Индэр    
2014 оны 3 сарын 25
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

"Герман улс хамгийн сайн инженерүүдтэй болохоор..."

Зураг
Монгол-Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн захирлааар ажиллах профессор Б.Раухут

-Монгол дахь Технологийн сургуулийн бакалаврын сургалт ирэх намраас эхэлнэ-

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Монгол Улсад байгуулагдаж буй Монгол-Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн захирлааар ажиллах профессор Б.Раухутыг урьж ярилцсан юм.

-Манай шоунд тавтай морил!

-Маш их баярлалаа.

-Та Монгол Улсад ямар зорилготой ирсэн бэ?

-Хоёр жилийн өмнө Германы Канцлер болон Монгол Улсын Ерөнхийлөгч нар Монголд Технологийн их сургууль байгуулах тухай тохиролцсон гэдгийг та мэднэ. Энэ сургууль нь уул уурхайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготой Герман болон Европын туршлагад суурилсан их сургууль. Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог өөрчлөх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл юм. Герман-Монголын хамтарсан нөөц технологийн институт.

Инженерүүд их сургуульд суралцахын сацуу компаниудад ажиллаж, дадлага хийдэг.

-Нөөц ба технологи уу?

-Тийм. Нөөц ба технологи. Уул уурхай ложистик гэдэг нь их сургуульд бэлтгэгддэг инженер, техникч болон бусад мэргэжлийн хүмүүсийг багтаадаг ойлголт. Энэ нь цаашдаа Монгол Улсын өрсөлдөх чадвартай холбоотой.

-Тэгэлгүй яах вэ. Тийм ч учраас бид энэ сургуульд онцгой ач холбогдол өгч байна. Сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулаач?

-Бидний үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Зарим нэг ажлаа дуусгах зорилгоор Монголд ирсэн. Би Оман улсад ч гэсэн ийм төсөл дээр ажиллаж байлаа. Оманы Технологийн их сургууль байгуулах төсөл Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөлтэй адил. Ялгаа нь уул уурхай биш харин газрын тосны технологитой холбоотой байсан. Монгол дахь Их сургуулийн үйл ажиллагаа нэгэнт эхэлчихсэн учраас өнөөг хүртэл амжуулсан ажлаараа бахархаж байна. Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл маань хурдан хугацаанд хөгжинө гэдэгт итгэж байгаа. Маш хурдацтай хэрэгжиж байна. Ирэх намраас бакалаврын сургалт эхэлнэ.

Оман зэрэг улс оронд хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөртэй адилхан Монголд ч гэсэн эхний нэг жилд бакалаврын шатны сургалтад бэлтгэх хөтөлбөрт хамрагдах ёстой. Энд зарим нэг ялгаа бий. Европ стандартын дагуу сургалт явуулах учраас ялгаатай. Германы боловсролын тогтолцооны дагуу ерөнхий боловсролын сургалт 12-13 жил үргэлжилдэг. Харин энд 11 жил юм байна. Энэ ялгааг нөхөх шаардлагатай. Манай их сургуулийн бэлтгэл анги нь энэ орон зайг нөхөх болно.

-Ойлголоо. Яагаад Оман дахь Германы их сургууль гэж нэрлэгдэх болов. Түүхээс нь ярина уу?

-Би Аахены их сургуулийн ректороор ажиллаж байсан. Би Герман улс хамгийн сайн инженерүүдийг бэлтгэж ирсэн учраас хамгийн сайн автомашин үйлдвэрлэдэг” гэж хэлэх дуртай. Их онцгой зүйл шүү. Та бүхэн инженер гэдэг үгийг англи хэлэнд хэрхэн бичдэгийг мэднэ. Үгийн язгуур нь хөдөлгүүр гэдэг үгнээс гаралтай. Харин герман хэлэнд инженер гэдэг үгийн язгуур нь онцгой ур чадвар гэдэг утгыг илэрхийлдэг. Та ялгааг нь олж харав уу?

-Тийм ээ, би харлаа. Герман инженерүүд дэлхийд шилдэг, герман машинууд хамгийн сайн байдаг нь ямар учиртай вэ?

-Их сургуулийн хөтөлбөртэй холбоотой. Герман инженерүүд зөвхөн номын санд биш, харин бодит амьдралтай ойр ажилладаг. Инженерүүд их сургуульд суралцахын сацуу компаниудад ажиллаж, дадлага хийдэг. Докторын түвшинд суралцаж буй инженерүүд их сургууль дээр өөрийн судалгааны багтай байдаг. Тэд багаараа төсөл хэрэгжүүлж, их сургуулиа олон талын өргөн хүрээтэй мэдлэгтэй инженер болж төгсдөг.

