нь ямар хэмжээгээр багасдаг талаар судалсан.

-Ялгаатай юу?

-Ялгаатай.

-Алийг идсэн нь дээр вэ?

-Монголчууд бол эрт дээр үеэсээ "Тавтай зооглоорой” гэж хэлэхийн оронд “Шүд хурц” гэдэг байсан. Энэ нь хоолоо сайн идээрэй, зажилж идээрэй гэсэн утгатай. Уламжлалт хоол хүнс дэлхийн зэрэгт аваачсан гэж үздэг бөгөөд энэ нь хатуу, сайн шүдтэй байсных гэж үздэг.

-Тэгэхээр монголчуудад хатуу, зөөлөн хоёр хоолны сонголт байвал хатууг нь идээд бай гэсэн үг байх нь ээ?

-Тийм.

-Та шүдний мэргэжилтэн гэх авч нүүр ам судлалаар мэргэшсэн хүн юм аа?

-Дентист гэж ярьдаг даа. Оросоор бол стоматолог гэдэг. Монголоор бол шүд, нүүр ам гэж ярьдаг. Нэг л ухагдахуун.

-Та аль чиглэлээр нь илүү ажилласан юм?

-Дентист буюу шүд, нүүр амны эмч гэдэг ерөнхий утгаар нь ажиллаж ирсэн.

-Та Японы Шүдний согог заслын нийгэмлэгийн гишүүн, Азийн эрүүл мэндийн академийн ерөнхийлөгч юм байна. Энэ ямар ажлууд вэ?

-Их сургуульд ажилладаг хүний том мөрөөдөл бол академи, академич болохдоо байдаггүй. Дэлхий ертөнц даяар хүний хүрэх, авч болох цол зэрэг нь профессор. Дараагийн мөрөөдөл нь мэргэжлийн холбоондоо үнэлэгдэх. Азийн ч юм уу, Дэлхийн холбооны ерөнхийлөгч болно гэдэг бол их сургуульд ажилладаг, судлаач хүн бүрийн мөрөөдөл. Тэгээд монгол хүний хувьд Азийн холбооны ерөнхийлөгчийн ажил хийсэн.

Азийн 20 гаруй улсын тухайн мэргэжлийн топ 400-гаад эмч, судлаач нэгдсэн байгууллага л даа. Заримдаа 800, 1000-аад хүний хүрээнд үйл ажиллагаа явуулах ч болдог. Азийн нүүр амны урьдчилсан сэргийлэх академи гэсэн нэртэй байгууллага. Систем дотор юу болж байгаа талаар ярьж зөвлөлддөг, хуралддаг. Хоёр жил тутамд хуралддаг. Үүрэгт ажлаа амжилттай дуусгаад Ерөнхийлөгчийн суудлаа Бээжингийн их сургуулийн захиралд өгсөн.

-Японд доктор хамгаалагсдын Монголын холбоо гэж байдаг юм байна. Энэ тухай ярина уу?

-1990-ээд оны сүүлчээс гээд тоолбол Монголоос очсон судлаачдын түрүүч нь 2003 оноос доктор хамгаалж эхэлсэн. Тэр ондоо бид холбоо байгуулсан юм, одоо 140 гаруй гишүүнтэй. Монгол Улсын топ их сургуулиудын захирал, дэд захирал, професорууд, судалгааны институудын захирлууд багтдаг нэлээд хүчирхэг холбоо. Японд Ph.D докторыг хакаси гэдэг юм. Үүгээр бид холбоогоо нэрлэж ярьдаг.

-Та шорон, асрамжийн газар зэрэг тэр бүр мэргэжилтнүүд хүрч очдоггүй газарт ажиллаж, 10 гаруй мянган хүүхэд залуус, насанд хүрэгчдэд шүдний чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Энэ тухай ярьж өгөхгүй юу?

-Социализмын үед Куба улсад суралцаж нарийн мэргэжил эзэмшинэ гэдэг их хувь заяа. Мөн Токиод сурч доктор хамгаалсан маань ч том завшаан. Тиймээс би эх орондоо өртэй, тустай зүйл хийх ёстой хүн. Энэ утгаар ажилладаг юм. Хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлж чадахгүй байгаа, бололцоо муутай хүмүүс олон байна. Эмзэг бүлгийн гэж ярьдаг хүмүүсийн дунд шүдний өвчлөл асар их.

