Индэр    
2023 оны 5 сарын 18
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи Монголд айлчлах уу?

Зураг

Хэдийгээр Чой Сон Хи Улаанбаатарын урилгыг хүлээн авч ирэх эсэх нь тодорхойгүй ч Монголын тал хоёр талын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлдэж байна.

2023 онд Монгол-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиож байна.

Цар тахлын дараах гурван жилийн хугацаанд иргэд солилцоо, худалдаа эдийн засгийн харилцаа түр зогсонги байдалд орсон боловч хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа бататгаж, жилдээ үндэсний уламжлалт баяруудаа тохиолдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлж иржээ. KCNA буюу Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн Монгол Улстай холбоотой мэдээллээс харвал, сүүлийн 3-4 жилийн хугацаанд 100 гаруй удаа Монголын талыг дурдсан байна. KCNA буюу Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээн дунд, У.Хүрэлсүх 9 удаа, Л.Оюун-Эрдэнэ 1 удаа, Б.Батцэцэг 8 удаа, Д.Цогтбаатар 15 удаа дурдагдсан байна.

Хоёр улсын харилцаа

2018-2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ын нарын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар Монголын тал санал тавьсан нь санамсаргүй байдлаар шуугиан тарьж байсан. Хэдийгээр Монгол Улс эцсийн дүндээ сонгогдоогүй ч АНУ-тай найрсаг харилцаатай байхын сацуу Умард Солонгосын цөөн хэдэн итгэмжлэгдсэн түншийн нэг болох Зүүн Умард Ази дахь стратегийн үүргээ дахин тодотгож чадна. Монгол Улс Умард Солонгостой 1948 онд ЗХУ-ын дараа Монгол Улс Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон болсноос хойш олон жилийн харилцаатай байсан. Умард Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен хүртэл Монголд хоёр ч удаа айлчилсан.

Монгол бол Пёньянтай харьцангуй ойр дотно харилцаатай бүс нутгийн цорын ганц ардчилсан орон бөгөөд барууны гүрнүүд Умард Солонгосыг тусгаарлах гэсэн өргөн оролдлогыг үл харгалзан тэд Монгол Улсыг мэдээллийн эх сурвалж, харилцаа холбооны суваг болгон харилцаагаа хадгалахыг дэмжсээр ирсэн.

Хэдийгээр Америк-Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж чадаагүй ч 2018 оны 10 сард, Улаанбаатарт Японы талаас  Шигэрү Китамура, Умард Солонгосын талаас Ким Сон Хэ нарын нууц уулзалт хэлэлцээ болсон. Эх сурвалжууд мэдээлснээр, хэлэлцээний сэдвүүд нь 1970-1980-аад оны хооронд Умард Солонгосын тагнуулын байгууллагуудад барьцаалагдсан, тус улсад хүчээр баривчлагдсан Япон иргэдийг эргүүлэн авах тухай, мөн Япон, Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийж болох эсэх тухай байсан.

Хамгийн сүүлд 2018 онд 12 сард, тухайн үеийн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо айлчлал хийснээс хойш томоохон албан тушаалтнууд харилцан зорчоогүй.

Монгол улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ гардан авсан боловч одоог хүртэл БНАСАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас бараг 20 сарын турш Пёньян хотод очиж, үүрэгт ажилдаа орж чадаагүй байна.

Улаанбаатар дахь эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт

1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн үеэс эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд томилж эхэлсэн. 1998 онд Монголд анх удаа эмэгтэй хүн Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Тэр цагаас хойш Монгол Улс гурван эмэгтэй Гадаад хэргийн сайдтай болсон, одоогийн гадаад хэргийн сайд мөн эмэгтэй. 2001 онд Монгол Улс анхны эмэгтэй Элчин сайдаа томилж, Европ дахь Монголын олон талт дипломат харилцааны чухал зангилаа болсон Бельги улс руу илгээж байжээ.

Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтыг 2018 оноос илүү албан ёсны уулзалт хурал хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. 2018 оны 9-р сард Канадын Гадаад хэргийн сайд Фриланд, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Могерини нар манлайлан Монреаль хотноо эмэгтэй гадаад хэргийн сайд нарын дэлхийн анхны уулзалтыг зохион байгуулж, 17 орны төлөөлөл оролцов. “Манай нийгэм улс төр, эдийн засаг, нийгэмд олон сорилттой тулгардаг бөгөөд эмэгтэйчүүд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Фриланд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хэлэв.

Энэ жилийн хувьд, 6 сарын сүүлээр тус хурлыг Улаанбаатарт зохион байгуулахаар Монголын гадаад хэргийн сайд НҮБ-ын 193 орны 40 орчим эмэгтэй гадаад хэргийн сайдыг урив. 04 сарын эхээр, Умард Солонгосын гадаад хэргийн сайд Чой Сон Хи-г мөн урьсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Тус хуралд оролцох эсэх талаар Умард Солонгосын тал хариу ирүүлээгүй байна.

 Улаанбаатар дахь эмэгтэй гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалтад уригдсан Умард Солонгосын гадаад хэргийн эмэгтэй сайд Чой Сон Хи 1964 онд Пёньянд төрсөн бөгөөд Умард Солонгосын Ерөнхий сайд асан Чое Ён Римийн охин юм. Чой Сон Хи 12 настайдаа Бээжинд англи хэл сурч, дараа нь Австри, Мальтад суралцсан. 1988 онд Умард Солонгосын дипломат системд албан ёсоор орсныхоо дараа Чой Сон Хи гадаад харилцааны олон үйл ажиллагаанд орчуулагчаар ажиллаж байжээ. "Америк судлалын мэргэжилтэн" гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн тэрбээр Умард Солонгос, АНУ-ын хоорондын чухал асуудалд, ялангуяа цөмийн хэлэлцээрт олон удаа оролцож байжээ.

