Индэр    
2014 оны 4 сарын 8
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хунтайж Луйтпольд: Манай гэр бүл анхны шар айргаа 1260 онд үйлдвэрлэсэн

Зураг
Баварийн хунтайж, “Калтенберг” шар айрагны компанийн гүйцэтгэх захирал Луйтпольд

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Баварийн хунтайж, “Калтенберг” шар айрагны компанийн гүйцэтгэх захирал Луйтпольдыг урьж сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

Хунтайж нь Баварийн Лудвиг хунтайжийн ганц хүү ба 1951 онд тус мужийн Лиутстэттэнд төржээ.

Тэрбээр жил бүр Калтенберг дахь шар айрагны “Рыцарийн” тэмцээнийг зохион байгуулдаг. Эхнэр, таван хүүхэдтэй.

-Манай нэвтрүүлэгт тавтай морил, Монгол Улсад айлчилсанд баярлалаа.

-Баярлалаа.

-Та манай улсад ямар зорилгоор ирсэн бэ?

-Би Монголын зах зээлд шинэ шар айраг танилцуулах зорилготой ирсэн. Сонин сонсогдож байж магадгүй. Манай гэр бүл олон зуун жилийн турш шар айраг үйлдвэрлэсэн туршлагатай. Би АПУ компанитай хамтран ажилладаг. Монголын зах зээлд Бавари нутгийн гайхамшигтай шинэ шар айргийг үйлдвэрлэн, нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулахын тулд нэлээд хэдэн сарын турш шаргуу ажиллалаа.

-Танай гэр бүл алдарт “Калтенберг” шар айргийг үйлдвэрлэдэг.

-Калтенберг бол Мюнхен хотоос баруун зүгт оршдог жижиг шилтгээн. Уг шилтгээнд шар айрагны үйлдвэр байрладаг. Хачирхалтай санагдаж болох ч Бавари мужид шар. айрагны олон үйлдвэр бий. Манай гэр бүл өнгөрсөн 750 жилийн хугацаанд Бавари муж даяар 70 нэр төрлийн шар айраг нийлүүлсэн.

-Хэдэн жил гэсэн бэ?

-750 жил. Манай гэр бүл анхны шар айргаа 1260 онд үйлдвэрлэсэн. Тэр үеэс хойш шар айраг үйлдвэрлэж байна.

-Таны өвөг дээдэс хаан байсан. Яагаад хаан хүн шар айраг үйлдвэрлэх болов?

-Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тэр үед шар айраг уух нь ус уухаас илүү аюулгүй байсан. Том хотуудад ус их бохирддог учраас ус уух нь эрүүл мэндэд хортой байжээ. Харин шар айргийг боловсруулдаг учраас хүний эрүүл мэндэд хортой бактери агуулагддаггүй.

Амьд үлдэхийн тулд шар айраг хэрэглэдэг байв. Хоёрдугаарт, шар айраг нь арилжааны гол бүтээгдэхүүн байсан. Ялангуяа Бавари мужид шар айрагны хэрэглээ маш өндөр байжээ. Тэр үед автомашин зохион бүтээгээгүй байсан. Хүмүүс явган, эсвэл мориор явдаг учраас илүү их шингэн хэрэглэх шаардлагатай байжээ. Тухайн үед шар айрагны хэрэглээ нь нийт хүнсний хэрэглээний бараг тэн хагастай тэнцэж байлаа. Шар айраг нь хүнсний чухал бараа байсан учраас чанартай шар айраг үйлдвэрлэхийг зорьсон.

-Тухайн үед Европын газрын зураг өөр байсан. Олон хаант улс оршин тогтнож байлаа. Бавари, Саксонд вант улсууд байсан. Тэр үеийн нөхцөл байдал ямар байв?

-Герман улс 1000 гаруй жилийн түүхтэй. Герман улс эзэн хаантай байлаа. Эзэн хааныг Германы нутаг дэвсгэрт амьдардаг долоон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл сонгодог байлаа. Зөвлөл дөрвөн язгууртан болон гурван шашны зүтгэлтнээс бүрдэнэ. Кёльны хамба, Триерийн хамба, Майнцын хамбаас гадна Бранденбург, Саксони, Райн болон Бохемын язгууртан багтдаг.

