-Улсын хэмжээнд 10,000 хүн тутамд дунджаар 108 эмнэлгийн ор ногдож байна-
Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс хүүхдүүд эмнэлгийн зааланд гудас дэвсээд хэвтдэг эмзэглэм дүр зураг жил бүрийн томуугийн дэгдэлтийн үед гарч ирдэг.
Статистик мэдээллээр манай улс эмнэлгийн орны тоогоороо дэлхийд харьцангуй дээгүүрт жагсдаг ч зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүст тэр дундаа хүүхдүүдэд ор хүрэлцдэггүй шалтгаан юу вэ?
ҮСХ-ны мэдээлэлд дурдсанаар, улсын хэмжээнд эмнэлгийн орны тоо 35.3 мянга хүрч, 2011 оноос 86.2 хувиар, өмнөх оноос 30.4 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл эмнэлгийн орны тоо сүүлийн 10 жилд тогтмол өссөн байна. Улсын хэмжээнд 10,000 хүн тутамд дунджаар 108 ор ногдож байгаа бөгөөд хөдөө орон нутгийн хэмжээнд дунджаар 113.3, харин Улаанбаатарын хотын хувьд 100.9 байна.
Аймгуудад нийт 5,939 ор ашиглагдаж байгаа нь нийт орны 21.9 хувийг эзлэх дүн юм. Хамгийн их ортой эмнэлэг Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг бол хамгийн бага ортой эмнэлэг нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг юм байна.
Хүүхдүүд ямар шалтгаанаар эмнэлгийн зааланд хэвтэх нөхцөл байдал үүсэж байгаа талаар салбарын яам, Эмнэлгийн тусламжийн газар болон өрх, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-өөс тодруулахад хүйтний улиралд томуугийн өвчлөл эрс нэмэгдэж, эмнэлгүүд огцом ачаалалтай болдог талаар учирлаж байлаа.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Ө.Айгиймаа “Монгол Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд орны тоо хангалттай байдаг. Сүүлийн жилүүдэд насанд хүрэгчдийн орыг хүүхдийн ор руу шилжүүлээд дадал болчихлоо. Манай эмнэлгийн хувьд нийт 358 ортой, үүнээс 130 нь хүүхдийн ор.
Ид ачаалалтай үедээ хүүхдийн орыг 230 хүргэж нэмэгдүүлдэг. Оргил ачааллын үе жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын эхний долоо хоног хүртэл үргэлжилдэг. Хэвтэн эмчлүүлж буй 40-50 хүн байлаа гэж бодоход шууд 150 хүрдэг. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг оргүй гэх шалтгаанаар аль болох буцаадаггүй. 2020, 2021 онд томуу, хатгалгааны улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал харьцангуй буурсан.
Учир нь иргэд амны хаалт тогтмол зүүж, энэ нь томуугийн дэгдэлт буурахад ч нөлөөллөө. Харин 2022 оны гуравдугаар сараас томуугийн тархалт тогтмол өндөр түвшинд байна. Манай эмнэлгийн яаралтай тусламжаар жилд 80 мянга орчим хүн тусламж үйлчилгээ авдаг. Үүнээс 20 гаруй мянга нь хэвтэн эмчлүүлдэг бөгөөд насанд хүрсэн хүн болон хүүхдийн харьцаа 50, 50 хувь буюу ижил түвшинд байдаг. Зуны улиралд хүүхдийн өвчлөл огцом буурч тэр хэрээрээ хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч цөөрдөг” гэсэн юм.
Үүнээс гадна, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хувьд 2022 онд өмнөх онтой нь харьцуулахад хэвтэн эмчлүүлэгчид 29 орчим хувиар өссөн байна. Тодруулбал, цар тахлын тохиолдлын тоо буурснаас гадна бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн байдлыг сулруулснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, өмнөх онуудын түвшинд хүрч байгааг дурдсан юм.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн мэдээлэлд дурдсанаар, улсын хэмжээнд ажиллаж буй эмнэлгийн орны 25.8 хувийг халдвартын, 23.2 хувийг дотрын тусламж үйлчилгээний, 10.6 хувийг хүүхдийн эмчилгээний, 7.6 хувийг мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээний ор эзэлж байна. Эмнэлгийн нийт орны 81 хувь нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад, 19 хувь нь хувийн хэвшлийн эмнэлэгт хамаарч байгаа аж.
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын судалгаанаас харахад ЭМДС-аас гарч байгаа мөнгөний тодорхой хувь нь “шаардлагагүй хэвтэлт”-д зарцуулагддаг аж. Хавар эсвэл намар эмнэлэгт хэвтэж ядаргаагаа тайлна гэж ярих хүмүүс цөөнгүй. Үүнийг “шаардлагагүй хэвтэлт” гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл сувиллын үйлчилгээг эмнэлгээс авч байна гэсэн үг юм.
Энэ талаар Эрүүл Мэндийн сайд С.Чинзориг “Шаардлагагүй хэвтэлт” нь эрүүл мэндийн салбарын нөөцийг үр ашиггүй зарцуулдаг томоохон хүчин зүйлийн нэг, үүнээс зайлсхийх бодлогыг улс орон бүр барьж байна хэмээн онцолсон юм. Мөн тэрээр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг иргэн өөрөө тодорхойлох боломжгүй учраас эрүүл мэндийн байгууллага шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээ эм санал болгох замаар орлогоо нэмэгдүүлдэг зах зээлийн гажуудал дэлхийн улс орнуудад ажиглагддаг. Энэ үзэгдэл манай орны хувьд ч ажиглагддаг бөгөөд үүний томоохон жишээ нь “шаардлагагүй хэвтэлт” гэсэн юм.
"Шаардлагагүй хэвтэлт"-ийн оронд уг өвчнийг өдрөөр, эсвэл гэрээр эмчилснээр эрүүл мэндийн даатгалын сангийн нөөц ашиглалтыг 40 хувиар бууруулах боломжтой аж.
Эрүүл мэндийн даатгалын сангийн үзүүлэлтээс харахад, 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудад амбулаторийн тусламж, үйлчилгээнд зориулж 96.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд нийт 324.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тэр дундаа 0-19 болон 65-аас дээш насны даатгуулагчдад үзүүлсэн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 107.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь бусад насны бүлгээс хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа юм.
Түүнчлэн салбарын нийт зардал 2021 онд 559.1 тэрбум төгрөг хүрч өмнөх оноосоо 29 хувиар буурсан байна. Харин улсын төсвийн зардалд эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 3.6 хувь болжээ. Мөн нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 2021 оны байдлаар 170.3 мянган төгрөг байгаа нь өмнөх оноос 30.2 хувиар буурсан үзүүлэлт ажээ.