Индэр    
2014 оны 4 сарын 2
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

П.Энхбаяр: Монголдоо анх удаа биоинформатикийн анги нээж 20 оюутан төгсгөсөн

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн мэдээлэл, компьютерийн шинжлэх ухааны тэнхмийн эрхлэгч, профессор П.Энхбаярыг урьж ярилцсан юм

Д.Жаргалсайхан “de Facto” нэвтрүүлгийнхээ зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн мэдээлэл, компьютерийн шинжлэх ухааны тэнхмийн эрхлэгч, профессор П.Энхбаярыг урьж ярилцсан юм.

-Танай сургууль шинэ бүтэцтэй боллоо. Тэнхмийн эрхлэгчийн хувьд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Бүтцийн өөрчлөлтөөр манай сургуульд гарч ирсэн шинэ зүйлийн нэг нь Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль юм. Манайд өмнө нь байгаагүй шинэ бүтэц. МУИС-д ШУТИС-аас өөр инженерийн чиглэлийн сургууль хэрэгтэй гэж үзээд энэ сургуулийг бий болгосон. ШУТИС зам, барилгын инженерүүдээ бэлтгэнэ, харин бид шинжлэх ухаанд суурилсан инженерчлэлийг хөгжүүлэн, мэргэжилтнүүд бэлтгэх юм.

-Энэ сургуульд ямар факультетууд багтсан бэ?

-Мэдээллийн технологийн сургуулийн мэдээлэл зүйн тэнхим, Математик компьютерийн сургуулийн хоёр тэнхим, Худалдаа, эдийн засгийн болон бусад сургуулийн ангиудыг нийлүүлж энэ сургуулийг бий болгосон.

-Энэ тэнхмийн гол зорилго юу вэ?

-Хуучин бүтцэд давхардал их байсан. Хамгийн түрүүн энэ давхардлыг байхгүй болгоно. Мөн олон янзын стандарт, хөтөлбөрөөр сургалт явуулж ирсэн гажуудлыг арилгана. МУИС-ийн бүх оюутанд мэдээлэл зүйн хичээлийг манай тэнхмийн багш нар заана. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль 100 гаруй багштайгаас 40 орчим нь манай тэнхимд харьяалагдана.

-Бид мэдээлэл технологи, харилцаа холбооны эрин зуунд амьдарч байна. Манай улсын харилцаа холбооны салбар хэрэг зэрэг хөгжсөн байна вэ. Боловсон хүчний чанар ямар вэ. Харвардын их сургуулийн өрсөлдөх чадварын судалгаанд “Ирээдүйд Монгол Улсын экспорт хийгээд өрсөлдөх чадварын нэг салбар нь мэдээлэл харилцаа холбоо” гэж байсан. Энэ чиглэлд танай сургуулийн оролцоо юу байх вэ?

-Энэ салбарт манай мэргэжилтнүүд гологдохгүй гэж үздэг. Учир нь олон улсын стандарт шалгалт гэж байдаг. Энд манай багш нар хүмүүсээ бэлтгэж шалгалт өгүүлдэг. Шалгалтад орсон хүмүүс Азийн арваад оронд ажиллах эрхтэй болдог. Мэдээлэл зүйн олимпиадад кибер аюулгүй байдал, нэг цэгийн үйлчилгээ, “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх мэт ажилд бид чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Ажил хөнгөвчлөх, иргэдтэй шууд харьцахгүй байхад зориулан ухаалаг үйлчилгээний систем бий болгох чиглэлд манай сургууль төсөл авсан. Ерөнхий сайдад зөвлөхөөр ажиллаж байгаа багш нар олон байна.

-Азийн арваад оронд танай сургуулийн дипломыг хүлээн зөв-шөөрөх юм байна. Тогтоосон стандарт байдаг юм уу?

-Тийм ээ, англи хэлний түвшин тогтоох шалгалт гэж байдаг шиг ICT-ын стандарт шалгалт байдаг.

-Тэгэхээр танай сургуулийн оюутан бүр энэ шалгалтыг давж байж төгсөнө гэсэн үг үү?