Жишээ нь Англид инженерийн мэргэжлээр ажиллахын тулд заавал тодорхойлох захидал шаарддаг. Харин Германд инженерийн мэргэжлээр суралцаж байгаа л бол компаниуд шууд ажиллуулдаг.

Ийм боловсролын тогтолцоо нь маш үр дүнтэй. Жишээ нь Аахены Технологийн их сургуулийн профессоруудын 70-80 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажилласан туршлагатай. Докторын түвшинд суралцаж буй хүмүүс компаниуд ажил эрхэлдэг. Тав, 10, 15 жилийн турш ажиллахын сацуу суралцсаар байдаг. Тэдний хамгийн шилдэг нь эргээд сургуульдаа багшилдаг юм. Их сургууль болон аж үйлдвэрийн холбоо харилцаа сайн учраас оюутнууд хэрэглээний мэдлэг сайтай байдаг юм.

-Хэрэв би зөв ойлгосон бол герман инженерүүд их сургууль дээрээ багаар ажилладаг юм байна. Энэ нь ямар нэгэн компани гэдэг утгаараа яригдаж байна уу?

-Яг компани биш. Инженерийн сургууль дээр аж үйлдвэрийн зүгээс олон төсөл ирдэг. Нэг профессор тэр бүх төслийг удирдан хянах боломжгүй. Тийм ч учраас магистр болон зарим оюутныг төсөл дээр баг болгон ажиллуулдаг. Багш болон сурлага сайтай чадварлаг оюутнуудын хамтарсан баг гэж ойлгож болно. Тэд төслийг хамтын хүчээр хэрэгжүүлж дуусгадаг.

-Та их сонирхолтой зүйл ярилаа. Их сургууль нь аж үйлдвэрийн олон төслийг хэрэгжүүлдэг юм байна?

-Тийм ээ.

-Тодорхой үйлдвэр, компаниудын зүгээс төсөл захиалдаг юм байна. Яагаад. Энэ харилцаа хэрхэн хэрэгждэг вэ. Монголд ийм хэлбэрийн харилцаа байдаггүй учраас би сонирхож асуулаа?

-Хамтын ажиллагаа хэрэгжих дөрвөн арга зам бий. Нэгдүгээрт, профессорууд аж үйлдвэрийн салбарыг мэддэг учраас шууд харилцаа тогтоодог. Их сургуульд хамт сурч байсан инженерүүд аж үйлдвэрийн салбарт олон байдаг учраас тэр.

-Өмнө нь хамтран ажиллаж байсан учраас уу?

-Тийм. Өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагатай. Жишээ нь манай профессоруудын нэг нь “Мерседес”, “BMW” компанид тус бүр найман жил ажилласан туршлагатай. Улмаар бид түүнийг их сургуулийн захирлаар сонгож томилсон.

-Их сургуульдаа эргэн иржээ?

-Тийм ээ, их сургуульдаа эргэн ирсэн. Энэ бол нэг зам. Өөр нэг зам нь сургуульд элсэн суралцаж буй оюутнуудыг ирээдүйд өөрсдөө бизнес эрхлэгч болно гэдэг утгаар нь бэлтгэх арга. Жишээ нь бид эдийн засгийн тэнхимийн харьяанд бизнес, аж ахуй эрхлэх сургалт хариуцсан профессортой болсон. Энэ бол хоёр дахь зам. Гурав дахь нь дадлага. Оюутнууд компанид ажиллаж, ажлын туршлага хуримтлуулах ёстой.

Дөрөвдүгээрт, сургуулийн дэргэд үйлдвэрт үйлчлэх, бие даасан компани байгуулах. Ийм компани байгуулахын тулд их туршлагатай байх ёстой. Их сургуульд докторын түвшинд суралцаж буй оюутнууд бие даасан бизнес эрхлэх туршлага хуримтлуулдаг. Дараа нь их сургуулийн дэмжлэгтэйгээр аж үйлдвэрийн салбарт хөл тавина.

Тэд их сургуульд суралцаж байх үедээ бүрдүүлсэн багийн тусламжтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний дийлэнх нь их сургуульд цагаар ажиллах замаар амьжиргаагаа авч явдаг. Харин үлдсэн цагт нь өөрийн компанид ажиллана. Хагас цагаар их сургуульд ажиллах хугацаандаа бусадтай холбоо тогтоодог. Мөн Худалдааны танхим, хөрөнгө оруулагчид болон банкуудтай холбоотой ажиллана. Тэд их сургуульд суралцахын сацуу бизнесийн салбарт хамтран ажилладаг юм. Тэд хэрхэн сайн бизнес эрхлэх тухай хангалттай мэдэхгүй ч гэсэн сайн хамтрагч болж чаддаг юм.