2022 оны 6-р сарын 11-нд өмнө нь Гадаад хэргийн дэд сайд, Пёньяны цөмийн асуудлаарх олон талт уулзалтуудад орчуулагч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан хатагтай Чой Сон Хи Умард Солонгосын Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. Тэрээр, Америк-Солонгосын дээд хэмжээний уулзалтын дөрвөн жилийн ойгоор Умард Солонгосын анхны эмэгтэй гадаад хэргийн сайд болов. Өмнөд Солонгост Кан Кюн Хваг анхны эмэгтэй гадаад хэргийн сайдаар томилсон, дэлхийн олонх улсад эмэгтэй гадаад хэргийн сайдуудтай болж байгааг Ким Жөн Ын анзаарч Умард Солонгосын улс төрийн элитүүдийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  хатагтай Чой Сон Хи-г гадаад хэргийн сайдаар томилсон байж магадгүй юм.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи, 05 сарын 08-ны өдөр БНХАУ-аас БНАСАУ-д шинээр томилогдсон Элчин сайд Ван Я Жүнтэй уулзалт хэлэлцээ хийж, дараа нь түүнтэй Кобангсан зочид буудал орчимд загасчлахаар явж, түүнийг угтсан хүлээн авалт зохион байгуулав. 05 сарын 7,8-ны өдрүүдэд Хятадын Далянь боомт хотод Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ын, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалт болсны таван жилийн ой тохиож байгааг Чой Сон Хи тэмдэглэж, тус хоёр орны харилцаа тасралтгүй гүнзгийрч, хөгжиж байгааг сайшаан тэмдэглэв. 2022 оны 10 сарын ХКН-ын 20 дугаар их хурлын дараа Ши Жиньпин даргатай биечлэн уулзсан хөрш орнуудын удирдагчдаас хамгийн сүүлд үлдэж буй удирдагчдын нэг нь Ким Жөн Ын байх магадлалтай бөгөөд хоёр улс аль аль нь дипломат үйл ажиллагаа идэвхжүүлж байна гэж харж байна.

Чой Сон Хи, уг хүнийг эдгээрээс дүгнэхэд тэрбээр тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгдөг болох нь харагдана. Эргэн сануулахад, Умард Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен хүртэл Монголд хоёр ч удаа айлчлахдаа, (1956.06.16-18, 1988.06.25-07.01) буюу 6 сарын дунд эсвэл сүүлээр айлчилж байсан бөгөөд Улаанбаатарт болох Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын энэ удаагийн уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон ач холбогдол, сонирхлыг татаж байна.

зураг
 

Харилцааны цаашдын төлөв

Царт тахлын дараах үеийн дэлхийн хөгжлийн тогтворгүй байдал, тодорхойгүй байдал байнга нэмэгдэж, Монгол болон БНАСАУ багтах Зүүн Хойд Ази сорилттой тулгарч байна.

2023 оны 03 сарын сүүлээр БНХАУ-аас БНАСАУ-д суух Элчин сайд Ван Яжүнийг БНАСАУ-ын хилээр нэвтрүүлэн хүлээж авсан болон ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнуудыг сэлгэн ажиллуулахыг Пёньян зөвшөөрсөн талаар мэдээлэл гарсныг харвал цаашид тус улсад суух ДТГ-ын бүрэлдэхүүн, Олон улсын байгууллагуудын ажилчид төлөөлөгчдийг өөрийн улсад шат дараатайгаар нэвтрүүлэх эхлэл байж магадгүй юм. Ингэснээр Монгол улс болон бусад орны Элчин сайдууд, дипломат ажилтнууд, Олон улсын байгууллагын төлөөллүүд БНАСАУ-д нэвтэрч, тус улстай харилцах олон улсын хамтын ажиллагаа цар тахлын дараагаар дахин сэргэх боломж бүрдэх магадгүй.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс батлан гаргасан тогтоолуудыг зөрчихгүйгээр түүхэн, уламжлалт найрсаг харилцаа, худалдаа эдийн засаг, боловсрол соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эргэн сэргээх нь хоёр улсын дипломат харилцаа үүссэний 75 жилийн ойг тохиолдуулан хийх чухал асуудлуудын нэг байж болох юм. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол, БНАСАУ-ууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Харилцан айлчлал хийх, ойг тэмдэглэх нь чухал.

Хятад улс жилдээ, Умард Солонгосоос 400 гаруй улсын зардлын тэтгэлэгтэй оюутан авдаг. 5000 гаруй оюутан суралцдаг талаар мэдээлсэн. Үүнээс харвал, Монгол Улс ч мөн Умард Солонгосоос хөдөө аж ахуй, инженер, монгол болон гадаад хэлний чиглэлээр суралцуулахаар жилдээ 100-200 оюутан, 5-10 жилдээ 500-1000 оюутан тэтгэлгээр хүлээн авах бүрэн бололцоотой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 75 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгосын хэдэн зуун оюутнуудад зориулсан Монголд сургах тэтгэлэг гаргах санаачилга гаргавал цаашдын хоёр талын харилцааг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэж судлаачийн зүгээс харж байна.

Англи хувилбар