Индэр    
2014 оны 5 сарын 6
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Элчин сайд Герхард Тийдеманн: Германаас гараагаа эхэлсэн хүмүүс зөвхөн мэдлэг тээж явдаггүй

Зураг
ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бурэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг урьж ярилцсан юм.


-Оройн мэнд хүргэе!

-Сайн байна уу!

-Таныг өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаадаа баяртай байна. Таныг Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээс хойш өнөөдрийг хүртэл ямар ямар онцлох зүйл болсон талаар ярих уу?

-Монгол Улс, Герман улстай маш олон салбарт хоорондоо нөхөрсөг харилцаатай хамтран ажилладаг. Энэ нь Улаанбаатарт суугаа Элчин сайд миний ажлыг их сонирхолтой болгож байна. Яагаад гэвэл манай хоёр орон бүхий л салбарт хамтран ажилладаг. Тухайлбал бид улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай    хамтарч ажилладаг.

-Энэ жил Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна...

-Тийм ээ. Үнэн. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Монгол Улс 1974 онд дипломат харилцаа тогтоосон. Гэвч түүх сөхөөд үзвэл манай хоёр улс эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн. 800 гаруй жилийн өмнө Чингис хааны цэргүүд Дундад Европт ирснээр Монголын талтай анхны харилцаа бий болсон түүхтэй.

Орчин үед XIX зууны хоёрдугаар хагаст Германы эрдэмтэд Монгол Улсын түүхийг судлахаар Монголд ирж байсан. 1920-иод онд анхны монгол оюутнууд Германд ирж байсан түүхтэй.

-Яг тийм. Тэр Герман руу сурахаар явсан хоёроос гурван хэсэг залуу бүлэг монгол оюутныг Германд суралцаж ирсний дараа бид тэдний төлөөлөлтэй хамтарч маш олон шинэ соёлын арга хэмжээ зэргийг Монгол Улсад нэвтрүүлсэн. Та Германд суралцаж ирсэн оюутнуудын эх орондоо буцаж ирснийхээ дараа Монголд Улсад оруулсан хувь нэмрийн талаар юу мэдэх вэ?

-Энэ хүмүүс манай хоёр орны одоогийн нөхөрсөг харилцаа, итгэлцлийн үндэс суурийг тавигчид гэж би боддог. Харамсалтай нь 1930-аад онд тэднийг эх орондоо буцаж ирсний дараа эмгэнэлт хувь заяа хүлээж байсан. Энэ бүхэн мартагдах ёсгүй. Миний бодлоор тухайн цаг үед олж авсан мэдлэг соёлоор бид бүгд бахархах ёстой.

-Тийм ээ. Чухамдаа эдгээр хүмүүс Монголын орчин үеийн дуурийн урлаг, орчин үеийн Филармонийн симфони оркестрыг үндэслэгчийн нэг. Харамсалтай нь тэдний ихэнх нь манай түүхийн хүнд хэцүү цаг үед хэлмэгдсэн. Би тэдний заримыг нь мэднэ. Монгол Улсын Дуурийн театрын хамгийн анхны захирлаар Намхайцэрэн гэдэг хүн ажиллаж байсан. Бид Монгол Улс энэ талаар мэдсэнд баяртай байдаг. Ардын хувьсгалын дараа монголчууд энэ бүхний талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон. Түүхийн талаар илүү нарийн мэдсэн гэсэн үг. Та манай хоёр орны харилцаа олон зуун жилийн өмнөөс эхтэйг хэллээ. Саяхан та Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын хамтаар нэгэн гайхалтай үзэсгэлэнг нээсэн. “Тал нутгийн дайчид” үзэсгэлэнгийн талаар бидэнд танилцуулаач. Үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдсан уу?

-Миний бодлоор энэ нь зөвхөн манай археологичдын амжилттай хамтын ажиллагааны түүх биш. Мэдээж тэд археологийн маш ховор үнэт олдвор болох Монгол Улсын түүхийн VII-XIV зуунд хамаарагдах үнэт олдворыг олсон. Энэ үнэт олдворуудыг нэг бүрчлэн танин судалж, сэргээн засварлахад нэлээд урт хугацааны хамтын ажиллагааг бидний зүгээс шаардсан. Энэ ховор эд өлгийн зүйлийг дахин сэргээн засварлах, цэвэрлэх, нийтэд танилцуулах гээд олон ажлыг бид хийж гүйцэтгэлээ.