-Үгүй ээ, тийм утгаараа биш. Шалгалт өгөх хүсэлтэй хүмүүс тусдаа бэлтгээд шалгалтын асуултаа өөрсдөө боловсруулаад өгдөг. Хүмүүс шалгалтдаа хувиараа ч бэлтгэж болно, манай багш нараас тусламж авж ч болно.

-Таны мэргэжил их сонин. Та “Биоинформатик” гэж яриад байна. Уг нь физикч хүн. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Би Хөвсгөл аймгийн Галт сумын хүн. Намайг дөрөвдүгээр ангид байхад манай ах физикийн хичээл анх үзэж ирчихээд “Их гоё хичээл байна” гэж хэлсэн. Тухайн үед миний толгойд физик гоё гэсэн бодол үлдсэн байсан юм билээ.

Тэгээд өөрөө энэ хичээлийг үзээд эхлэхэд үнэхээр гоё байсан. Төмөрбаатар багш минь ч сайн заасан. Тэгээд л би физикч болохоор шийдээд өөр ямар ч хичээл сонирхоогүй. Тэгээд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн физикийн ангид орсон. Төмөрбаатар багш намайг физикч болоход хамгийн их нөлөөлсөн. Энэ завшааныг тохиолдуулаад багшдаа маш их баярлаж явдгаа хэлье.

Тэр үед МУИС-ийн физикийн ангийг долоон мэргэжлээр салгадаг байсан. Би ирээдүйд геофизик их хөгжих юм байна гэж бодоод тэр ангийг сонгосон.

Сургуулиа 1990 онд төгсөөд багшаар үлдсэн. Манай сургууль ХБНГУ-ын Хумбольдтын их сургуультай хамтын ажиллагаатай байсан учраас багш нараа солилцоогоор ажиллуулан туршлага солилцуулдаг байсан юм. Намайг ХБНГУ-ын Хумбольдтын их сургуульд солилцоогоор явахын өмнө тус сургуулийн багш профессор Райн Хард Хенрих гэдэг хүн манай сургуульд ирж ажилласан. Тэр программ зохиодог, математик загвар бичдэг хүн байсан. Түүнийг орчин үеийн систем биологийн үндэслэгчдийн нэг гэж үздэг.

Би 1992 онд Хумбольдтын их сургуульд солилцоогоор нэг cap байх ёстой байсан ч профессор Райн Хард Хенрих намайг их тоогоод гурван cap байлгасан.

Тэр хооронд би эсийн мимбранаар ион үзэгдэх үзэгдлийн математик загварчлалын ажил хийсэн. Сүүлдээ зургаан cap болгож сунгаад, тэнд оюутан болоод, судалгааны ажил хийж байлаа. Эргэж ирэхэд манай улсын байдал үнэхээр хүнд байсан. Тэгээд өөрийн ирээдүйг бодоод гуравдагч оронд cуралцax хэрэгтэй, тийм боломж ч байгаа гэдгийг ойлгосон.

Тухайн үед манай тэнхимийн Дамдинсүрэн гэдэг багш Хоккайдогийн их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар сурч байсан юм. Тэр үед Хоккайдогийн их сургуульд тусгай англи хэлний анги нээгдээд, би орсон. Тэнд хөдөө аж ахуйн факультетад магистрын зэрэг хамгаалсан. Миний удирдагч профессор Осаки “Юу хийх вэ” гэж асуухаар нь “Дээд ургамлын хлорфилийн пулирсиценз гэдэг зүйлийг судалъя” гэсэн. Түүн дотроо дээд ургамал дээр хлорпласт явагддаг гэдгийг батлах оролдлого хийсэн.

-Таны мастерын ажлын практик үр дүн юу байсан бэ?

-Магистрын ажлынхаа хажуугаар чийг ихтэй болон дунд зэрэг чийгтэй газар хүлэмжийн эффект ямар үр дүн үзүүлэх вэ гэдэг тухайд туршилт хийсэн. Үүний үр дүнд манай оронд хуурайшилт маш хүчтэй нөлөөлнө гэсэн дүгнэлт гаргасан.