Тэдэнд хэн нэгэн туслах хэрэгтэй. Хорих газруудад шүдний эмч байдаггүй. Тэр хүмүүс эрхээ хасуулсан ч гэсэн шүдээ эмчлүүлэх, авахуулах эрхтэй. Би өөрөө итгэл бишрэлээрээ христийг шүтдэг. Тиймээс сайн дураараа эдгээр хүмүүст үйлчилдэг юм. Сайн сайхан үйлс хийдэг, гэхдээ түүнийгээ нэг их сурталчлаад байдаггүй ээ.

-Нийгэмд шүдний өвчин тэлээд байх юм. Юутай холбоотой вэ. Ядуу амьдралтай юу, мэдлэггүйтэй холбоотой юу?

-Эрүүл мэндийн салбараас зах зээлд хамгийн түрүүнд орсон чиглэл бол шүднийх. Шүдний мэргэжилтнүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийнх болсон. Хувийн хэвшлийнхний тухайд хүүхдийн шүдний өвчлөлийн талаарх нийгмийн хариуцлагын тогтолцоо, тэр бүлэгт хүрч ажиллах тэмүүлэл байдаггүй.

Шүдний өвчлөлөөс 200-гаад төрлийн өвчин үүсдэг. Ерөөсөө л амны хөндий бол хүний эрүүл мэндийн үүд хаалга гэж үздэг. 

Үнэн чанартаа Монголын нийт эмнэлгийн 80 хувь нь төлбөрийн бололцоотой 20 хувьд л үйлчилж байгаа. Бусад 80 хувийг авахгүй байгаа шүү дээ. Шүдний өвчлөлөөс 200-гаад төрлийн өвчин үүсдэг. Ерөөсөө л амны хөндий бол хүний эрүүл мэндийн үүд хаалга гэж үздэг. Даанч үүнд монголчууд маань анхаарал тавьдаггүй.

Үүнээс болоод айл өрх болгонд шүдний өвчин, түүнээс үүдэлтэй бусад өвчтэй хүмүүс байж байдаг. Шүдний өвчлөлтэй тэмцэх гэдэг нь энэ талаар санаа зовдог хэдхэн эмч нарын, эсвэл сургуулийн хийдэг ажил биш юм. Төр засгийн зүгээс анхаарч өргөн хүрээнд ажиллах ёстой. Энэ талд бид бас зүгээр суудаггүй ээ. Төр засгийнхны анхаарлыг татах гэж ажлууд зохион байгуулдаг. Ер нь нийгмээрээ хөдлөх ёстой.

-Нийгмээрээ ажиллахын тулд хувь хүн, айл бүр хөдлөх хэрэг гарна аа даа. Эрүүл мэндийн ам нь, үүд нь шүд юм байна. Тэгэхээр эрүүл мэндийн хаалгаар муу юм оруулахгүйн тулд айл болгон юу хийх вэ?

-Наад зах нь хөдөө орон нутагт дэлгүүрт яваад ороход тал нь архи, согтууруулах ундаа, тал нь чихэр байдаг.

-Чихэр идээд л архи уугаад байдаг...

-Үнэндээ Монголд маань томчууд нь архи уугаад л, хүүхдүүд нь чихэр идээд байх юм даа. Энэ бүхний эсрэг нийгмийн эрүүл мэндийн боловсролын талд их ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдүүдэд багаас нь шүдээ хайрлахын ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй. Одоо 60,70 насныхан бараг бүгд шүдгүй, дунд насныхан ч шүдээр тааруу, багачууд ч муу шүдтэй байна. Ер нь олон асуудал байна. Би өөрөө Азийн нүүр амны урьдчилан сэргийлэх академийн гишүүний хувьд Монголдоо академийнхаа X хурлыг зохион байгуулаад дэлхийн 30 топ улсын 770 гаруй хүнийг авчирч нийгэмд энэ асуудлыг дэвшүүлж тавих гэхчилэнгээр бага багаар алхам хийж л байна.