Тэд Германы эзэн хааныг сонгодог байв. Германы хувьсгал хүртэл эдгээр улс нь тусгаар улсын статустай байсан. Харин 1919 оны хувьсгалын дараа Герман улс төвлөрсөн холбооны засаглалтай улс болсон. Харин өнөөдөр Герман улс 16 мужаас бүрддэг.

-Тийм ч учраас Герман бол холбооны улс. 1918 онд батлагдсан шинэ Үндсэн хууль нь хаант засаглалыг халж, бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тухайн үед танай гэр бүл Бавари мужийг захирч байсан уу?

-Манай гэр бүл 1280-аад оноос хойш тасралтгүй захирч байна. 738 жилийн турш захирсан. Өнөөдөр ч манай гэр бүл Бавари мужтай салшгүй холбоотой. Ялангуяа, соёлын хувьд Бавари мужид их нөлөөтэй. Манай өвөг дээдэс урлагийн бүтээл шимтэн цуглуулдаг байсан учраас манай гэр бүлийн музей Европт их алдартай. Бавари мужтай нягт холбоотой учраас мужийн олон музейд манай урлагийн бүтээлүүд тавигдсан. Бавари мужийн соёл, урлагийн аливаа арга хэмжээнд манай гэр бүлийн гишүүд уригдан оролцдог.

-Урлагийн бүтээл гэдэгт нь уран зураг, уран баримал багтах уу?

-Уран зураг, уран баримлууд бий. XI зуунаас хойшхи урлагийн бүтээлүүд хадгалагдаж байна. Зөвхөн Бавари мужаас гадна Германы бусад нутгаас ч урлагийн бүтээлүүдийг цуглуулсан. Харин 1800-гаад онд урлагийн бүтээлүүдээ Мюнхен хотод төвлөрүүлсэн түүхтэй. Мюнхенд хамгийн том музей нь бий.

-Тийм ч учраас Мюнхен хот нь Германы төдийгүй Европын соёлын төв болсон. Танай гайхамшигтай галерей тэнд байдаг. Өнөөдөр ч гэсэн Калтенберг шилтгээн таны хувийн өмч юм байна.

-Энэ бол хувийн шилтгээн. Шилтгээнд шар айрагны үйлдвэр маань байрладаг.

-Тэнд очиж шар айраг уух боломжтой юм байна.

-Олон нийтэд зориулсан шар айрагны цэцэрлэг, зоогийн газрууд бий.

- Та шилтгээндээ амьдардаг уу?

-Тийм.

-Та өөрийн гэр бүлийг танилцуулаач?

-Би таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн. Гэвч өнөөдөр хүүхдүүд маань дэлхий даяар тарчихсан.

-Их сонирхолтой түүх байна. Танай гэр бүлийн хоёр дахь үе Бавари мужийг захирч байх үед Үндсэн хуулийн дагуу хаант засаглалыг халжээ. Та өнөөдөр өөрийгөө хэрхэн хардаг вэ. Та бол хаан буюу захирагч. Долоон зуун жилийн түүхтэй язгууртны гэр бүлийн гишүүн.

-Хар цагаан хосолсон сонирхолтой хандлагатай тулгардаг. Жишээ нь, дунд сургуулийн сурагч байх үед социалист үзэл баримтлалтай багш нарын зүгээс нэлээд сонин хандлага ажиглагддаг байлаа. Мэдээж хүний нийгэм хартай цагаантай учраас та алагчлах хандлагыг хаана ч мэдэрнэ. Энэ бүхэнд дасан зохицох ёстой. Өөрийгөө нийгмээс тусгаарлагдсан гэж мэдрэх хэрэггүй. Харин ч улам урам зоригтой, нийтэч байхыг эрмэлзэх нь чухал.

-Таны хүүхдүүд ч гэсэн ийм хандлагатай тулгарч байсан уу?