-Та Хоккайдогийн их сургуульд үргэлжлүүлэн сурч докторын зэрэг хамгаалсан. Ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Туршилт огт хийж үзэлгүй Хоккайдогийн их сургуульд очиж байлаа. Газар, усан орчинд ургамал ургуулаад бараг нойр хоолгүй байдаг байлаа. Би мөнгө бага шаарддаг, Монголдоо ажил хэрэг болгох боломжтой тийм л зүйлээр доктор хамгаалмаар байгаагаа удирдагч багшдаа хэлсэн. Тэгтэл удирдагч багш намайг биоинформатик чиглэлээр ажиллаж байсан профессортой танилцуулсан. Тэр хүний семинарт сууж эхлээд л энэ чиглэл рүү орсон доо.

Мэдээллийг олон туршилтаар гаргаад ирдэг. Их нарийн яривал гуравхан төрлийн мэдээлэл байдаг. Энэ мэдээллүүдийг лабораториудад туршилтаар гаргаад ирдэг. Энэ мэдээллүүд хэдэн триллионоор хэмжигддэг бөгөөд 1.3-3.2 жилд хоёр дахин нэмэгддэг. Нэг хүний мэдээллээс гадна асар их мэдээллийг боловсруулахад математик, мэдээлэл зүй, компьютерийг хэрэглэх, буцаагаад хүнд хүргэх, шинэ мэддэг боловсруулах, хууль зүйн тогтол илрүүлэх, түүнийг загварчлах нь биоинформатикийн судалгааны асуудал.

-Та яг энэ чиглэлээр оюутнууддаа хичээл зааж байна уу?

-Би 2004 онд доктор хамгаалж ирээд биоинформатикийн сургалт нээхээр таван жил бэлтгээд 2009 онд зөвшөөрөл авч Монголд анх удаа биоинформатикийн анги нээж эхний 20 оюутнаа төгсгөсөн.

-Тэд одоо хаана, ямар ажил хийдэг вэ?

-Би оюутнууддаа хэл сайн сурч, гадаадад сургуульд сурахыг их захидаг. Өөрөө англиар хичээлээ заах ч үе байдаг. Манай ангийг төгссөн гурав, дөрвөн хүн гадаадад сургуульд явсан. Бусад нь өөр ажил хийж байна. “Гялс” төвд нэг, хувийн компанид нэг охин мэргэжлээрээ ажиллаж байгаа. Яг одоогоор олон нийт бидний мэргэжлийг ойлгох арай болоогүй ч гэсэн инновацийн хөтөлбөрт анагаах ухаанд биоинформатикийг хөгжүүлнэ гээд заачихсан. Тэгэхээр гол хэрэглээ нь анагаахад очих юм.

-Монгол хүнийг эдгээхэд зориулсан биоинформатик буюу энэ мэдээллийг боловсруулдаг чиглэлээр ажиллах хүнийг la бэлтгээд байна гэж ойлгож болох уу?

-Монголд биоинформатик гэдэг зүйлийг хөгжүүлэх, энэ чиглэлийн компани байгуулах хүн бэлтгэх ажил.

-Танай тэнхмийн хийж байгаа ажлыг оюутнууд амьдрал дээр яаж холбоод практик үр дүн болгох вэ. Энэ чиглэлээр танай сургууль, тэнхим ямар ажил хийх вэ?

-Энэ чиглэлээр хийх ажлаа яг тодорхой төлөвлөөгүй боловч бодож байгаа маш олон ажил бий. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.

-Та яг ямар салбарт, юун дээр бодитой үр дүн гарна гэж бодож байгаа вэ?

-Эмийн салбарт. Манай улсад ардын эмнэлэгт хэрэглэгддэг ургамал, амьтан олон байдаг. Дэлхийн практикт тропикийн орнуудад бол хортон ургамал маш их байдаг. Эднээс нэг молекул ялгаж аваад түүнийгээ эмийн хэлбэрт оруулан зардаг компани олон байдаг. Тэдний жилийн орлого зургаан сая доллар болдог.

Хэдхэн молекултай компани ч байдаг. Энэ тал дээр ганцаараа онолын ажил хийхэд тун хүндрэлтэй, үр дүнгүй л дээ. Монголд байдаг эмэнд хэрэглэгддэг амьтдаас яг ямар молекул нь үйлчлээд эмчлээд байдаг юм гэдгийг эхлээд олох хэрэгтэй. Түүнийг олсны дараа эмийн хэлбэрт оруулах хэрэгтэй. Уургийг шууд хэрэглэж, тарьж болдоггүй учраас заавал бэлдмэл болгон хувиргах шаардлагатай. Түүнийгээ ямар хувилбараар хийж болохыг нь үзсэний үндсэн дээр хамгийн тохиромжтойг нь сонгох хэрэгтэй.

