Зураг
Зураг
Индэр    
2023 оны 4 сарын 28
Зураг
Сэтгүүлч

Малаа яаж маллахыг "маргаашаар" заалгах цаг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын хүн амын гуравны нэг буюу нэг сая 32 мянга гаруй хүн хөдөө орон нутагт амьдардаг.

Гэтэл улс төр, нийгмийн амьдралын голлох сэдвүүд нийслэлийн хэмжээнд яригдаж, хэвлэл мэдээлэл ч энэхэн хүрээндээ эргэлдэх нь бий. Товчхондоо, дуулиан шуугиантай асуудал үүсэхгүй л бол нийгмийн томоохон бүлэг болсон хөдөөгийн амьдралд тулгарч буй олон бэрхшээлийг хөндөж, анзаарах нь ховорджээ. Тийм ч учраас малчдын амьдралд тулгараад буй сорилт, сонголтын талаар цувралаар хүргэж байгаа билээ.

Малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн бүтцэд гарч буй сөрөг үр дагаврын тухай өмнөх нийтлэлийг эндээс уншина уу.

Харин энэ удаад малчдын амьдралын хэв маягт тулгарч буй сорилтыг хөндөх болно.

Гэр бүлийн аз жаргал гээгдэв

Сургуулийн насны хоёр хүүхэдтэй, дунд эргэм насны малчин эр “Бид хэд ч зунаас бусад улиралд ялгасан ухна хуц шиг л байдаг болсон” хэмээн ярьж байсан нь тоглоом наргиа биш амьдралын гашуун үнэн юм. Малчид хүүхдээ сургуульд сургахын тулд эхнэр нь төвд гэр барин хүүхдүүдээ харж, нөхрүүд нь малаа маллан үлдэнэ. Төв суурин газарт дотуур байрны хүрэлцээ муу, дээрээс нь бага ангийн хүүхдүүдийн бие даах чадварт тодорхой хэмжээнд өөрчлөлт орсон гэх мэт олон шалтгаан үүнд нөлөөлдөг аж.

Гэр бүл хэрнээ тусдаа амьдарна гэдэг ямар өөд байх билээ. Ийм нөхцөл байдал нь гэр бүлийн харилцаанд төвөгтэй, таагүй уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй малаа нэг мөр зараад төвийн айл болох, цаашлаад аймаг, хот руу чиглэсэн их нүүдлийн нэг шалтгаан ч болдог. Түүгээр ч зогсохгүй эхнэр, нөхрүүд үл ойлголцохоос эхлээд сөрөг үзэгдэл ч цөөнгүй гардаг гэх. Айл гэрийн аз жаргалтай амьдралд муугаар нөлөөлж буй ийм элдэвтэй хэв маягаас малчид өөрсдөө татгалзахын зэрэгцээ сум, орон нутгаас ч нийгмийн чанартай бодлого хэрэгжүүлж, оновчтой шийдэл олохыг хичээх хэрэгтэй. Бэрхшээл бүхэн боломж, шийдэл дагуулж байдагчлан энэ асуудал орон нутагт цөөн ч гэсэн ажлын байр бий болгох гарц байж ч болох юм.

Сумын төвд тогтмол оршин суудаг ажилгүй иргэдийг сургуулийн хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамруулж, үүрэг хариуцлагыг нь тодорхойлж, ажилтай орлоготой болгож яагаад болохгүй гэж. Өөр гарц, шийдэл ч эрэлхийлж болно. Ингэж нэг талдаа малчин гэр бүлүүдээ бүтэн бүлээн амьдралтай, нөгөө талдаа ажилгүйдлийг нааштайгаар шийдэх боломж бий.

График: Орон нутаг дахь 0-17 насны хүүхдүүд, аймаг, байршлаар

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Аргацаасан байдлаас ангижрахгүй бол...

