Индэр    
2022 оны 7 сарын 20
Зураг
Эдийн засагч, шинжээч

Тахил өргөхгүй бол болохоо байлаа

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө ган болоход, нар хиртэхэд хүмүүс байгалийг аргадаж байна гээд тахил өргөдөг байлаа.

Азаар өнөөх нь байгалийн үзэгдэл юм хойно хэвийн байдалдаа эргэж ороход тахилын ид шид сая гарлаа гэж баярлацгаадаг байв.

Ковидоос өмнөх үед Монголын улс төрд биенээ туг тахих, тахил өргөх ёслол ихээр хийгддэг байв. Ойрд энэ ёслол энэ тэрээ хийхгүй болчихжээ. Хэрвээ хийхгүй бол Хойд Солонгос шиг бүх зүйл болж байгаа мэт харагдуулаад байх юм.

Монголчууд хуушуур, айраг, Хятадын тоглоом гуравтай л наадлаа. Харин төрийн түшээд, сэтгүүлч, олны танил хүмүүс тусгай наадам хийжээ. Яагаад тэднийг урьдаг нь ч ойлгомжтой. Энэ их үнийн өсөлт, эдийн засгийн уналт, ядуурлыг ярих ёстой, хэлэх ёстой бүх хүмүүсийг нь тэнд урьчихжээ. Тэд ам нээхгүй. Одоо бол сошиалаар, хэвлэлээр, телевизээр бүх зүйл сайхан болж байгаа мэт яриад л байна.

Гэтэл мань мэт өөрийнхөө амьдрал руу өнгийхөөр сайхан ч болоод байгаа юм түй ч алга.

Саяхан АИ92-г өсгөсөнгүй гэнэ. Тэгээд нөгөө хоёрыг нь өсгөхөөр ХАА, Уул уурхайд ашигладаг түлш чинь намар ногоон дээр, өвөл нүүрсэн дээр үнэ нь нэмэгдээд ороод ирдэг юм байгаа биз дээ. Тэрийгээ их аятайхан тайлбарлаад байгаа юм. Намар, өвөл горийг нь амсах нь гарцаагүй.

Монголбанк болохоор инфляц 16 хувь гэж ярьж л байна. Яах вэ ингэж ярих нь буруу биш. Гэхдээ 2021 онд 70 хувь өссөн, 2022 онд 10 хувь өссөн барааг бид хямд байна гэж хэлж болохгүй биз дээ. Тэгэхээр сэтгүүлчид минь хоёр жилээр инфляц яриад өгвөл зохилтой. Тэр дундаа импортын инфляц гэж айхтар юм яриад байх юм. Тэр чинь тээвэрлэлтийн зардал, хадгалалтын зардал болон гаалийн хахууль нтр шингэсэн үнэ байлгүй дээ бодвол ...

Аан тийм, нэмээд ханшийн өөрчлөлт тооцоход импортын бараа эцсийн хэрэглэгч дээр хэд нугарах нь гарцаагүй. Үнийн өсөлтийг хэдэн хөгжингүй улс орнуудтай харьцуулаад яах вэ дээ. Тэд нар чинь угаасаа дотроо юмаа хийгээд идээд, уучихдаг улс. Манайх тийм биш шүү дээ. Цэвэр хэрэглэгч, худалдааны эдийн засаг. Худалдаа гэдэг чинь дамлана л гэсэн үг.

Хямралын үед архидалт нэмэгддэг гэдэг. Сая бол наадмын амралт биш наадмын архидалт л байлаа. Хүн бүр стресстэй, хүнд хэцүү аж байдлаа хатуу юмаар дарж байна. Манай төрийн түшээд ч бас хатуу юм хэрэглэхээс аргагүй байдалд хүрчээ. Ер нь та хэдэд минь гарц байна уу, лам руу гүйж байгаад хилээ хаалгуулчихсан. Эргээд хангалттай нээж чаддаггүй. Сонгууль нь эхлэх гээд байдаг. Юу ч хийгээгүй байдаг. Хийе гэвч мөнгө байхгүй, дотроо олон ашиг сонирхолтой болохоор ажил ч явахгүй. Ганц төмөр зам тавьсан өнөөх нь өргөн, нарийн царигаасаа болоод гацчихсан.

Шинэ сэргэлт нь согтуу сэрэлт л болсон хоног өдрүүд өнгөрч байна.

Тахил өргөхгүй бол болохоо байлаа шүү та хэд минь... 2024 онд горьдолтгүй шүү.