-Янз бүрийн ургамал ашиглаад хийж байгаа уламжлалт эмийн молекулын тогтолцоог тоггоох ажил хийж байна гэж ойлгож болох уу?

-Тэр тогтолцоог олохын тулд хамгийн эхэнд туршилтын ажил хийх хэрэгтэй. Эм болгоход тодорхой шатлалууд бий. Үүнд л биоинформатик хэрэгтэй гэсэн үг.

-Ургамлаар хийж байгаа эмийг эм болгох хэмжээнд нь шинжлэх ухааны үндэслэлтэй молекулын найрлага, бүтцийг гаргаад ирэх боломж нээгдэж байгаа юм уу?

-Тэр чиглэл рүү л явж байна гэсэн үг. Бодитой үр дүнг нь харахын тулд онол, практикийн хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй.

-Европт Монголын ардын эмнэлгийн эмч нар их байдаг юм билээ. Тэр хүмүүс эмчилж болохгүй өвчнийг эдгээсэн тохиолдлыг би мэднэ. Миний нэг итали найзыг “Нэг сарын настай” гэж хэлэхэд Монголд ирж уламжлалт эмчилгээ хийлгээд түүнээс хойш олон жил амьдарч байна. Европынхон “Ямар эм уусан бэ” гэхээр “Монгол эм уусан” гэж хэлдэг. Тэгэхээр үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломж нээгдэх нь ээ?

-Тэгэх зайлшгүй шаардлага байгаа. Тэр чиглэлд ер нь ажиллах ёстой. Энэ дээр ганц манайх биш олон салбар хамтран ажиллах хэрэгтэй.

-Энэ чиглэлээр танай сургууль, тэнхим компани байгуулаад үр дүнд хүрвэл худалдаж болох уу?

-Инновацын хуулиар их сургуулийн багш компани байгуулж, түүнээсээ ашиг авч болно гэж заасан. Өөрөөр хэлбэл манай сургууль, тэнхим компани байгуулж болох эрх зүйн орчин бүрдсэн.

-Энэ чиглэлээр та юу хийх гэж байна?

-Эхний ээлжинд энэ чиглэлээр төсөл хийж мөнгө босгох хэрэгтэй. Өмнө нь тийм том зүйл амлахад надад зориг дутаж байсан. Ер нь бол үүнийг ажил хэрэг болгох юмсан гэж байнга бодож явдаг.

-Ихэнх хүн том биш жижиг зорилго тавиад түүндээ хүрээд л сэтгэл ханаж байдаг. Харин танай сургууль шинэ бүтэцтэй боллоо. Япон улсад магистр, докторын зэргээ хамгаалаад ирсэн хүн энэ тэнхмийг удирдаад явж байна. Тиймээс энэ ажил дээрээ том зорилго тавиад Монгол Улсын ардын эмнэлгийг дэлхийд хүлээн зөвшөөрөх бүтцэд нь оруулаад, үр дүнг нь харвал манай экспортын маш том салбар биш үү?

-Тийм байж болно. Би эхний ээлжинд чадна гэж бодсон чадварлаг баг бүрдчихлээ гэж үзвэл тэр рүү алхам хийнэ.

-Тэр үе хэзээ ирэх вэ?

-Түүнийг би эрэлхийлж байгаа. Би энэ тэнхмийн эрхлэгч болоод хоёр cap л болж байна. Харин МУИС-д 25 жил ажиллахдаа биофизикийн тэнхимд ажилласан.

-Одоо та энэ сургуулийн тэнхимийн эрхлэгч. Бүх юм танаас хамаарах байх?

-Би биофизикийн тэнхмийн эрхлэгч байсан. Тэнд бас уураг ялгадаг, цэвэршүүлдэг лабораторийг манай нэг багш байгуулаад явж байна. Нэг хүндрэлтэй тал нь санхүүгийн эрх мэдэл тэнхмийн эрхлэгчид байдаггүй.