Хөдөөд цаг үеийн өөрчлөлт, цаад наадахыг хэдийн ойлгоод мэдэрчихсэн, юмхнаар юм хийгээд амьдрал ахуйгаа өөд татаад ашиг, орлого нь байнга өсөж байдаг бузгай хөдөлмөрч хүмүүс олон. Харамсалтай нь, малчин нэртэй л болохоос уламжлал соёлоо ч аль эрт тавиад туучихсан, ууж идэх дуртай, ажил хөдөлмөрт хойрго, аргацаасан байдлаар хоног сарыг туулж яваа нь бүр ч олон. Тэгээд нөгөө л нэг “Хөдөө ажлын байр ч алга, зах зээл ч байхгүй” гэсэн зовлон тоочин сууна. Мөн хорвоо дээр “нэг бол хэдэн малаа бараадаж яваад дуусах, эс бол хот нүүх” гэсэн хоёрхон сонголт байдаг юм шиг ярина. Гэтэл үнэндээ малчид өөрсдөө сэргэлэн байвал амьдралаа өөрчлөх мянган боломж нээлттэй. Нэг үеэ бодвол дэд бүтэц, тээвэр логистик, харилцаа холбоо тодорхой түвшинд хөгжлөө. Ганцхан гар утсаа ашиглаад л хувь хүн өөрийгөө хангалттай хөгжүүлэх, хүссэнээ сурч мэдэх, цаашлаад бүх төрлийн бизнес эрхэлж, өөрийн гэсэн зах зээлийн сүлжээг бий болгох технологийн боломж бүрдчихсэн. Өөрөөр хэлбэл, өмнө тань түмэн сонголт нээлттэй байна. Түүнээс хамгийн сайн хийж чадах зүйлээ л сонго гэсэн үг. Үнэндээ “Малаа яаж маллахыг Марксизмаар заалгахгүй” гэх сэтгэлгээ хоцрогдоод байна шүү дээ.

Ажиллах хүчний оролцооны түвшнийг орон нутгийн хэмжээнд харвал дараах дүр зурагтай байна.

зураг
 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Орлогын бүтцээ солонгоруулах оновчтой шийдэл

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2022 оны байдлаар 13.1 хувь, үүнээс мал аж ахуйн салбар 11.9 хувь, газар тариалангийн салбар 1.1 хувь, ХАА-н бусад салбар 0.1 хувийг эзэлж байна. Экспортын орлогын 6 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж, нийт ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь энэ салбарт ажиллаж байгаа юм. Энэ бол ерөнхий тоон үзүүлэлт.

График: ДНБ-д ХАА-н салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Харин яг амьдрал дээр малчдын орлогын бүтэц маш ядмаг болчихсон гэхэд хилсдэхгүй. Намар аажуу идэшний цагаар махнаас, хавар ноолуураас голлох орлого нь орж ирдэг. Сарлаг олонтой Архангайг эс тооцвол бусад аймаг цагаан идээний орлого гэж сүйдтэй юм байхгүй. Цагаан сараар л ганц нэг үзэсгэлэн худалдаанд оролцсон болоод өнгөрдөг. Ийм тогтмол бус орлоготой учраас өрхийн хэрэгцээгээ хангахын тулд өр зээл тавьж, өнөө л аргацаасан байдлаар өдөр хоногийг өнгөрөөнө. Тиймээс малчид байнгын орлоготой байхын тулд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэх талаар санаачилгатай байх хэрэгтэй.

2022 оны байдлаар нийт малчдын 45.6 хувь нь буюу 139.2 мянган малчин зээлтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 18.7 мянгаар өссөн байна.

График: ЗЭЭЛТЭЙ МАЛЧИД, 2022 ОН, хувиар, насны бүлгээр

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Мэдээллийн технологи зах зээлийн судалгаа хийх, борлуулалтын сүлжээ үүсгэх боломж өнөө цагт хангалттай болжээ. Тэгэхээр хаана, юу үйлдвэрлэж, хэнд, яаж зарах, нийлүүлэх тал дээр жаахан мэдрэмжтэй хандвал болмоор. Цагаан идээний нэр төрлийг олшруулах, борц болон хатаамал махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өртөг харьцангуй бага хэрнээ зах зээлийн үнэлгээ өндөр байдаг. Энэ зэрэгт нүсэр тоног төхөөрөмж, үнэтэй технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй. Монголын эрүүл агаар, хөрс бүхий хөдөө нутаг өөрөө тэр үнэт технологи нь болдог. Урд хөршийнхөн манай борцыг яагаад тийм гойд амт чанартай байдгийг “Бэлчээрийн Монгол малын махны онцлогоос илүү эрүүл байгальд урь идүүлэх замаар боловсруулдагт энгийн хэрнээ энгүй нууц нь байна” гэж тайлбарласан байдаг.