-Хүн болгон унтахаасаа өмнө шүдээ угаасан байх ёстой ядаж...

-Тийм.

-Хүүхэд хэдэн наснаасаа эхэлж шүдээ угаах ёстой вэ?

-Хүүхэд эхийн хэвлийд байхад нь ээж нь анхаарах ёстой. Ээж өөрөө шүд, амны хөндийн хувьд гэлтгүй ер нь эрүүл байх ёстой. Зөв хоол унд идэхээс авахуулаад олон асуудал бий. Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө шүдээ эмчлүүл. Жирэмсэн эмэгтэй шүднээсээ болоод нас барсан эмгэнэлтэй тохиолдол гарч байсан. За тэгээд маамуу төрлөө чихрээр угжина. Ингээд л эхэлж байгаа юм.

Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө шүдээ эмчлүүл. Жирэмсэн эмэгтэй шүднээсээ болоод нас барсан эмгэнэлтэй тохиолдол гарч байсан.

-Тэгэхээр эрүүл байхын үндэс нь эрүүл шүдтэй байх гэж хэлэх гэж байна...

-Тийм ээ. Шүд эрүүл бол бие эрүүл. Бие эрүүл бол улс орон эрүүл.

-Танай сургууль Монгол Улсын бараг бүх эмч нарыг бэлтгэдэг. Ер нь та анагаах ухааны салбарын боловсон хүчний талаарх нэгдсэн зураг та надад өг дөө?

-Сургуульдаа 25 жил ажиллаж байгаагийн хувьд, дэд захирлын хувиар хэлэхэд анагаахын тогтолцоо хуучин нийгэмдээ маш шилдэг тогтолцоо болсон байлаа. Ялангуяа алслагдмал нутаг ихтэй улсын хувьд. Харин өнөөдрийн зах зээлийн нийгэмд бол маш хэцүү явж байна. Эмнэлгүүдийн тогтолцоо хуучин, харин анагаахын боловсролын тогтолцоо дэлхийн жишигт орох гээд явж байдаг.

Жишээ хэлэхэд, хими, биологийн хичээлийн лаборатори сайтай сургуулийн сурагчид туршилт сайн хийгээд, томьёо энэ тэрээ сайтар задалж туршаад ирсэн байдаг. Гэтэл лабораторигүй сургуулийн хүүхдүүд дутуу ойлголттой ирдэг. Үүнтэй ижил юм болоод байгаа. Анагаахын сургуульд хичээл маш сайн өгч байгаа боловч практик тааруу болоод байна.

Сургууль өөрийн бааз эмнэлэггүйн дээр том эмнэлгүүд оюутан хүлээж авахдаа хойрго болсноос сургалт, дадлагын хоорондын уялдаа алдагдах тийшээ. Хэдийгээр академик, классик сургалт руу яваад байдаг ч практик үйл ажиллагаа байдаггүй. Юмаа мэддэг, юмаа хийх нөхцөл бололцоо олддоггүй. Үүний үр дагаврыг айл гэр болгон амсч байна. Энэ бол зөвхөн анагаахын сургууль нь сайн байж байж шийддэг асуудал биш. Монгол Улс тэр аяараа шийдэх ёстой асуудал.

-Системийн асуудал, төлбөрийн ч асуудал байх...

-Тийм ээ.

-Монгол Улс 10 мянган хүнд ногдож байна эмч, сувилагч, эмнэлгийн орны тоогоор Франц, Герман шиг мөртлөө эмчилгээ, үйлчилгээний чанар нь хөгжиж байгаа орнуудад хүрэхгүй шахам байна гэж Азийн хөгжлийн банкны тайланд гарсан байсан. Үүнийг шийдэхийн тулд ер нь яамаар юм бэ дээ?

-Манай сургуулийн удирдлагын баг шинэчлэгдсэн. Бид нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Монгол Улсаас гадагшаа медикал туризмд жилдээ 600 сая доллар гарч байна. Илүү нарийн тооцоолбол бүр нарийн гарна.

Монгол Улсаас гадагшаа медикал туризмд жилдээ 600 сая доллар гарч байна.