-Танд энэ мэддэгээ зараад мөнгө олох эрхийг хуулиар баталгаажуулаад өглөө. Одоо компаниа байгуулаад явахад хүндрэлтэй зүйл юу байна?

-Би дээр хэлсэн шүү дээ. Энэ ажлыг хийж чадах чадварлаг баг бүрдсэн цагт хийнэ. Хүчин чадал сайтай компьютер, төхөөрөмж, мөнгө хэрэгтэй.

-Та тэгээд хурдхан шиг багаа бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ?

-Баг бүрдүүлэхэд хүндрэлтэй олон зүйл бий. Багаж, хүчин чадалтай компьютер, хөрөнгө мөнгө байж болно. Гэхдээ бодлого, сайн эрдэмтэд байхгүй бол тэр хэрэггүй зүйл болж хувирна. Чадвартай, энэ ажлыг хийж чадах хүмүүсийг бүрдүүлнэ гэдэг хамгийн хэцүү.

-Танай сургууль л энэ салбарын чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ биз дээ?

-Түүний төлөө л би олон жил зорьж ажиллаж байна. Чадвартай мэргэжилтэн байвал багаж, хэрэгслийг яаж ч ашиглаж, олон зүйл хийж болно.

-Таны энэ ажилд хамтрах хүсэлтэй хэрнэ, өөртөө эргэлзэж байгаа залууст хандаж та юу хэлэх вэ?

-Хамгийн гол нь оюутнууд сайн сурах хэрэгтэй. Мэргэжлээ сайн эзэмшсэн тохиолдолд айгаад байх зүйл байхгүй. Төгсөөд ажил олдох болов уу, үгүй болов уу гэж бодож цагаа дэмий бүү өнгөрөө. Тэр замыг сонгосон бол сайн сур, судал.

-Сайн сурахад оюутнуудад юу хэрэгтэй вэ?

-Олон мэдээлэлтэй харьцахдаа болгоомжтой бай. Өөртөө ганцаараа байх цаг гарга. Ганцаардлыг даван туулдаг чадвартай болох хэрэгтэй. Судлаач хүнд олон шинж чанар байх ёстой. Бие сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа сонирхолтой байх. Хийж байгаа ажил нь зовлон болоод байвал хэцүү* Тэгэхдээ хичээлийг сонирхолтой болгох нь багш нарын үүрэг. Залуу хүмүүсийн тархийг цэнэглэж, урам зориг өгч, зөв зам руу хөтөлж байх ёстой.

-АНУ “Чи сурагч, би багш” гэхээсээ илүү бид нэг баг гэсэн үүднээс харьцдаг. Харин Японд ямар байдаг вэ?

-Японд бол хүнээс хамаарна. Даалгавар өгчихөөд хоёр cap уулздаггүй профессор ч бий. Шинжлэх ухааны ажил үргэлж сонирхолтой, сайхан байхгүй. Хүнд шантрах үе бишгүй их байдаг. Багш, оюутан хоёр нэг зүг рүү харах нь хамгийн чухал. Багш нь нэг даалгавар өгдөг, оюутан түүнийг чадахгүй, хийхийг хүсэхгүй бол зовлон болдог.

-Та Японд олон жил болсон. Япон хүнээс монголчууд тусгаж авах ямар зан чанар байдаг вэ?

-Маш олон чанар бий. Хамгийн чухал нь япончууд нэг түвшинд тасралтгүй ажиллаж чаддаг. Тэр нь орчноос гадна боловсрол өндөр байгаагийн илэрхийлэл гэж би боддог.

-Японд “Яаралгүйгээр шамдаж бай” гэдэг зүйр үг байдаг. Та шинэ ажил аваад, цоо шинэ тэнхим хариуцаад, шинэ бүтцээр ажиллах гэж байна. Таны ажил манай улсын ирээдүйн хөгжилд өгөөжтэй байх эсэхэд нөлөөлөх чухал ажилд очсонд тань баяр хүргэе. Өнөөдөр та манай нэтврүүлэгт оролцоод илэн далангүй бүх асуудлаа ярьсанд талархаж байна. Танд, танай сургуулийн багш оюутнуудад шинэ эхэлж байгаа ажил, шинэ Монголын сэхээтнүүд төрүүлэх ажилд амжилт хүсье.

-Их баярлалаа.

Зураг