Индэр    
2022 оны 5 сарын 5
Зураг
Эдийн засагч, шинжээч

Банкны IPO-д нэг учир ургалаа шүү

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Банкийг олон нийтийнх болгох хугацааг хойшлуулъя гэж байна. Нэг л учир ургачихлаа шүү. Чухам ямар ашиг сонирхол хөндөгдөөд энэ бүхэн ийм байдалд хүрчхэв?

Монголд яг нэг юм болж бүтэхийн даваан дээр болохоо байчихдаг. Бүр хоёр тал тохиролцчихсон байхад ч гуравдагч этгээд орж ирээд самарчихдаг. Тэгээд бодож үзэв. Энд яг ямар төлөөллүүд оролцоод байна вэ?

Хөрөнгийн захын төлөөлөл бэлэн: Койн руу наад зах нь 2 их наяд төгрөг эргэлдэж, хүмүүс ихэнх нь мөнгөө алдахад манай ТӨР хаана байсан бэ? Гэтэл банкнуудын эхний IPO-ийн 600 тэрбум төгрөг гэдэг бол хангалттай босчихоор мөнгө шүү.

Өнөөдөр Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо гээд бүх мэргэжлийн байгууллагууд нь дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Банкийг худалдаж авах мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд ч байна. Хувь хөрөнгө оруулагч нар ч байна. Наад зах нь банкны хадгаламж дээр инфляцад идүүлчихсэн 7 хувийн өгөөжтэй 18 их наяд төгрөг хэвтэж байна. Банкны эзэн болчихвол 20 хувийн өгөөжтэй болно(Банкнуудын тайлан дээр өөрийн хөрөнгийн өгөөж 15-20 хувь байна). Монголчууд ашигтай компаниудаа нээлттэй болгож, баялгийн тэгш хуваарилалт хийж, ард түмэнтэйгээ хамт үр ашгийг нь хүртэх боломжийн өмнө ирээд байна. Өөрөөр хэлбэл, бидний олон жил бэлэн биш гэж ярьсан худалдан авагч тал бэлэн.  

Банкууд бэлэн бас гайхсан байдалтай.

Банкны нэг зовлон бий. Мэргэжлийн байдлаа хадгалаад дуу хоолойгоо хангалттай илэрхийлж чаддаггүй. Гэтэл гэнэт хуулийн хугацааг сунгах асуудал гарч ирсэн. Зардал гаргачихсан банкнууд гайхсан байдалтай. Банкууд хуулийн дагуу бүх шаардлагаа хангаад IPO хийхээр төлөвлөөд явж байна. Өнгөрсөн жил орчим хугацаанд маш их зардал гаргаж энэ бүгдэд бэлтгэсэн.

Голомт банк НЭЭЛТТЭЙ БАНК гэж зах зээлд өөрийгөө зарлаж, Хаан банк дахин БРЕНДИНГ хийж, Хас банк хөрөнгө оруулагчийн ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ нээлээ. Он гарсаар форум бүр дээр банкууд оролцлоо. Банкууд бэлэн. Гэвч гайхсан байдалтай.

Монголбанк хоёр иртэй хутга мэт. Монголбанкнаас хоёр салаа утгатай мэдэгдэл хийх юм. Олон нийтийн нэвтрүүлгээр орохдоо банкны IPO-ийг болно бүтнэ гэсэн атлаа маргааш нь Байнгын хороон дээр банкны IPO-ийн хугацааг нь сунгах хүсэлтэйгээ мэдэгдээд явж байна. Яг ямар зорилготой байгаа нь ер ойлгомжгүй. Гол санаа нь зээлийн багцын чанар дээр асуудал байгаа гэнэ. ОУВС-аас 2017 онд зээлийн чанарын үнэлгээ хийсэн ч дахин 5 жил хийсэнгүй. Үнэндээ Монголбанкны 88 журмаар банкны үйл ажиллагааг зохицуулж, Монголбанк зээл дээр зайны болон газрын үнэлгээг хийдэг. Түүнчлэн аудитын дэлхийн топ 4 компани банкуудын тайланг шалгадаг. Ийм атал Монголбанк өөртөө итгэдэггүй, ОУВС-д л итгэдэг хэрэг үү? Ердөө л шалтаглаж байгаа болов уу. Бид хэзээ л нэг ОУВС-ын үг авдаг байлаа. Зүгээр л шалтаглаж байгаа нь тэр.

Төрийн байр суурь тодорхойгүй. Байнгын хорооноос Засгийн газарт үүрэг өгсөн. Тиймээс Засгийн газраас банкны IPO-той холбоотой саналыг УИХ-д оруулна. Эцсийн шийдвэр их хурал дээр гарна. Тэдний байр суурь ямар байгааг таашгүй. Саяхан хөгжлийн банкны хээл хахуулиас салж чадаагүй эрх баригчдад нууж хаах зүйл байгаа юу? Төрийн мэдэлтэй банкнуудын тоо хуруу дарам бий. Тэнд ч асуудал байхыг үгүйсгэхгүй.

Юутай ч монголчууд өөрсдөө “Баялагтаа эзэн Монгол” баймаар байна шүү. Баялагтаа эзэн байхын эхлэл нь Банкны эзэн болохоос эхэлнэ.