Их сургуулийн чанарыг үнэлэх хамгийн гол үүсвэр нь багшлах боловсон хүчин ба оюутнууд.

-Аж үйлдвэр, хувийн компаниудад дадлага хийх, туршлагатай хүмүүсийг их сургуульд эргүүлэн урихын тулд их сургууль өөрөө өндөр түвшний чанартай боловсрол олгодог байх ёстой. Танай сургуулийг онцгой болгодог зүйл юу вэ. Танай сургуулийн аж үйлдвэр болон компаниудын анхаарлыг татдаг гол шалтгаан юу вэ?

-Их сургуулийн чанарыг үнэлэх хамгийн гол үүсвэр нь багшлах боловсон хүчин ба оюутнууд. Хэрвээ сайн багш нартай бол сайн оюутнуудыг татаж чадна. Эсрэгээр сайн оюутнуудтай бол сайн багш нарыг татаж чадна.

-Танай их сургууль хэзээ байгуулагдсан бэ?

-1870 онд

-Бараг 140 жилийн түүхтэй юм байна?

-143 жилийн түүхтэй. Политехникийн их сургууль маягаар байгуулагдсан. Эхэн үедээ Германд докторын сургалт явуулдаггүй байсан. 1900 оноос докторын сургалттай болсон. Бидний үйл ажиллагаа маш эрт амжилтад хүрсэн. Тухайлбал, Юнкерс Аахены их сургууль дээр анхны металл онгоцыг зохион бүтээжээ. Тэр Аахены их сургуульд багшилдаг байсан юм.

-Тийм үү, Юнкерс танай сургуульд багшилдаг байсан юм уу. Дэлхийн II дайны үед түүний зохион бүтээсэн онгоцууд алдартай байсан?

-Тэр анхны онгоцоо 1915 онд зохион бүтээсэн түүхтэй. Анхны металл онгоц. Сайн профессорууд практикт ч амжилт гаргаж чаддаг. Энэ бол Германы хуучин уламжлал. Хэрвээ чи өөрийн их сургуульд албан тушаалаа ахиулж чадахгүй бол өөр сургуульд боломж хайсан нь дээр. Өөр их сургуульд амжилт олж чадахгүй бол таны замнал нэлээд төвөгтэй болно.

-Танай сургууль Германы политехникийн боловсролын салбарт тэргүүлдэг биз дээ?

-Тийм.

-Зөвхөн Германд ч биш.

-Тийм ээ. Германы төдийгүй Европын шилдэг сургуулиудын нэг.

-Герман-Нидерландын хилийн ойролцоо байрладаг биз?

-Яг зөв.

-Бельгид ч гэсэн.

-Тийм.

-Танай сургууль бол Герман дахь политехникийн боловсролын анхдагч гэдэг утгаараа түүхэнд тэмдэглэгдсэн. Та өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд сургуультай холбоотой байжээ. Харин дараа нь Оман руу явсан. Оманы тухай ярилцъя. Тэндэхийн дахь ажил тань Монгол дахь төсөлтэй их төстэй юм аа?

-Тийм шүү.

-Оман дахь их сургуультай төстэй сургуулийг Монгол Улсад нээх санаа хэрхэн төрсөн бэ?

-Түүх нь их адилхан. Оман их том газар нутагтай. Монгол Улстай харьцуулбал жижигхэн ч гэсэн Италиас хавьгүй том. Хоёр 2.5 сая гаруй хүн амтай.

-Гайхамшигтай сайхан улс. Би өмнө нь очиж байсан.

-Тийм шүү. Маш үзэсгэлэнтэй. Энэ улс 1970-аад онд дундад зууны амьдралаасаа салсан. 1970 он хүртэл дундад зууны улс байлаа. Мотоцикл ь худалдаж авахын тулд цагдаагийн газраас зөвшөөрөл авахыг шаарддаг байсан. Тэр үед дөнгөж есөн км орчим засмал замтай байлаа. Харин өнгөрсөн 40 жилийн хугацаанд огцом өөрчлөгдсөн. Оманд 1970 онд гурван сургууль, нэг эмнэлэг байсан. Тэгээд л гүйцээ.

-44 жилийн дараа байдал өөрчлөгджээ?