Одоогоор энэ археологийн ховор олдворын үзэсгэлэнг Европт болон Монголд зохион байгуулсан. Бид Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын хамтаар уг үзэсгэлэнг Улаанбаатар хотод нээлээ. Үүнээс өмнө энэ үзэсгэлэнг бид Герман, Нидерландад зохион байгуулсан. Одоо эдгээр ховор олдвор буцаад Монголд ирээд байна. Энэ бол зөвхөн археологийн ховор олдвор бус соёлын үнэт зүйл мөн. Жишээ нь энэ ховор эд өлгийн олдвор дунд “нуман ятга” хөгжмийн зэмсэг байсан. Энэ чавхдаст хөгжмийн зэмсгийг сэргээн засварлахад олон жилийн нөр хөдөлмөр шингэсэн, одоо уг ятга маань эгшиглэх боломжтой болсон.

-Германы талаас сэргээн засварласан уу?

-Энэ хөгжмийн зэмсгийг бид сэргээн засварласан. Миний бодлоор энэ ховор эд өлгийн олдворууд нь эдийн засагт эерэгээр нөлөөлөх болно. Энэ нь Монгол Улсад аялагчдын тоог нэмэгдүүлнэ. Яагаад гэвэл олон хүн энэ ховор эд өлгийн баримтуудын талаар мэдэж байгаа. Иймээс Монгол Улсыг илүү ихээр сонирхоно. Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэсэн үг.

-Энэ сэргээн засварласан гэсэн хөгжмийн зэмсэг нь хөгжмийн зэмсэг шиг дуугардаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ эртний чавхдаст хөгжим нь ид шидийн юм шиг л гайхалтай сайхан дуугардаг.

-Бараг 1000 гаруй жилийн настай гэсэн...

-Тийм ээ. 1000-аас дээш жилийн настай. Монгол болон Германы археологичид хамтран ажилладагт би баяртай байдаг. Энэ нь Монгол болон Германы талаас хамтран хийсэн хоёр талын ашигтай хамтын ажиллагаа юм.

-Энэ бол түүх, соёлын салбарт хийгдсэн хамтын ажиллагаа. Боловсролын салбарын салбарын хамтын ажиллагааны талаар ярина уу?

-Тийм ээ. Тавдугаар сарын 3, 4-нд Германы боловсролын үзэсгэлэн Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Энэ бол аль хэдийнэ уламжлал болж тогтсон зүйд. Германы боловсролын үзэсгэлэнг бид жил бүр зохион байгуулдаг. 2014 оны энэ үзэсгэлэн илүү их үр дүнтэй болсон. Энэ үзэсгэлэн нь Германы боловсрол, шинжлэх ухааны салбарыг танилцуулах, сурталчилах, Монгол Улсаас оюутны солилцоог хөхиүлэн дэмжих зорилготой байлаа.

-Германы боловсролын чанарыг маш сайн. Бидэнд энэ талаар их олон жишээ бий. Юу танай улсын боловсролын системийг бусад томоохон орны боловсролын системтэй харьцуулахад онцлог болгодог вэ?

-Миний бодлоор Герман бол урт удаан хугацаанд бий болсон орчин үеийн шинжлэх ухаанч боловсролын системтэй орон. Германы боловсролын системийн үндсэн зарчим нь төлбөргүй байх. Энэ нь том хөрөнгө оруулалт, бусад орон боловсролын зах зээлийг санал болгодог.

Та түрүүн чанарын талаар ярьсан. Үүнд эргэлзэх шалтгаан байхгүй. Герман хэлээр ярьдаг монгол хүн олон байдаг. Мөн тэнд ажиллаж амьдардаг, сурдаг олон хүн байдаг. Гэвч одоо бид сургалтын хөтөлбөрүүдийг англи хэлээр оруулдаг болгосон. Зарим хичээл нь англиар орно.

-Германы их сургуулиуд үнэтэй биш, оюутнуудаас бараг л төлбөр авдаггүй. Тэгэхээр энэ зардлыг Германы Засгийн газраас гаргадаг уу, эсвэл татвар төлөгчид бүрдүүлдэг үү. Ер нь боловсролын салбарын төсвийг хаанаас бүрдүүлдэг вэ. Хэр их төсөв шаардлагатай болдог вэ?