-Тийм. Алагчлах хандлага хаана ч байдаг. Жишээ нь та хэн нэгэн алдартан буюу алдартай жүжигчний хүүхэд бол ийм хандлагатай зайлшгүй тулгардаг. Алагчлах хандлага нь хүний мөн чанартай холбоотой. Нөгөө талаар та агуу түүхтэй гэр бүлээс гаралтай бол түүхээ судлах л хэрэгтэй. Хотын хөшөө, түүхийн дурсгалууд таны эртний өвөг дээдэстэй холбоотой гэдгийг мэдрэх тун сайхан. Түүхийн дурсгалуудыг судална гэдэг өөрийн түүхийг судална гэсэн үг. Мэдээж хэрэг түүхэнд сайн, муу олон зүйл холилдсон байдаг.

-Таны хүүхдүүд гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэх болов уу?

-Үргэлжлүүлнэ гэж бодож байна. Хүүхдүүд маань өөр өөр мэргэжилтэй. Хоёр хүүхэд маань гэр бүлийн бизнестээ илүү нухацтай хандаж байх шиг байна. Бавари муж бол шар айрагны эх орон.

Зоогийн газар ажиллуулж, олон нийтэд үйлчилнэ гэдэг сайхан зүйл. Бид “Калтенберг” шар айрагнаас гадна дундад зууны үеийн түүхийг харуулсан шоу цэнгээн зохион байгуулдаг. Жишээ нь, морьтон баатруудын халз тулааныг үзэж болно. Хэдэн зуун жилийн өмнө болдог байсан эртний уламжлалт тэмцээнүүд. Зуны улиралд олон шоу тэмцээн болдог.

-Гайхалтай юм. Зөвхөн Германаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид ирдэг үү?

-Тийм. Зуун мянга гаруй хүн цуглардаг. 

-Шоу тэмцээний үеэр хүмүүс бэртэж гэмтвэл яах вэ?

-Орлон тоглогчид мэргэжлийн хүмүүс байдаг учраас эрсдэл багатай. Мэдээж хэрэг алдаа гаргавал жаданд цохиулж бэртэх эрсдэлтэй. Олон зууны турш хадгалагдаж ирсэн уламжлал шүү дээ.

-Та хэчнээн адуутай вэ?

-Тийм ч олон биш. Би хааяа морь унадаг. Манай гэр бүл бас адуу үржүүлдэг байсан. Арав орчим морьтой. Германд адуу үржүүлнэ гэдэг өртөг ихтэй ажил учраас энэ бизнесийг Унгар руу шилжүүлсэн. Унгар дахь адуу үржүүлгийн газар маань нэлээд том. Тэнд үржүүлсэн морьдыг Германд авчирч, уналгад ашигладаг.

-Монголын түүх, соёл, амьдралын хэв маяг нь адуутай салшгүй холбоотой. Аргамаг хүлэгт зориулсан олон сайхан дуу бий. Ер нь Монголын соёл адуутай гүн холбоотой. Та адуутай хэр ойр байдаг вэ?

-Намайг хүүхэд байхад аав маань эдлэндээ зуу гаруй адуутай байсан. Морь унахаас гадна залуу морьдыг сургадаг. Би үржүүлгийн газраас авчирсан шүдлэн морьдыг өөрөө уналгад сургадаг.

-Та биеийн тамираар хичээллэдэг үү, эсвэл биеийн тамирын оронд морь унадаг уу?

-Би морь унахаас гадна өвлийн улиралд цанаар хичээллэдэг. Мөн зуны улиралд завиар уралдах дуртай.

-Завиар уралдана гэдэг Монголд тийм ч танил бус спорт. Та ямар учраас завины спортод дуртай болсон бэ. Танай баг Европын аварга болж байсан. Та завины багтайгаа хамт дэлхийн олон тэмцээнд оролцож байсан?

-Би голдуу жижиг завиар уралддаг. Илүү хөнгөн учраас маш хурдтай байдаг. 18 фут урттай завь маш хурдан. Энэ завийг интернэт сүлжээгээр хайж үзэж болно. Австрали тивд өргөн хэрэглэгддэг. Маш хурдан завь. Их бие нь 150 гаруй килограмм жинтэй, 90 метр квадрат. Дэлхийн хамгийн хурдан завинуудын нэг.

-Та морины уралдаанд оролцож байсан юм уу?