-Харин өнөөдөр 30 мянган км урт хурдны зам, гудамжууд, 1600 гаруй сургуультай болсон байна. Хэдийгээр улс орон хурдацтай хөгжсөн ч гэсэн боловсролын салбарын хөгжил хоцрогдсон. Учир нь боловсролын чанар тун тааруу. Араб хүмүүс ном бараг уншдаггүй. Тэд ярих дуртай.
 

Нүүдэлчин монголчуудтай их төстэй араншин ажиглагддаг. Монголчууд морь, арабчууд тэмээ хөлөглөдөг. Аливаа улс орны ирээдүй зөвхөн боловсролтой хүмүүсээс шалтгаална. Үүнийг ч Оманы ард түмэн ойлгосон. Тэд боловсролтой, мэддэгтэй оюутнууд эх орноо авч явна гэдгийг ойлгодог болсон. Тийм ч учраас Оманы Засгийн газар аж үйлдвэртэй нягт холбоотой байдаг Аахены их сургуульд хандсан юм.

-Хэдэн онд вэ?

-2005.

-Та 2005 оноос хойш тус сургуулийг удирдсан юм уу?

-2008 онд эхэлсэн. Одоо зургаан жилийн нүүр үзэж байна.

Хэрвээ Европын стандартыг хүсч байгаа бол европчуудын авдаг шиг өндөр цалин өгөх ёстой.

-Яагаад таныг сонгосон юм бэ?

-Би Аахены их сургуулиас тэтгэвэрт гарах гэж байсан. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биз дээ?

-Сайн сургууль сайн багш нартай байх ёстой гэж та ярилаа. Гэвч энэ их өртөгтэй. Германы их сургуулийг Оманд нээхийн тулд та профессоруудад өндөр цалин амлах шаардлага гарсан уу?

-Тийм. Монголын Засгийн газар ч гэсэн үүнийг анхаарах ёстой. Хэрвээ Европын стандартыг хүсч байгаа бол европчуудын авдаг шиг өндөр цалин өгөх ёстой.

-Ядаж европчуудын хамгийн бага цалинг өгөх ёстой биз?

-Тийм. Өөр улсад ажиллана гэдэг нэлээд хүнд. Өндөр цалин хангамж амласан ч гэсэн инженерийн салбарын профессорууд Оман руу очихгүй байлаа. Би тэднийг ятгах гэж оролддог байсан. Гэвч энэ нь маш хэцүү даалгавар. Их сургуулийн профессорууд маш завгүй. Тэд том хүрээлэн удирддаг учраас цалинтай чөлөө ч авдаггүй. Тэд гуравдагч этгээдээс мөнгө авч, төсөл хэрэгжүүлдэг учраас төслөө орхих боломжгүй байдаг.

-Оманы их сургууль хэдэн профессортой вэ?

-Оманы их сургуульд бэлтгэл курс гэж бий. Монгол-Германы Ашигт малтмал, технологийн дээд сургуультай адил англи хэлээр хичээл заадаг. Германаас урьсан профессорууд герман, англи хэлээр хичээл заадаг. Тэд монгол хэлээр ярьж чадахгүй. Харин оюутнууд англи хэлтэй учраас профессорууд англиар хичээлээ заадаг юм.

Бид Оман дахь их сургуулийн бэлтгэл курст зориулан англи хэлтэй улс орнуудаас багш нарыг урьсан. Жишээ нь Канад, ӨАБНУ, АНУ-аас багш нарыг авчирсан. Төв Европын улс орнуудаас ч багш нарыг урьсан. Бэлтгэл курс 25 багштай. Харин нийт хөтөлбөрийн туршид 45 багш хичээл заадаг. Манай хөтөлбөр улам өргөжиж байна.

-Гадаадын болон Оман багш нарын тоо хэд вэ?

-Оман багш нарын тоо тун цөөхөн. Их сургуульд багшлах хэмжээний боловсролтой оман багш тун цөөн. Багш нарын 95 хувь нь гадаад хүмүүс.

-Хэдэн оюутантай вэ?

-Мянга орчим.

-Тэдний хэдэн хувь нь оман оюутан бэ?

-85 хувь нь.

-Нийт багш нарын 95 хувь нь гадаад. Ийм нөхцөлд үйл ажиллагаа явуулна гэдэг их сургуулийн удардлагуудын хувьд маш их эр зориг байна. Нийт оюутны 85 хувь нь Оманы иргэн. Энэ сургууль бүс нутагтаа алдартай юу?

