Монгол түмний язгуурын соёл, уламжлал болсон нүүдэлчин-малчин өрхийн хүн ам зүйн бүтцэд сүүлийн жилүүдэд ноцтой өөрчлөлт гарах боллоо.
Тодруулбал, малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, залуу малчдын дунд эрэгтэйчүүд давамгайлж байна. Хөдөө, орон нутагт гэр бүл төлөвлөлт орхигдож байгааг сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд нотолж, онцгой анхаарах асуудал болсныг судлаачид сануулж байгаа юм. Малчин гэр бүлүүд охидоо багаас нь эрдэм номын мөр хөөлгөж, хөвгүүдээ малын зах бараадуулдаг хүйсийн ялгавартай хэвшмэл хандлага нь яв явсаар өнөөдрийн сөрөг үр дагаварт хүргэсэн гэхэд хилсдэхгүй.
Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш эрчимтэй нэмэгдэж, эрэгтэйчүүд давамгайлахаас гадна залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгаанаас харж болно.
График 1. Малчдын насны бүтэц (хувиар)
Өөрөөр хэлбэл, нутаг усандаа гал голомтоо бадраагаад айл орон болж, уламжлалт мал ахуйгаа эрхэлж буй залуу гэр бүлийн тоо цөөрсөөр байна гэсэн үг. Охид нь багаасаа сургууль соёлын мөр хөөж, боломжийн түвшинд боловсрол эзэмшиж байгаа учраас эргээд малчин залуустайгаа гэр бүл болох нь ховор. Хөвгүүд нь тэр хэрээр боловсролын түвшин доогуур байх тул тийм амар гэрлэж чаддаггүй. Ийм л бодит зовлон байгаа.
18-34 насны малчдын боловсролын түвшний хувьд:
Энэ үзүүлэлтийг бүр нарийвчилж харвал 18-34 насны эрэгтэй малчдын малчдын 45.2 хувь нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байхад эмэгтэйчүүдийнх 58.5 хувь байгаа юм.
График 2. Боловсролын түвшин ахих тутам хөдөөгийн хөвгүүдийн сургуульд хамрагдалтын болон боловсрол эзэмшилтийн хувь буурч байна
Статистик мэдээллээр манай улсад 2022 оны байдлаар нийт хүн амын 19.9 хувь буюу 677.5 мянган хүн малчин өрхөд амьдарч байна. Энэ дундаа 305.1 мянга нь малчид. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг юм. Нийт малчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй.
График 3. Тухайн насны бүлгийн малчдад, эмэгтэйчүүдийн эзлэх хувь
2022 онд улсын хэмжээнд 17.5 мянган хос гэрлэлтээ шинээр бүртгүүлжээ. Үүнээс 77 хувь нь Улаанбаатар хотод, 23 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутагт дахь гэрлэлтийн бүртгэл сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол буурчээ. Тодруулбал, 2022 онд гэрлэлтээ бүртгүүлсэн хосын тоо 2018 оноос 30.6 хувиар буурсан байна.
График 4. Гэрлэлтээ бүртгүүлсэн хос Улаанбаатар ба хөдөө, орон нутагт
Хөдөөд энэ байдал илүү олон жил үргэлжлэх нь наанадаж хүн амын бүтэц өөрчлөгдөж, насжилт нэмэгдэхээс гадна боловсролын тэгш бус байдал газар авах, амьдралын чанар доройтох, хөдөө орон нутаг эзэнгүй болох эрсдэлтэй юм.