-Миний эхнэр ойрын зайн уралдаанд оролцож байсан. Ойрын зайн уралдаан нь голдуу шулуун замд болдог бөгөөд илүү хурдтай. Мөн саадтай харайлт, бартааг туулан өгсч, уруудах зэрэг төрлүүд бий.

-Гайхамшигтай спорт байна. Морь унаад саадан дээгүүр харайж, бартаа туулна гэдэг тун амаргүй биз. Монгол Улсад хэзээ ийм морин уралдааны төрлүүд дэлгэрэхийг мэдэхгүй байна.

-Адуутай нягт холбоотой Монгол Улсад ийм төрлийн уралдаанууд үндэсний спорт болно гэдэгт эргэлзэх зүйл алга. Холын зайн уралдаан илүү сонирхолтой шүү.

-Та дэлхийн олон улс оронд бизнес эрхэлдэг. Та ямар учраас Монголын зах зээлийг сонгосон юм бэ. Манай зах зээлд хангалттай олон төрлийн шар айраг байна шүү дээ?

-Бавари муж шар айргаараа алдартай. Бавари мужид үйлдвэрлэдэг Калтенберг шар айраг бол шүүлтүүргүй. Маш онцгой төрлийн хөрөнгөөр исгэдэг учраас гашуун биш зөөлөн амттай Бундеслигийн тоглолтын  дараа хөлбөмбөгчид шүүлтүүргүй шар айраг уудаг. Шүүлтүүргүй нь зөөлөн амттай, хүний эрүүл мэндэд тустай В витамин ихээр агуулдаг учраас тамирчид, залуучууд өргөн хэрэглэдэг. Шар айргийг өөр улс руу экспортолно гэдэг тийм ч таатай зүйл биш.

Галт тэрэг, ачааны машинаар олон мянган километр газар зөөх нь тийм ч таатай биш. Шар айргийг шинээр нь ууж хэрэглэх шаардлагатай. Тийм ч учраас манай компани шар айргийг савлаж худалдаалахын оронд тухайн орон нутагт нь өөрийн тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийг илгээж, өөрийн өвөрмөц жороор шар айраг үйлдвэрлэхийг илүүд үздэг.

АПУ компани Герман улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжтэй нь бидний хувьд үнэхээр олзуурхууштай явдал байлаа. АПУ компани хангалттай тоног төхөөрөмжтэй учраас бид Германаас зөвхөн шар айрагны мэргэжилтнүүд болон хөрөнгө, найрлагад нь ордог зөрөг цэцэг зэрэг түүхий эдийг авчирсан. Бид Калтенберг шар айргийг Монголд үйлдвэрлэж байгаа учраас хэрэглэгчид импортын лаазалсан бүтээгдэхүүний оронд шинэ шар айраг уух боломжтой болсон.

-Үйлдвэрлэлийн дамжлагыг өөрчлөх шаардлагатай юу?

-Манай шар айрагны хөрөнгө их өвөрмөц найрлагатай учраас исгэлтийн үйл явц ч гэсэн ялгаатай. Манай шар айрагны найрлагад ордог арвай, үр тариа, зөрөг цэцэг Бавари мужийн өвөрмөц амтыг шингээсэн байдаг. Хоёр зуун жилийн турш Баварид ийм хөрөнгөөр исгэсэн шүүлтүүргүй шар айргийг хэрэглэж байна.

-Танай шар айрагны хөрөнгийг зөвхөн Бавариас олох боломжтой гэсэн үг үү?

-Шар айрагны хөрөнгө маш жижиг бичил биетүүдээс бүрддэг. Хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн маш олон төрлийн шар айрагны хөрөнгө үйлдвэрлэдэг. Амт, үнэр нь харилцан адилгүй. Шар айрагны технологи их өөр. Исгэлтийн хэм ч харилцан адилгүй бөгөөд бүлээн, хүйтэн исгэлтийн технологи гэж бий.

Бид шар айрагны хөрөнгө исгэдэг жороо чандлан нууцалдаг. Энэ бидний өмч учраас бид жороо нууцлах эрхтэй. Ирээдүйд урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж чадсан тохиолдолд өөр газар үйлдвэрлэх боломжтой. Гадаадын арван хоёр улсад бид “Калтенберг” шар айраг үйлдвэрлэж байна.

Зураг