-Бүс нутгийн хэмжээнд зөвшөөрөгдөхийн тулд бакалаврын түвшинд анхны оюутан төгсөхийг хүлээх хэрэгтэй байлаа. Тийм ч учраас бид таван жил хүлээх шаардлагатай болсон. Анхны оюутнууд 2012 онд төгсч, манай сургууль сертификат авсан. Улмаар бусад орны оюутнуудыг элсүүлэх болсон.

-Энэ сургууль Герман стандарттай нийцэхүйц боловсрол олгож чадах уу?

-Бараг адилхан стандарттай.

-Ойлголоо.

-Манай сургуулийн зарим оюутан Герман улсад үргэлжлүүлэн магистрын түвшинд суралцаж байна.

-Бид Аахены их сургууль болон Оман, Монгол дахь хамтарсан сургуулиудын тухай ярилаа. Харин одоо Европын холбооны тухай ярья. Та Германд төдийгүй дэлхийд алдартай их сургуулийн захирлаар ажилладаг. Профессоруудын хоорондын холбоо, хамтын ажиллагааг юу гэж боддог вэ. Энэ хэр чухал вэ. Та Империал коллежийн шалгалтын зөвлөлийн дарга байсан. Багш профессоруудын хоорондын холбоо, хамтын ажиллагаа хэр чухал вэ?

-Сайн профессор сайн судалгаа хийх хүсэл зоригтой байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл. Сайн судалгаа хийдэггүй сургууль дэлхийд нэрд гарч чадахгүй. Сайн багш нар сайн судалгаанд суурилж хичээл заадаг байх ёстой. Сайн судалгаагүй сайн багш байж таарахгүй.

Хуучин ЗХУ-д багшийн ажлыг судалгааны ажлаас тусгаарласан учраас амжилт олоогүй. Шинжлэх ухааны академи ба их сургууль гэж тусгаарласан. Энэ бол тун муу зүйл. Германчууд их сургуулийг судалгаанаас тусгаарлах ёсгүй гэж үздэг.

-Та Монголд их олон асуудалтай тулгарч байна уу? Монголд үйл ажиллагаа явуулж буй их сургуулиудыг бизнес, аж үйлдвэртэй ойртуулах, стандартыг дээшлүүлэх асуудал яригдаж байна. Та юу гэж зөвлөх вэ?

-Их сургуулийн стандартыг дээшлүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа өөрөө мэдлэг сургууль гэдэг ойлголтоо тайлбарлаж болно. Яам нь ерөнхийдөө ямар чиглэлийн судалгаа явуулахыг шийдэх учиргүй.

-Хэрвээ Германы боловсролын сайд нь их сургуулийн захирлуудыг томилбол олон нийт яаж хүлээж авах бол?

-Хэзээ ч тийм юм болохгүй.

-Яагаад?

-Боловсролын тогтолцооны уламжлал болон хуулиар зохицуулагддаг.

-Тийм хуультай юм уу?

-Тийм ээ. Манайд ийм төрлийн хууль бий.

-Энэ хууль нь их сургуулиудын бие даасан байдлыг хангадаг уу?

-Манай Үндсэн хуулинд хүртэл үүнийг зохицуулсан заалт бий. Герман-Монголын хамтарсан технологийн сургуульд ч гэсэн энэ асуудал хамаатай. Захирлуудын зөвлөл гэдэг ойлголт нь яам болон их сургуулийн хоорондын харилцааг зохицуулдаг.

-Тийм.

-Их сургуулиудын удирдах зөвлөлөөс гадна Академийн Сенат гэж бий. Энэ нь их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулах үүрэгтэй.

-Академийн Сенат гэж юу вэ?

-Тэнхимүүдийн төлөөллөөс бүрддэг байгууллага. Багш, оюутан, багш бус албан тушаалтнуудын төлөөллөөс бүрддэг. Тэд дэлхийн хэмжээнд багш авах тухай зарыг түгээж, хамгийн шилдэг хүмүүсийг олж сонгохыг хичээдэг.

-Их сургууль бүр Академийн Сенаттай юу?

-Тийм ээ.

-Сенат ямар зарчмаар ажилладаг вэ. Их сургуулийн удирдах зөвлөлөөс гадна Академийн Сенат үйл ажиллагаа явуулдаг гэж ойлголоо?

-Тийм ээ. Таны зөв.

-Тэд хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Бид Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль дээр ч ийм харилцаа бий болгохыг зорьж байна. Жишээ нь их сургуулийн ректорыг сонгон шалгаруулах зорилгоор бид Сенат болон ТУЗ-ийн гишүүдээс бүрдсэн хамтарсан хороо байгуулсан.

Зураг