Бид энэ чиглэлээр хуралдаж яг хэчнээн хүн эмчлүүлэхээр гадагшаа гараад байгаа юм, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо юун дээр гажаад байгаа юм гэдэг талаар авч хэлэлцсэн. Уг нь энэ нь ЭМЯ-ны хийх ажил ч ЭМШУИС академик байгууллагын хувьд энэ нотолгоог гаргаж ирсэн.

Хоёрдугаарт, Монголд арван анагаахын сургууль байна.

-Хувийн сургуулиуд юм уу?

-Тийм. Манай ЭМШУИС-ийн нэг оюутан төгсөөд эмч болоод гарах хүртлээ 70-80 багшийн гар дамждаг. Тэгж байж эмч болж гардаг. Дөнгөж үүсч бий болж байгаа хувийн сургуулийн оюутнууд 5-10 багшийн гар дамжаад л эмч болж байна.

-Тэгж болдог юм уу. Эмч гэдэг бол хүний биеийг хагалаад эрхтэнүүдийг нь гаргаж тавьж байдаг эрхтэй ганц хүн шүү дээ. Оюутан сургаж, эмч болгох сургалтын нэгдсэн стандарт гэж байдаггүй юм уу?

-Салбарын боловсон хүчний төлөвлөлт сүүлийн жилүүдэд үнэхээр алдагдаад байгаа юм. Одоо дуртай хүн болгон анагаахын сургууль байгуулах нь холгүй байна. Манай улсад саяхан болтол 200-гаад их, дээд сургууль байсан, одоо тоо нь цөөрч байгаа. Тэр үед анагаахын сургуулийн хувьд тодорхой хэмжээгээр асуудал байсан л даа. Ер нь Сингапур, Хонгконгт нэг л анагаахын сургуультай. Зургаан сая хүн амтай улсад шүү дээ.

Тэнд хэдэн оюутан ямар мэргэжлээр элсүүлэх тухай квот тогтоогоод өгчихсөн байдаг. Тэгээд ч эмч гэдэг маш нарийн сургалтаар олж авдаг мэргэжил. Хэдэн хүүхэд ангид суулгаад компьютер харуулж хичээл заагаад эмч боллоо гээд төгсгөдөг юм биш л дээ. Тэгээд ч одоо Монголд эмч мэргэжлийн хүний илүүдэл болох цаг ойрхон байна.

Магадгүй эцэг эхчүүд хүүхдээ мундаг эмч болох гэж байгаа гэж бодож байтал хүүхэд ур чадвараар гологдоод гудамжинд такси барьчихсан хүн зөөгөөд явдаг нөхөр болохыг үгүйсгэхгүй.

-Яагаад хүмүүс гадагшаа эмчлүүлэхээр яваад байна гэхээр оношоо зөв тогтоолгохын тулд яваад байна юм биш үү. Тоног төхөөрөмж байлаа ч түүнийг зөв ажиллуулдаг мэргэжилтэн хэрэгтэй. Нэг ийм яриа байсан. Тэр тоног төхөөрөмжөөр 3000 хүн үзэж байж ер нь юу хийгээд байгаагаа мэддэг болдог гэсэн үг байсан...

-Тийм.

-Тэгэхээр гол нь онош зөв тогтоолгохоор яваад байна аа. Асуудал хаана байна, суурьтаа байна уу, төлбөртөө байна уу, хаа байна вэ?

-Би яг үүнд хариулах ёстой субъект биш ч гэсэн академик байгууллагын хүний хувьд хэлэхэд Монгол Улсын эрүүл мэндийн болон боловсролын тогтолцоо хуучнаараа явж ирсэн, одоо ч явж байгаа систем. Ер нь дэлхийд гэж яривал 25-28 жил ажиллаж байж сайн эмч болдог.

Гэтэл харамсалтай нь энэ асуудал бизнес хэлбэр рүү орчихсон учраас үүнийг хариуцдаг, удирддаг, чиглүүлдэг юм байхгүй. Эмчийн тоо асар олон, эмчилгээ, үйлчилгээний чанар иймэрхүү болчихсон. Их олон зүйлээс шалтгаалж байна л даа.

Үргэлжлэлийг jargaldefacto.com-оос уншаарай.

Зураг