-Мэдээж энэ бол хөрөнгө оруулалт. Гэвч Германы татвар төлөгчид энэ татаасыг төлөхдөө бэлэн байдаг. Яагаад гэвэл бид үүнийг Германы үр ашигтай хөрөнгө оруулалт гэж боддог. Мэдээж энэ нь үндсэндээ герман оюутнуудад хийж байгаа хөрөнгө оруулалт. Манай их дээд сургуулиудын оюутнуудын 10 гаруй, заримдаа түүнээс дээш хувь нь гадаадын оюутан байдаг. Бид үүнийг ирээдүйн хамтын ажиллагааны эерэг эхлэл гэж үздэг.

Яагаад гэвэл Германаас гараагаа„ эхэлсэн хүмүүс өөртөө зөвхөн мэддэг тээж явдаггүй, герман бодол сэтгэлгээтэй болж, герман найзуудтай болдог. Миний бодлоор тэр хүн бүх л амьдралынхаа турш германчуудтай хамтран ажиллахдаа дуртай байх болно. Энэ нь зөвхөн тэдний оюун ухаанд бус эдийн засаг, шинжлэх ухаанд хийж байгаа хөрөнгө оруулалт.

-Миний бодлоор энэ нь Монголын нөхцөлд тохирох юм байна. Өмнө нь ярьж байсанчлан бид 1920-иод оноос оюутнуудыг Герман руу явуулж эхэлсэн. Герман хоёр хуваагдсан байх үед Зүүн Герман руу оюутнууд явж байсан. Танд хэр олон оюутан суралцдаг талаар ямар нэгэн статистик байна уу?

-Герман руу жил бүр 80 оюутан явж суралцдаг. Энэ тухай надад мэдээлдэг. Монголын Германд суралцагчид нэг бүлэг үүсгэсэн байдаг. Энэ бүлэг бараг 1000 гаруй гишүүнтэй байх.

-Та манай хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг юу гэж харж байна вэ?

-Бид маш олон салбарт хамтран ажилладаг. Гэвч эдийн засгийн харилцаа үргэлж сайжирч байдаг. Нэг зүйл дурдаж хэлэхэд Герман, Монголын бизнес эрхлэгчдийн нийгэмлэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Миний мэдэхээр энэ нийгэмлэг 70 гаруй гишүүнтэй.

70 компани энэ нийгэмлэгийн гишүүн. Энэ тийм ч гайхмаар зүйл биш. Тэд Герман, Монголын худалдаа, бизнесийн салбарт илүү идэвхитэй ажилладаг. ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн ажлын хүрээнд бид зургадугаар сард эдийн засгийн хамтын ажиллагааны өдөрлөг зохион байгуулна.

Герман, Монголын эдийн засгийн өдөрлөгт Холбооны Баден-Вюрттенберг муж улсын Шадар сайд тэргүүтэй бизнес төлөөлөгчдийн томоохон бүрэлдэхүүн Монголд айлчлах юм.

Энэ үеэр хурал, семинарууд зохион байгуулагдана. Бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллагууд энэ хамтын ажиллагааг дэмжин шинэ түншүүдтэй болж болно. Герман, Монголын эдийн засгийн өдөрлөгт Холбооны Баден-Вюрттенберг муж улсын Шадар сайд тэргүүтэй бизнес төлөөлөгчдийн томоохон бүрэлдэхүүн Монголд айлчлах юм.

-Улс төрийн асуудал болон хоёр орны бусад хамтын ажиллагааг ярихаас өмнө таны замналын талаар асуух зүйл байна. Та БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Мөн Япон, Бангладешт ажиллаж байсан. Та монголчуудын бусад бүс нутаг дахь эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны үүрэг оролцоог юу гэж харж байна вэ?

-Би Монгол Улс өнгөрсөн жилүүдэд олон улстай хамтын ажиллагааны салбарт нэлээн их зүйл хийсэн гэж боддог. Энэ нь Монгол Улс НҮБ зэрэг байгууллагуудтай хамтран ажилладгаас тодорхой харагдах байх.

Монгол Улс Судан, Афганистан зэрэг улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгааг харах нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Монголын цэргүүд үргэлж энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Миний анзаарснаар Монголын цэргийн хүчний 10-ны нэг нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.

-Хоёр Солонгостой харилцах харилцаанд та Монголын үүргийг юу гэж харж байна вэ?

-Миний бодлоор Монгол, Германы үүрэг оролцоог үүн дээр харьцуулж болно. Манай хоёр орон, хоёр Засгийн газар хоёулаа Солонгосын хойгийн тал дээр идэвхитэй байна. Манай хоёр орон хоёулаа Пхеньянд Элчин сайдын яамтай. Япон, Өмнөд Солонгос, АНУ-н Элчин сайдын яам Пхеньянд байхгүй. Харин Герман, Монгол зэрэг цөөн улсын Элчин сайдын яам Пхеньянд байрладаг.

Тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол өдөр бүр өглөөнөөс орой хүртэл энхийг сахиулж, хоёр Солонгосын харилцааг сайжруулах юм. Энэ бол гүйцэлдүүлэхэд амар даалгавар биш. Миний бодлоор Монгол, Герман зэрэг энэ бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа улсууд энэ бүс нутгийн Засгийн газар болон ард иргэдэд илүү энх тайван ирээдүйг бий болгоход туслах хэрэгтэй.

-Улс төрийн хамтын ажиллагааны талаар эргэн ярилцья. Одоогоор ямар онцлох үйл явдал болж байна вэ?

-Хоёр талын хамтын ажиллагаанд уу?

-Тийм ээ.

-Миний бодлоор онцлох зүйл гэвэл бид маш өндөр хэргэм бүхий зочдыг хүлээн авсан. 2011 онд Холбооны Канцлер хатагтай Ангела Меркель Монгол Улсад айлчилсан. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д Төрийн айлчлал хийсэн. Зөвхөн эдгээр айлчлалуудыг дурдахад л бид өндөр хэргэм бүхий айлчлалыг харилцан хэрэгжүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Германд айлчилсан бол Холбооны Засгийн Газрын Тэргүүн Монгол Улсад анх удаа айлчилсан. Дараагийн айлчлалын хувьд гэвэл, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд зургадугаар сард Германд айлчилна. Мөн өөр айлчлалууд ч гэсэн хийгдэнэ.

Монгол болон Германы улс төрийн удирдагчид их сайн харилцаатай. Миний мэдэхээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд германаар ярьдаг. Эдгээр айлчлал нь манай хоёр орны харилцаа илүү дотно, өргөн хүрээнд хөгжиж байгааг илэрхийлнэ.

-Бусад улстай харьцуулахад Монгол Улсын олон улсын анхаарлыг татаж байгаа гол шалтгаан нь юу вэ. Манай улс хүн ам цөөтэй хэдий ч өндөр хэргэм зэрэг бүхий төлөөлөгчдийг хүлээн авч байна. Олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Миний бодлоор энэ нь Чингис хаантай холбоотой. Тухайн цаг үеэс л эхлэн зөвхөн Герман төдийгүй Европ Монгол Улстай харилцаж эхэлсэн. Гэвч одоо Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Германаас тав дахин их хэмжээтэй боловч ердөө гурван сая хүн амтай, томоохон хөрш улстай зэрэг улс төрийн онцгой нөхцөл байдал нь Европ болон Герман Монголыг сонирхоход хүргэж байна.

-Германы талаар ярихад монголчууд герман л бол чанартай гэж боддог. Бидэнд герман стандарт гэсэн үг хүртэл бий. Одоо Монгол Улс Европын холбооны зарим тодорхой стандартыг хангаж эхлээд байна. Эдгээрийн ихэнх нь герман стандарт. Та энэ хамтын ажиллагааны талаар юу хэлэх вэ?

-Стандартын хүрээнд гэвэл өндөр чанартай бараа бүтээгдэхүүний тал дээр Герман дээгүүр байр эзэлдэг. Энэ бол бидний амлаж чадах зүйл. Манай Европын түншүүд ч гэсэн мөн адил чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид Европын холбоо болон Монгол Улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Монгол улс GSP -д үнэлэгдсэн. Энэ нь давуу талыг үнэлэх систем юм.

Энэ нь Монголын бүтээгдэхүүнийг Европ руу гаалийн татваргүйгээр экспортлох боломжийг олгож байна. Европын холбооны татвар бүтээгдэхүүний өртгийн гуравны хоёртой тэнцдэг. Энэ нь Монгол Улсад олдож байгаа маш том боломж. Өөрөөр хэлбэл бид чанартай бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хүсч байна.

-Хэр олон монгол хүн энэ давуу талыг ашигладаг вэ?

-Энэ бол шинээр бий болж байгаа давуу тал. Бидэнд яг тодорхой статистик баримт алга. Гэвч одоо ч Монгол Улс түүхий эд экспортлох тал дээр бусдаас хамааралтай байна. Ирээдүйд бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх боломж гарч байна гэсэн үг.

Зураг