Нөгөөтэйгүүр, “Монгол малчид бол зөвхөн малынхаа ашиг шимийг хүртэж амьдардаг тэнгэрлэг хүмүүс, газар хагалж ногоо цагаа тарьж доош орох шаардлагагүй” гэсэн хэвшмэл сэтгэлгээ одоо болтол амь бөхтэй оршиж байгаа нь харамсалтай. Жил ирэх бүр цөлжилт нэмэгдэж, бэлчээр хумигдаж, уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед малчид зөвхөн малын ашиг шим харах бус газар тариалангийн аж ахуй руу орох шаардлага бий боллоо. Зөвхөн төмс, хүнсний ногоо тариалахаас гадна жимс, нарийн ногооны өндөр үр ашигтай олон арван сонголт бий. Тоон мэдээллээс харвал манай улсын нийт өрхийн ердөө 2 орчим хувь нь тариалан эрхэлж байгаа нь чамлалттай дүн юм. Улсын хэмжээний нийт өрхөд тариалан эрхэлсэн өрхийн эзлэх хувь 2018-2019 онд 1.8-аас 1.6 хувь болж буурч байсан бол 2020-2022 онд 1.8-1.9 хувь болж өссөн байна.

График: Тариалан эрхэлсэн өрхийн тоо, нийт өрхөд эзлэх хувь

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Газар тариалан эрхэлсэн өрхийн тоо 2022 онд 17.7 мянга болж өмнөх оноос 1.6 хувиар өсөж, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1590 болж өмнөх оноос 1.5 хувиар буурсан байна.

График: Тариалан эрхэлсэн өрх, ААН

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Мал аж ахуйтай хосолсон хөдөө аж ахуйн өөр үйлдвэрлэл эрхлэх нь ирээдүйд яасхийж амьдардаг билээ хэмээн бодол болон суугаа малчдад байнгын ажлын байр, тогтмол орлого бий болгоод зогсохгүй өөрсдөө ажил олгогч болж өсөн дэвших, цаашлаад нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой гэдгийг ойлгох цаг болжээ. Түүнчлэн цаг зуурын хүндрэлтэй үед мал аж ахуйд нэн тустай. Товчхондоо, ган зуд болж өвс тэжээл ховордон үнэд орсон цагт хүний гар харалгүй өөрийн хэдэн малаа өөд татаж, өргөж тэнхрүүлэх боломж билээ.

Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхээс гадна үйлчилгээ гэж том салбар бий. Гэхдээ хорхог боодог, хуушуур бууз борлуулахаас илүүг сэтгэх нь чухал. Нүүдэлчин малчин соёлыг зөвхөн гаднынхан л сонирхдоггүй. Хөдөөгөөс хотод шилжиж суурьшсан хүмүүс ч, хотын унаган иргэд ч уламжлалт малчин ахуйдаа бүгд татагддаг. Үр хүүхдээ зуны ганц хоёр сар ч болов эрүүл агаар, сүү цагаанд ойртуулахыг л боддог. Эрэлт их бий. Энэ бүхэн мөн л үйлчилгээний том орон зай. Таван хошуу малаа тал хээр нутагтаа таниулан сурталчилдаг, уналга эдэлгээний аргыг сургадаг, уламжлал соёлоо мэдүүлдэг түмэн янзын үйлчилгээ байж болно. Хэнийх илүү сонирхолтой үйлчилгээ нэвтрүүлнэ тэднийх үйлчлүүлэгч олонтой байх нь тодорхой.

Эцэст нь, шинэ цагийн салхинд дасан зохицож амьдрах нь уламжлалаа устгаж, Монголоо алдаж байгаа хэрэг огт биш билээ. Харин ч манай нийгэмд хүссэн хүсээгүй бий болсон суурин ба нүүдэлчин малчин гэх иргэншлийн энэ өвөрмөц бүтэц бидэнд илүү сонирхолтой амьдрах сэжүүр болж байна бус уу. Хот, хөдөөгийн иргэд бие биеэ өөнтөглөн муулж, өөлж гоочилж суух бус өөд өөдөөсөө гараа тосож, өөр хоорондоо сүлэлдэн хөгжих сайхан харгуйн эхлэл буюу.